Яг одоо цаг үеийн хамгийн шилдэг довтолгооны хослолыг нэрлэ гэвэл өндөр үнэтэй гэдэг утгаараа Роналдо Бэйл, Мэсси Нэймар нарыг гэх болов уу. Гэхдээ энэ улиралд үзүүлж буй форм, хоорондын ойлголцол, оруулсан гоолын тоо, дамжуулалтаараа дэлхийн хамгийн үнэтэй хослолуудыг тоосондоо булж буй “duo” бол Ливэрпүүлийн SAS хослол билээ.
Зөвхөн Луис Суарэз, Даниэл Старриж хамтдаа одоогоор Европын ТОП5 лигийн нийт 75 багаас илүү тооны гоол оруулсан гэдгийг статистик гэрчилнэ. Тэгвэл та бүхэнд Даниэл Старрижтай холбоотой нэгэн сонирхолтой статистикыг хүргэе.
SAS хослолын нэг жигүүр болох Даниэл Старриж нь 2013 оны Нэгдүгээр сард Ливэрпүүлд газардсан. Тэрээр Ливэрпүүл дэх эхний хагас улиралдаа лигийн 14 тоглолтонд оролцож 10 гоолыг оруулаад амжсан. Харин тэрээр энэ улиралд одоогийн байдлаар 23 тоглолтонд оролцож 20 гоол оруулчихаад байгаа билээ.
Старриж энэ улиралд багагүй рекорд амжилтуудыг шинэчлээд байгаа бөгөөд үүний нэг нь лигт хамгийн хурдан 20 гоол оруулсан Фэрнандо Торрэсийн амжилтыг эвдсэн явдал болсон. Харин тэрээр мөн л 30 гоолыг хамгийн богино хугацаанд оруулсан тоглогч болжээ. Өөрөөр хэлбэл Ливэрпүүлийн 120 гаруй жилийн түүхэн дэх лигт хамгийн хурдан 30 гоол оруулсан рекордыг Даниэл Старриж эзэмшихээр болсон байна.
Ливэрпүүлд ирсэн даруйдаа хөлбөмбөгийн ертөнцөд өөрийгөө шинээр нээн таниулж чадсан Даниэлийг цаашид ч олон дээд амжилтууд хүлээж буй биз ээ. Улирлын төгсгөлд Даниэл Старрижийн тухай сонирхолтой нийтлэлийг хүргэх тул энд хүрээд өндөрлөе.
Б.Бадруул ливерпүүлфс.мн