“Эрх танхай нүргэлээн”, “Ужид цэнгэлийн манан”, “Үлэмж сэтгэлийн тусын тулд”, “Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв”, “Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, “Монголын цуутай нударган тулаанчид” зэрэг сонирхолтой номуудаараа уншигчдыг ямагт байлдан дагуулсаар ирсэн зохиолч Б.Ойдов саяхан “Хурд” хамтлагийн алтан пянзыг гардаж авчээ. Америкт тавьхан ширхэг хэвлэгдсэн энэхүү алтан пянз хэн хүний гарт очихооргүй ховор нандин эд юмсанж. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бэлэг болж очоод байгаа уг пянз өнгөрөгч гуравдугаар сард болсон “Хурд” хамтлагийн тайлан тоглолтон дээр дуудлага худалдаагаар орж таван сая төгрөгийн ханш тогтоосон билээ. Зохиолч Б.Ойдов энэхүү алтан пянзыг гардаж авсны учир нь “Хурд” хамтлагтай олон жил хамтран ажиллаж байгаа төдийгүй тус хамтлагийн урын санд орсон хорь орчим дууны үгийг бичжээ. Мөн тэрбээр “Хурд” хамтлагийн хорин жилийн ойд зориулж “Хурд-20 жил” хэмээх зузаан номыг туурвисан юмсанж. Дашрамд хэлэхэд Б.Ойдовыг алтан пянз гардаж авсанд үзэг нэгт нөхөд нь бяцхан егөөдөөд авсан байна. Б.Ойдов одоогоос хэдэн жилийн өмнө Монголд ганцхан ширхэг байдаг Р.Чойномын нүүрний хэвийг Өвөр Монгол руу гарах гэж байхад нь зуун мянган төгрөгөөр худалдаж аваад гурван жилийн дараа Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” санд нэг сая төгрөгөөр худалдчихсан зайтай эр юм байх. Тиймээс нөхөд нь “Энэ алтан пянз Ойдовд удахгүй дээ, удахгүй. Цаадах чинь хоёр гурван жилийн дараа таван сая төгрөгөөр зарчихаа муухан мэдэх байлгүй. Юмыг үнэд хүргэхдээ гаргууд нөхөр байгаа юм” гэж егөөдөж сууна.
Санал болгох мэдээ
Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …