Өнөөдрөөс ГИХАЭГ шинэ нэр, бүтцээр ажиллаж эхэллээ

dМанай улс дэлхийн бусад орнуудтай улс төр, эдийн засгийн салбарт хамтран ажиллахаас гадна ард түмний элэгсэг дотно нөхөрлөлөөр  гадаад харилцаагаа  улам өргөжүүлж буйн бодит илрэл нь жилд дунджаар гадаад дотоодын  4.5 сая гаруй  зорчигч манай улсын хилээр нэвтэрч байгаа тоон үзүүлэлт юм.

Тиймээс хилийн чанадад зорчиж буй өөрийн орны иргэд, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж, энэхүү шилжилт хөдөлгөөний дүнд улс орны эдийн засаг, хөгжил цэцэглэлтэд эерэг өөрчлөлт авчрах боломж нээгдэж байна.

Монгол Улсын Засгийн Газар нь шинэчлэлийн бодлогын хүрээнд хууль зүйн салбарт Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын  хууль эрх зүйн орчныг сайжруулж, орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээ, эдгээрт тавигдах хяналтын тогтоолцоог  боловсронгуй болгохоор шинэчлэлийг эхлүүлээд байна.

УИХ-ын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг баталж тус хууль 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр

Хууль хэрэгжснээр хилийн боомтыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бий болохоос гадна хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг Боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах боломж бүрдлээ.

Мөн хилийн боомтод хийгдэж буй хяналт шалгалт чанаржин, хяналтын байгууллагуудын чиг үүргийн давхардал арилж, ажлын уялдаа холбоо бэхжиж, албан хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа сайжрах юм.

Хууль хэрэгжиж эхэлснээр шинээр байгуулагдаж буй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээж байна.

Мөн Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих боломж бий боллоо.

Шинээр байгуулагдаж буй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь төвд төвлөрсөн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулахад ихээхэн анхаарч бүсчилсэн байдлаар бүтэц зохион байгуулалтыг хийлээ.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь 600 гаруй алба хаагчтайгаар баруун, зүүн, өмнөд, хойд бүс, Буянт-Ухаа, Сэлэнгэ, Дорноговь аймагт бие даасан газрууд байгуулан иргэдэд үйлчилж байна.

–    Ерөнхий газар
–    Буянт-Ухаа дахь газар
–    Дорноговь аймаг дахь газар
–    Сэлэнгэ аймаг дахь газар /Сэлэнгэ, Дархан-Уул/
–    Зүүн бүс дэх газар /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/
–    Өмнөд бүс дэх газар /Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр/
–    Баруун бүс дэх газар /Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай/
–    Хойд бүс дэх газар /Хөвсгөл, Орхон, Архангай, Булган/

ИХШХЕГ нь  хүний эрх, эрх чөлөө, үндэсний эрх ашгийг дээдэлж, олон улсын жишигт хүрсэн нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг явуулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.Хүний эрхийг дээдэлсэн нэгэн зорилготой хамт олон  иргэн таны өмнө :

–    Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж бүртгэлийн нэгдсэн сан байгуулах
–    Монгол Улсын иргэний харьяалалтай холбоотой хүсэлтийг хүлээн авч холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх
–    Гадаадын иргэдийг Монгол улсын хилээр нэвтэрснээс эхлээд буцаж гарах хүртэл хяналт тавих
–    Гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэх
–    Монгол Улсад зорчих гадаадын иргэнд виз олгох  үүргийг тус тус хүлээнэ.

ИХШХЕГ-ын цахим шинэтгэл :
Тус байгууллага нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем байгуулах зорилгоор “Э-иммигрэйшн” төслийг 2016 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байна.

Төсөл хэрэгжснээр олон улсын түвшинд хүрсэн техник технологи ашиглаж улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, улмаар гадаадын иргэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг онлайнаар авах боломж бүрдэх юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …