Н.Нацагням: Энэ засаглалыг Англид аваачвал гурван сар ч болохгүй дэлбэрнэ

Төрийн соёрхолт инженер Н.Нацагнямтай ярилцлаа. Өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөсөн Монголын эдийн засгийн чуулганы хамгийн идэвхтэй, эсэргүү төлөөлөгчийн нэг байж, “Яам, агентлагууд юу ч битгий хий” хэмээн шүүмжилсэн түүнтэй инженерчлэл, математикийн аргачлалаар засаглалын бүтцийг дүгнэсэн яриа өрнүүлсэн юм.

-“Үндэсний брэнд”-ийн тухай яригдаж буй эдийн засгийн чуулган дээр засаглалын асуудлыг хөндөж байгаа чинь их сонирхол татлаа?

-Капиталист орнуудыг харахад эхлээд бүх зүйл чөлөөтэй, замбараагүй явж байгаад сүүлдээ цэгцэрсээр коммунист хэв маяг руу орж буй 100 жилийн түүх байна. Манай төрийн удирдлагууд Герман, Англид оччихоод “Бүх зүйлээ дээрээс нь барьж байдаг юм байна” гэж гайхаж байна шүү дээ. Коммунист нийгэмтэй бараг ялгаа алга. Нэг ялгаатай зүйл нь яамны хийдэг ажлыг хувийн компани хийдэг. Ардын хянан шалгах хорооны оронд brandname нь өөрөө өөрсдийгөө шалгадаг. Бүтээгдэхүүн нь жижигхэн алдаатай, сэтэрхийтэй байлаа гэхэд худалдаанд гаргалгүй хаядаг. Ингэхгүй бол зах зээл дээрх монополь эрхээ алдана шүү дээ. Монгополь нь ч байдаг, чөлөөт өрсөлдөөн нь ч байдаг. Монополийг задалдаг механизм нь байна, монополиор хөгжүүлдэг инженерийн үйлдвэрлэл нь ч байна. Гар утасны үйлдвэрлэл нь монополь, гар утасны үйлчилгээ үзүүлдэг операторууд нь харин монополь байж болдоггүй. Англид эрчим хүчний үнэ дээр ч нэг компанийнхаа үнийг барьж байна. Жишээ нь, манайд монополийг задалдаг энэ аргыг ашигласан. Үүнийг анх 2003 онд ирээд хэлэхэд гайхаж байсан. Ингээд Мобикомын үнийг нь бариад, бусад операторуудыг нь чөлөөтэй тавихад хэрэглэгчид автоматаар өөр өөр компаниуд руу хуваагдан урсаж байгаа юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд бүх монополь захиалгыг нь өгч байж босгож ирдэг. Английн “English Electric” компани улсынхаа бүх усан онгоц, танк, нисэх онгоц, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хийдэг. Ганцхан компани бүгдийг нь хийдэг гээд бод доо. Тэр нь ашигтай болоод тэр. Инженерийн мэдлэгийг бүх газарт ашиглаж болдог, нэг лабораторийг санхүүжүүлээд тэр нь Английн бүхий л чухал хэрэгцээг захиалгаар хийж байна.

-Та яагаад төрийн яамдыг юу ч хийхгүй байж байгаач гэж хэлэх болов?

-Яагаад гэвэл яам агентлагуудын хийж байгаа бүхэн нь буруудаж байна. Бүх яам дээр очоод тагнуулдаад үз. Ашигтай төсөл байна уу гэдгийг нь. Дандаа үр дүнгүй, хоосон, мөнгө угаасан, салхинд цацсан байдаг байхгүй юу. Нэг зүйлийг солиод, дараа нь болохгүй бол өөр нэг зүйлээр сольж тавьдаг, дахиад авч эхнийхээ зүйлийг тавьдаг л зүйл хийдэг. Яагаад гэвэл төр хэзээ ч инженерийн мэдлэгтэй байсан нь дэлхийн түүхэнд байгаагүй. Монголчуудын сэтгэхүйд таарсан нэг хүний засаглалдаа дасчихаад түүнээсээ салж чадахгүй байна. Капиталист нийгмийн давуу тал гэвэл яамдын хийдэг зүйлийг хувийн компаниуд хийдэг явдал. Нэг хэсэг Маргарет Тетчер, Горбачев хоёрын сүрхий найзалсан баримтат кино хүртэл гарлаа шүү дээ. Горбачев өрөөндөө оруулж, бүх зүйлээ танилцуулаад л, ширээн дээр нь овоорсон их ажил. Бүр эмэгтэй хүний дотуур хувцасны загвар дээр хүртэл гарын үсгээ зурж баталж байсан гэдэг. Бүх эдийн засгийг нуруундаа үүрч явсан түүх нь тэр. Харин дараа нь Тетчерийн ажил дээр очиход ширээн дээр нь үзэг цаас ч байгаагүй гэдэг. Тетчер бол юу ч хийдэггүй, ажилгүй авгай байсан. Харин улсынх нь эдийн засаг автоматаар хөгжөөд л байдаг. Учир нь, лордууд эдийн засгаа авч явдаг, эзэн хаад нь өөрсдийнхөө бизнесийг хамгаалсан хуулиа батлаад явдаг. Лордийн танхим бол ард түмнээс сонгогддоггүй. Харин доод танхим буюу Common house-ийнхныг “терминатор”-ууд гэдэг. Утгаар нь харвал “борчуудын танхим” ч гэсэн болно. Тэд хууль гаргадаггүй, халамж тараагаад л сууж байдаг. Ингээд хоёр нам нь ижилхэн характертай болчихсон байдаг. Барууны, зүүний нам гэдэг ч яг үнэндээ адилхан л байхгүй юу. Байгалийн хууль хаана ч адилхан. Монголчууд ч өнөөдөр сонгуульд гарч ирэхийн тулд нам ялгарахгүйгээр халамж амлаж байна. Халамж тарааж байж л гарч ирдэг, ингээд эдийн засгаа сүйрүүлчих гээд байдаг. Ирээдүйгээсээ зээлсэн, хасах баланстай. Гудамжнаас сонгогдсон нөхдөөс хэзээ ч ухаалаг инженерчлэлийн сэтгэхүйтэй байхыг хүсэх боломжгүй л байхгүй юу. Одоо харахад цүнх барьсан тэнэгүүд л төрд их томорчихсон явцгааж байна. Терминаторууд бүтээн байгуулалт хийж байсан түүх дэлхийд байхгүй. Одоо ардчилсан засаглалыг сайн ойлгож мэдэхгүйгээс болж дэлхийн тэн хагас, зүүн Европ, Монгол гээд орнууд дампуурч байна. Дампуурч, ядуурахаар нацизм үүсдэг. Нацизмаас болж дайн гардаг. Дэлхийн 1, 2 дугаар дайн гарч байсан түүх давтагдаж, гуравдугаар дайн нь гарахад бэлэн болчихсон байна. Монголд нацизм байна, Орост байна, Польшид байна.

-Монгол Улсын хувьд яах ёстой вэ?

-Миний харахад хоёр сонголт байх шиг байна. Гаднаас нь харахад задгай мэт засаглалтай, дотроо нэг хүний удирдлаган дор Сингапур шиг хамелеон засаглалтай байж болно. Дотоод асуудлыг нэг хүн л шийддэг гэсэн үг. Эсвэл лордийн засаглалд орох. Сүүлийн хорин жилд Монголд хоёр том намын гучаад хүн л төр барьж байна шүү дээ. Англид Консерватив болон Хөдөлмөрийн нам засгийн эрхийг барьж байгаатай яг адил. Тэд ард түмний өмнө хэрэлдэж зодолдоод, хөшигний цаана тэврэлдээд үнсэлцдэг. Систем нь адилхан юм чинь байгалийн хууль хаана ч адилхан үйлчилнэ шүү дээ. Бид төмсний үр тарьсан юм чинь гүзээлзгэнэ ургахгүй. Үр маань буруу юм чинь төмснөөс өөр юу л ургав гэж. Өөрөөр хэлбэл, үрээ л зөв сонгох ёстой болж байгаа юм. Ингээд харахаар Үндсэн хууль маань буруу байна. Төрийн гурван өндөрлөг маань бие биенээ хянаад л, буруу зүйл хийвэл болиулаад л гэж тооцоолсон. Математик загварчлалаар тэгш өнцөгт гурвалжин гэсэн үг. Системдээ шок оруулж туршиж үздэг. Жишээ нь, нэг оролцогч нь муу хүн байвал яах вэ, алуурчин, тонуулчин байвал яах вэ гэж. Ийм шок орж ирсэн ч систем тогтвортой байна гэдгийг харуулдаг зүйлийг математик загварчлал гээд байгаа юм. Манай Үндсэн хуульд өгөгдлөө буруу сонгосон. Математик загварчлалаа мэдэхгүй учир төрийн өндөрлөгүүдээ мундаг нөхөр байна гэж бодоод хийчихсэн юм. Адил талт гурвалжингийн бүх тал тэнцүү учир бодлогын хариу амархан гарна. Гэвч Үндсэн хуулийг батлахдаа элдэв талт гурвалжин байж болно гэдгийг тооцоолоогүй. Систем хэрэгжихийн тулд онцлогоосоо хамаардаг. Хуульд зааснаар биш характераараа хүн аливаа зүйлийг хийдэг биз дээ. Жишээ нь, феодалын нийгэм дээр тулгуурласан ардчилсан засаглал гэж хоёр хулгайч л хоорондоо зодолддог байхгүй юу. Нэг хулгайч нь “терминатор”-ууд буюу Common house, нөгөө хулгайч нь лордууд. Энэ хоёр хулгайчийн хүсэл сонирхлын зөрчилдөөн, хүсэл шунал дунд систем тогтвортой байна, ард түмэн ноёлж, ажлын байраар хангагдсан байх нь л чухал. Манайд бол ийм тогтворжилт байхгүй. Иймд манай терминаторууд дураараа дургиж, сүүлийн 20 жилд социализмын үед бүтээж байсан бүх зүйлээ сүйтгэлээ шүү дээ. Бүтээсэн зүйл алга. Хийсэн юм нь гэвэл бидний ирээдүйг гадныханд өгсөн явдал. Хотын төвийн энэ бүх өндөр барилгууд гадаадын эзэнтэй шүү дээ. Засаг маань тэнэг байхаас аргагүй, учир нь терминатор засаг хэзээ ч ухаалаг алхам хийдэггүй. Уг нь ухаалаг хүмүүсийн бичсэн зүйл 1992 оноос хойш их бий. Гол нь түүнийг нь ураад хаячихдаг, хэрэглэдэггүй. Үүнийг хэрэглэдэггүй шалт­гаан нь засаглалын онцлог л байхгүй юу. Өнөөдөр төрийн эрхийг барьж байгаа гуч маань термина­торуудаасаа салах ёстой. Өөрсдөө хуулиа гаргаж засаглалаа тусад нь барих, байн­гын танхимаа барих хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөө доодох хулгайчдаасаа салж чадахгүй. “Энэ хулгай хийгээд байна, гэхдээ сонгуульд намайг дэмжсэн юм. Манай хүн, наадахаа явуул” гээд, “Энэ нөхөр сонгуульд спонсорлосон, тийм агентлагийн дарга болгоё” гэнэ. Тэгээд өнөө нөхөр нь хулгай хийнгүүт “За яахав, надад тусалсан юм” гэх жишээний. Лордууд терминаторуудаас салах юм бол засаглалынхаа онцлогоос хамаарч автоматаар олон зүйл сайжирна.

-Таны энэ ярьж буй зүйл чинь Үндсэн хууль, засаглалын өөрчлөлттэй холбоотой тул ойрын үед л лав тантайгаа л үлдэж таарах байх даа?

-Сүүлийн үед харин ч Үндсэн хуулийн өөрчлөл­тийн асуудал яригдаж байна. 2008 оны нэг төсөл дээр дээд, доод танхимтай байхаар бичигдсэн байна билээ. Гэхдээ дээд танхимд хэн байх вэ гэдгээ ойлгоогүй байна. Дээд танхимд бол зах зээлийнх нь эзэд байх ёстой. Засаглалыг өөрч­лөх л ёстой. Хэрэв манай энэ засаглалыг Англид аваачвал гурван ч сар болохгүй дэлбэрнэ. Манайд яагаад дэлбэрэхгүй байна гэвэл, бид далан жилийн даруулгатай, 2000 жилийн ёс заншилтай учраас тэр.

-Монголчуудын хувьд давуу тал, боломж юу вэ?

-Уг нь бидний давуу тал байж болох байсан зүйлийг хорин жилийн өмнө устгаад хаячихсан. Социализмын материал, техникийн бааз гээд том том үйлдвэрүүд байсан. Тэрийгээ тухайн үед нь нэг төгрөгөөр л ерөнхий инженерт нь хувьчилчих байсан юм. Германд, Англид яг тэгсэн. Цахилгаан станц, том үйлдвэрүүдийнх нь захиралд “Таны энэ хөрөнгийг зарвал хэд болох вэ” гэхэд “Би зарах эрхгүй шүү дээ” гэж байна. Зарах нь битгий хэл, ажилтныхаа цалинг багасгаж болохгүй гэх мэт хатуу шаардлагаар хувьчилдаг, бараг эзнийг нь мал болгодог систем байна. Хувийн ч юм шиг, улсын ч юм шиг энэ үйлдвэрүүд улс орныг нь авч явж байна. Манайд бол том үйлдвэрүүдээ агуулах болгоод л хаясан. Бид гадаад орноос хуулбарлах ёсгүй зүйлээ хуулбарласан. 1996 онд яасан гэвэл, тэр онд англи, америкчууд юу хийж байна тэрийг нь хуулбарласан. 100 жилийн өмнө хувьсгал хийсэн гэдгийг нь бодолцолгүйгээр шууд дуурайсан. Төсөөлж хэлбэл, тэд 100 жилийн өмнөөс байшингаа барьж дуусчихаад дээврээ будаж байхад нь бид хажуунаас нь хараад дээврийг ингэж буддаг юм байна гээд л дуурайсан хэрэг. Байшингаа барьж дуусаагүй хэрнээ агаарт будаг цацаад байна.

-Уул уурхай Монголын хөгжлийн зүтгүүр гэж байна. Үүнтэй санал нэгдэж байна уу?

-Биш. Инженерүүд л баялаг бүтээнэ шүү дээ. Хэрэв мөн байсан бол уул уурхайн баялаг биднийг 100 ам.доллар гаргаж ирээд л амаа арчих хэмжээний баян байлгахаар шүү дээ. Уул уурхайгаас бид юу ч авахгүй. Бид харин ч уух усгүй, бэлчээргүй л болно. Үүний оронд мал аж ахуйгаа хөгжүүлээд явбал яваад л байна. Уг нь хэсэгтээ бол бүр больчихмоор байгаа юм. Яагаад гэвэл засаглалын хувьд ардчилсан биш мафийн засаглалд байгаа учраас. Хорь гучин жилийн дараа автоматаар цэгцрээд ирнэ. Тэр үед нь хэрэгжүүлэхгүй бол, одоо ч дээ.

-Засаглалыг ярихаас наана юуг ярьж шийдэх ёстой вэ?

-Татварын бодлогын хувьд ярих зүйл бий. Энд тэндгүй баригдаж буй олон давхар өндөр барилгуудыг харж байна уу. Эд нар ямар ч татвар төлдөггүй. Хэн хожиж байна гэвэл татварын байцаагч, аудитын байцаагч. Хэдхэн хүн л хахууль авч баяжаад байгаагаас өөр ямар ч зүйл алга. Гэтэл үүнийг Сингапурт маш ухаалаг системээр шийдчихсэн. Гэхдээ тэнд айхтар коммунист нэг нөхөр очоод бүгдийг нь ташуурдаж чангалаад байгаа юм ерөөсөө байхгүй. Ашгийн татвар гэдгийг байхгүй болгоод, бохир орлогоос нь гурван хувь авдаг болчихсон юм. Тэгэхэд л бүх хүн төлөөд эхэлж байна. Монголд бол компаниуд бохир орлогынхоо дөрөв орчим хувийг татварын байцаагч, аудитынхны халаасанд хийчихэж байгаа. Компанийн захирлуудтай уулзаад хэрэв татварыг нь тийм байдлаар авбал яах вэ гэхэд “Тэгье л дээ, ямар ч асуудалгүй шүү дээ. Муусайн луйварчдад өгч байхаар улсдаа өгсөн нь дээр” гэж байна. Бид НӨАТ авч байна гэдэг нь ардчиллын түүхээс ухарч байгаа явдал. Дэлхийн дайнууд гарахад ард түмний тавьж байсан шаардлага юу байсан юм бэ гэвэл НӨАТ. Ингээд НӨАТ-ыг устгаж, ардчилалд шилжсэн энэ түүхээс бид 100 жилээр ухарч байна. Англид бол ийм хувьсгал гараагүй. Англид хувьсгал гарч эхлэнгүүт гудамжны тэмцэгчид, “терминаторууд”-ыг дуудаж уулзаад, засаглалаа хуваая гээд тохирчихсон байхгүй юу. Та нар халамжаа өг, доод танхимаа байгуул, сонгуулиар ээлжлэн солигддог болцгоо гэж тохирсон юм. Ингээд феодалын нийгэм нь одоо хүртэл үлдсэн. Анличууд үүнээсээ ичдэг, өөр НӨАТ-тайгаасаа ичдэг. Би хүнээс юм авахдаа НӨАТ төлнө, хүнд юм зарахдаа НӨАТ төлнө. Бид ингэж ичихээр, муу зүйлийг нь дуурайгаад байгаа юм. Английн уламжлалт засаглалын нэг онцлог бий. Хан хүү архинд орж дампуурсан ч эдийн засаг нь байж л байдаг. Учир нь лордууд нь эдийн засгаа авч явдаг. Өнөөдөр ерөнхий сайд нь тэнэг хүн байсан ч лордууд нь бүгдийг аваад явчихаж байна. Манайд бол сайд нь мулгуу бол бүх зүйл шалан дээр унаж, эдийн засаг нь савладаг.

Б.ЭНХМАНДАХ

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №055

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …