Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнээс Б.Батзориг алтан медаль хүртжээ

21ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХIХ удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт гуравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Азербайжан, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Монгол, Узбек, Украин, Энэтхэг, Япон зэрэг гадаадын 10 орон, ОХУ-ын бүрэлдхүүний Кемеров, Новосибирск, Эрхүү муж, Байгалийн чанадахь болон Красноярскийн хязгаар, Буриад, Хакас, Тува, Якутын бүгд найрамдах улсын бөхчүүд зэрэг 14 бүгд найрамдах улс, муж, хязгаарын нийт 131 бөх өрсөлджээ.

61 кг-ын жинд түрүүлсэн буриадын бөх А.Богомоев шилдэг бөхөөр шалгарч “Лада-Гранта” хийцийн суудлын хөнгөн тэргээр шагнуулжээ. Түрүүлсэн бөх 60 мянган рубль, дурсгалын бүс, аман хүзүүдсэн бөх 40, гуравдугаар байранд орсон бөх тус бүр 20, алтан медаль хүртсэн бөхийн дасгалжуулагч 20 мянган рублийн урамшуулал хүртжээ.

Манай бөхчүүдээс 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батзориг алт, 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Батболд, 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Идэрхүү, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Золбоо нар хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнээс урьд нь Б.Батзориг 2003 онд, Н.Золбоо 2010 онд хүрэл медаль авч байжээ.

Олон улсын шүүгч Х.Ганболд, Ц.Сэрээтэр нар тэмцээнд шүүгчээр оролцжээ.

Энэ тэмцээнд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч Г.Өсөхбаяр, Р.Ууганбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нар урилгаар очиж үзэж сонирхжээ.

Тэмцээнийг  Буриад улсын ерөнхийлөгч В.В.Наговыцин, Ардын хурлын дарга М.Гершевич, Биеийн тамир, спортын агентлагийн дарга В.М.Бумбошкин, Улаан-Үд хотын дарга А.Голков, Оросын бөхийн төрлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, олимпийн хошой аварга А.Фазаев нар үзэж сонирхсон байна.

Жич: Чөлөөт бөх нь Буриад улсад өргөн дэлгэр хөгжсөн спортын төрөл хийгээд өнөөдөр уг спортоор өнөөдөр 16 мянган хүүхэд, залуучууд хичээллэж байна. Тус Бүгд найрамдах улсаас дэлхийн аварга Б.Будаев тэрчлэн О.Алексеев, С.Замбалов зэрэг нэртэй бөхчүүд, В.Баймеев, Н.Ивахинов, Ю.Сандаков, Ф.Махутов, В.Иванов зэрэг нэртэй дасгалжуулагчид төрж гарчээ. Буриад улсын бөхчүүдээс А.Цоктоев, Г.Кожевников, А.Бальжинимаев, Л.Волосова нарын дөрвөн бөх олимпийн медаль хүртжээ.

Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн анх 1996 оны аравдугаар сард зохиогджээ. Тус тэмцээн 1997 оноос ФИЛА-гийн тэмцээний хуваарьт багтах болж 2003 оноос “А” зэрэглэлийн тэмцээний ангилалд оржээ. 2007 оноос тус тэмцээний хөтөлбөрт эмэгтэй чөлөөт бөхийн олимпийн дөрвөн жинг оруулжээ.

Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээний дүн

ОХУ-ын Улаан-Үд хот, 2014 оны гуравдугаар сарын 29-30

57 кг
1. Омак Сюрюн /ОХУ/
2. Виктор Рассадин /ОХУ/
3. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/
3. Дондук-оол Хуреш-оол /ОХУ/

61 кг
1. Александр Богомоев /ОХУ, Дэлхийн цомын аварга/
2. Булат Батоев /ОХУ/
3. Виктор Банзаракцаев /ОХУ/
3. Вячеслав Ефимов /ОХУ/

65 кг
1. Ахмед Чакаев /ОХУ/
2. Менги Моортуй-оол /ОХУ/
3. Надырбек Улуу /Киргиз/
3. Иван Филиппов /ОХУ/

70 кг
1. Буянжавын Батзориг /“Хилчин” спорт хороо/
2. Арсалан Будожапов /ОХУ/
3. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” клуб/
3. Эламан Донгурбек Уулу /Киргиз/

74 кг
1. Иса Даудов /ОХУ/
2. Иннокентий Иннокентьев /ОХУ/
3. А.Суфиев /Тажик/
3. А.Хуцистов /ОХУ/

86 кг
1. Альберт Саритов /ОХУ/
2. Омар Магомедов /Беларусь/
3. Магомед Зубаиров /ОХУ/
3. Артур Алборов /ОХУ/

97 кг
1. Магомед Мусаев /Киргиз/
2. Семен Семенов /Казахстан/
3. Карапет Арутюнян /Армян/

125 кг
1. Юрий Белоновский /ОХУ/
2. Балдан Цыжипов /ОХУ/
3. Сергей Смертев /ОХУ/
3. Нацагсүрэнгийн Золбоо /”Харгант-Цамхаг” клуб/ МЧБХ

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …