Шинэчлэлийн Засгийн газар өнгөрөгч хоёр жилийн хугацаанд 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 11 хувь хүртэл бууруулж, өргөн хэрэглээ бараа бүтээгдэхүүний үнийг төрөл тус бүрт нь 15-35 хувиар өсгөн, ам.долларын ханшийг хүртэл зүгээр байлгасангүй. Эдийн засгийн өсөлт, инфляцийн өсөлт, үнийн өсөлт гээд өсөлтгүй юм өнөөдөр алга болжээ.
Тиймээс ард иргэдийн бухимдал дээд цэгтээ тулж байна. Ёстой л нөгөө үнийн өсөлт дээшээ үндсэн амьдрал доошоо болоод байна. “Буянт ухаа орон сууц”-ны хөтөлбөр гэж хэсэг шуурч, лавлагаа, архив гээд иргэд л зүдэрч байна. Буянт ухаа ч үнэртээд л өнгөрч байх шиг. Сонгууль ойртох тусам төрийн хайр халамж нэмэгдсээр. Нөгөө талд иргэд, оюутнууд гар дээр ирэх бэлэн мөнгөний тооцоогоо байнгын цээжиндээ бодож хоног тоолон хүлээгээд л.
Дуртайдаа сонгосон ч юм биш мөнгөнд нь болоод саналаа өгчихсөн юм гээд шулуухан хэлдэг болж. Ийм хямдхан ард түмэн манай улсад л байдаг бололтой. Хийморь, золбоотой, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой монголчууд хаачив. Солонгос ч юм уу аль нэг улсруу явчихсан юм болов уу. Монголчууд ч амьдралын хэв маягаа мөнгөнөөс болж эвдэж байна.
“Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн хаана байна вэ” гэх сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өндөг 500 төгрөг болсныг үнэ өссөн гэдэггүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас зэрэг 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж нэг сагсанд хийгээд дундаж үнийг тооцоолж гаргадаг. 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах ямар ч боломжгүй. Гарын таван хуруунд багтах мах, гурил, шатахуун, цементийн үнийг тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэн.
Бүх юмны үнийг тогтвортой байлгадаг Засгийн газар хаа ч байхгүй. Будааны үнэ өндөр байгаа бол гурил идчих хэрэгтэй шүү дээ” гэж хэлж байж билээ. Тэгвэл тэр махны үнэ бууж байгаа нь хаа байна. Тэгээд хариулт нь их амар идхээ л больчих, боломжгүй гэж яриад л сууж байх юм. Иргэдийг маань хүүхдүүддээ сайн сайхан хоол чанартай хүнсээр ундлах юмсан гэх хүсэл байдаггүй гэж андуураад байх шиг байна. Ямар ч хүн хүүхдээ амттай хоолоор хооллохыг хүсдэг, дээр нь татвараа төлдөг ажил хийгээд чадхаараа л болгож хүргэх гэж амьдарч байгаа ард иргэдээ энэ үгсээрээ басамжилж байх шиг санагдана.
Д.Үүлэн