Хүүхэд бүр Их дээд сургуульд элсэх албагүй

ExamRruivieiraPA460[1]Хэдхэн  хоногийн өмнө   ахлах ангийнханы ЕЭШ болж өндөрлөлөө. тун удахгүй шалгалтын хариу, сурагчдын авсан оноо нь ил болно. Хүүхдээ шалгалтанд  оруулчихаад өндөр оноо аваасай гэж “дээлний нь захыг мушгиж” залбиран  суугаа олон арван эцэг эхчүүд байсан байх. Тэдэнд хандаж хэдэн зүйл хэлье гэж бодлоо.

Хүн төрлөхтний  түүхэнд мартагдашгүй  гавьяа байгуулсан цөөнгүй хүмүүс их дээд сургууль төгсөөгүй тохиолдлууд цөөнгүй бий. “Боловсрол гэж юу”  гэдэг асуултанд олон алдартай хүмүүс их дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмших гэхээс илүүтэйгээр  “хувь заяаны хувирлыг даван туулах чадвар” гэж нэрлэсэн  нь бий. Гэхдээ би эцэг эхчүүд та бүхнийг хүүхдээ битгий их дээд сургуульд оруулаарай гэж хэлэх  гэж би яарсангүй, ингэж хэлэхийг ч хүсээгүй.

Та бүхэнд хэдэн статистик тоон баримт танилцуулья.

Өдгөө монгол улсад 96 их дээд сургуульд 170 гаруй мянган оюутан суралцаж байна.  Жил бүр тэднээс 35-40 мянган оюутан нь   бакалаврын зэрэгтэйгээр  сургуулиа төгсөн гардаг. Ийнхүү жил бүр дээд сургуулиа төгсөж байгаа 40 орчим мянган төгсөгчөөс хамгийн ихдээ л 10 орчим мянган  төгсөгч ажлын байртай болдог гэнэ. Өөрөөр хэлбэл нийт төгсөгчдийн 30 орчим % нь ажлын байранд орж, үлдсэн 70 гаруй % нь  ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг гэсэн үг.

Тэгвэл жил бүр 11-р ангийг 40-50 гаруй мянган  сурагч төгсөөд, тэдний 90-ээс доошгүй хувь нь их дээд сургуульд элсэн суралцдаг байна..  Үндсэндээ ахлах анги төгсөгчид бараг л тэр чигээрээ их, дээд сургуульд оюутан болон элсэн орж байна гэж ойлгож болохоор. Хувийн дээд сургуульд ч хамаагүй оюутан болж, элсэхгүй бол ангийнхан, найз нөхдийнхөө өмнө «онигоо» болно гэж ахлах ангийн хүүхдүүд ярьж байхтай тааралдлаа. Бас оюутан л болчихвол төрөөс cap бүр 70.0 мянган төгрөг авна сайхан даа гэцгээж байна. Дөрвөн жил тэднийг эцэг эх нь, төр засаг нь дэмжинэ. Эцэг эх нь сургалтын төлбөрийгнь төлнө, төр засаг автобусаар үнэгүй зорчуулна, дээр нь сар бүр 70 төгрөг өгнө. Товчхондоо бол   мэдлэгт, амьдралд суралцах ёстой залуу насандаа оюутнууд  төр засаг, эцэг эхдээ “эрхлээд”өнгөрүүлнэ. Ихэнх оюутнууд  хичээлдээ мэрийн суралцаж, мэдлэг чадвар олж эзэмшихийг хичээхийн оронд амар хялбар аргаар дүн авах, аргалаад сургуулиа төгсөхийг  чухалчилна. Болохгүй бол тэд сургуулийнхаа, боловсролын яамны, төр засгийн эсрэг жагсаж цуглахаараа айлгана.  Дөрвөн жил  эрдэм мэдлэг сайн суралцахын оронд бусдыг сайн хуурч, аргалж л  сурна. Сургалтын төлбөрөө нэмлээ гэж сургуулийн захиргааны өмнө жагсаал хийнэ, захиралаа, сургуулиа буруутгана.  Үнэн хэрэгтээ оюутнууд 500 мянган төгрөгөөр Iphone авч бусдадаа чамирхах, нэгнийхээ төрсөн өдөр, тэмдэглэлт өдрөөр 50, 100 мянгаар нь мөнгийг үрэх хэрнээ, бүтэн жилийн сургалтын төлбөр нь 500 мянган төгрөгөөр нэмэгдсэнийг сонсоод «боож үхэхээс наагуур» юм болно. 4 жил  тэдний эзэмшсэн мэргэжил ирээдүйн  40 жилийнхээ амьдралын “хоолыг” болох ёстой гэдгийн ухаарч амжилгүй төгсөнө.

Танай хүүхэд  хэдий чинээ оюутан байхдаа хичээнэ, төдий чинээ ажил амьдралдаа амжилт гаргана. Тиймээс танай хүүхдэд тухайн салбарын шилдэг багш нар хичээл заах ёстой, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг сургалтад ашиглах ёстой, онол практикийн салбарт амжилт гаргасан хүмүүс их дээд сургуульд ажиллаж, мэдлэг туршлагаа оюутанд өвлүүлэх  ёстой. Тэгвэл шинжлэх ухааны судалгаанд тодорхой салбарт амжилт гаргасан, дэлхийд биш юмаа гэхэд Ази, Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн сард 1000 ам.доллар хүрэхгүй цалингийн төлөө манай  их сургуульд багшаар ажиллана гэж байх уу. Харамсалтай нь энэ бүхнийг өндөр төлбөрийн цаана л бий болгох боломжтой. Өнөөдөр жилийн 1.5 сая төгрөгийн  сургалтын төлбөртэй их дээд сургууль танай хүүхдэд хангалттай хэмжээний мэдлэг, мэргэжил эзэмшүүлж чадах уу.
Гэтэл цаана чинь  гайгүй шиг орчин, сургалттай  цэцэрлэг, хувийн дунд,  ахлах сургуулийн  жилийн сургалтын төлбөр 2-6 сая төгрөгийн үнэтэй байна.

Уул нь  энэ бүхнийг  ойлгож ядаад байх юмгүй. Та дэлгүүрээс талх худалдан авдагтай адилхан. Хэрвээ та мөнгөтэй бол хамгийн чанартай талхыг олон хачиртай авч чадна, мөнгөгүй бол хамгийн хямд талхыг сайндаа л маслоор хачирлахаар авна. Товчхондоо, авч чадахынхаа хэрээр төлөх зах зээлийн эрүүл зарчим энд үйлчилж байгаа хэрэг.

Бодит байдал ийм атал дээд боловсрол чанаргүй тухай бид их ярьдаг. Тэгвэл, хэзээ бид боловсролынхоо төлөө, товчхондоо бол өөрийнхээ ирээдүйн төлөө  төлж чаддаг болох вэ, тэр цагт сургууль нь сүүлийн үеийн техник технологиор хангагдаж, шилдэг багш нараар хичээл заалгаж, дэлхийтэй хөл нийлэн алхах мэргэжилтнүүд манай улсаас төрөн гарах биз

Энэ бүхний эцэст, хүсэхгүй  бол хүн болгон заавал их дээд сургууль  элсэх албагүйгэдгийг хэлэх гээд байгаа юм. Төр засгийн байгууллагын  оролцоо энэ тохиолдолд зөвхөн сурч чадах ч, төлж чадахгүй байгаа нийгмийн тодорхой хэсгийг л дэмжих ёстой.  Өнөөдөр 4 жил их дээд сургууль төгсчихөөд хамгаалагч, худалдагчаар ажиллаж байгаа, тэр бүү хэл ажилгүй гэртээ аав ээжээрээ тэжээлгэж байгаа олон залуус байна. Би тэднийг буруутгах гэсэнгүй. Харин тэдний хажууд  2 сараас – 2 жилийн хугацаанд   техник, аж ахуй, сантехник, цахилгаан,  үсчин, тогоочийн мэргэшил эзэмшсэн олон залуус мөр бүтэн, гэдэс цатгалан, ажил нь амжилттай явж байгаа жишээ  захас аваад   нэрлэвэл олон байна. Тэгээд ч улс оронд  маань хөгжиж, бүтээн байгуулалт ид өрнөж, тэр хэрээр бидэнд мэргэжилтэй ажилчид ус агаар мэт хэрэгтэй болж байна. Гэтэл их дээд сургууль төгссөн олон залуус цамаан зан, цагаан гарнаасаа болж «хар ажил» хийхгүй гээд хоосон хонох дээрээ ч тулж байгаа нь харамсалтай.

Тэгэхлээр эцэг эхчүүд минь хүүхдээ их дээд сургууль авсангүй гэж бүү зэмлээрэй, бас заавал их дээд сургуульд оруулах гэж битгий хөөцөлдөөрэй. Тэд чинь та нарын үгэнд орж хэний ч төлж чадах төлбөртэй дээд сургуульд элсэж, хэн бүхний мэддэг зүйлийг л мэдээд, хэзээ ч хэрэглэхгүй мэдлэг эзэмшснээс өөрийн дур сонирхолтой, амьдралын ухаанд эртнээс сургах мэргэшил  эзэмшиж болох юм шүү гэдгийг санаарай

 Ц.Мөнхбаатар

Ugluu-logo6

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …