Хөдөө аж ахуйн биржийн пүрэв гарагийн арилжаагаар 2.2 тэрбум төгрөгийн түүхий эдийн арилжаа хийгдлээ. Ингэснээр сүүлийн найм дахь ажлын өдөртөө дараалан тус биржийн арилжаа явагдаж байна. Пүрэв гарагийн арилжааны мэдээллээс харахад ямааны боловсруулаагүй болон угаасан хоёр төрлийн ноолуурын арилжаа нийт үнийн дүнгийн дийлэнх болох 1.8 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ.
Ханшийн тухайд тогтвортой байж, боловсруулаагүй цайвар ноолуур 885 мянган төгрөгөөр нийт 1010 богц, угаасан цайвар ноолуур 910 мянган төгрөгөөр нийт 1088 богцыг арилжсан гэж Хөдөө аж ахуйн биржээс мэдээллээ. Үүнээс гадна нийт 980 богц ямааны хоёр өнгийн завод ноосны арилжаа хийгдсэн байна. Ханш нь мөн л тогтвортой буюу өмнөх өдрөөс өөрчлөлтгүй нийт 163.6 сая төгрөгийн арилжаа хийгджээ. Мөн 145.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий хонины үргэлж ноосыг богц бүрийг нь 220 мянган төгрөгийн ханштайгаар арилжсан байна.
Д.Амар