Баядын гарал үүсэл, өнөөгийн байдал
Баяд нь эрт цагт түүхийн тавцан дээр гарч ирсэн, язгуурын монгол аймгийн нэг юм. Баяд нь 2200 гаруй жилийн өмнө Ордосын тохой хавиар нутаглан, Монголчудын өвөг дээдсийн байгуулсан анхны төрт улс-Хүннүгийн бүрэлдэхүүнд багтан захирагдаж явжээ. VI-VIII зууны үед баядууд Хөлөн, Буйр нуур хавиар нутаглаж байсан аж. XIII зууны үед Чингис хааны мэдэлд явж ирсэн байна. Түүний нэг нь Үнгүр буурч юм. Түүний харъяат баядууд их төлөв Хэнтийн уулнаас урагш нутаглан явжээ. XIV-XVII зууны эхэн үе хүртэл баядууд бие даасан нэг отог болж явсан байна. XVI зууны эхээр Батмөнх даян хаан (1464-1544) хүүхдүүддээ алба таслан хувааж өгөх үед тавдугаар хүү Алчи Болдод жарууд, баарин, хонхирад, баяд, үжээд оногдсон байна. Алчи Болдод оногдсон энэ таван отог нь монголын өмнөд талаар нутаглах учир өврийн таван отог хэмээн нэрлэгдэх болжээ. Алчи Болд ноёны хүү Хургачи хасар ноён таван хүүтэй. Үүнд Уваш үйзэн нь жарууд, Шубухай дархан бааринг, Суйбин Буйма догшин хонхирад, Сонин дайчин баяд, Хунбаатар үжээдийг тус бүр захирчээ.
XVII зууны эхээр Манжийн түрэмгийлэгчид Өвөр монголыг эзлэн авах үед баяд ч нэгэн адил тэдний эрхшээлд орж, бие даасан отог байхаа болиод, манж найман хошуутай хутгалдан, Өвөр монголын зүүн урдуур Бээжингээс хойхнуур суурьшжээ.
Алтайн уул, эрчис мөрний эхэн урсгалаар ойрадууд нутаглан ахуйд тэдний дотор баядууд оролцсон байв. Тэд тооны хувьд цөөн бөгөөд анхандаа гол төлөв Цорос аймгийн харьяанд оршиж, Эрчис мөрний сав дагуу нутагладаг байв. Хожим нь дөрвөд хүчирхэгжих үеэс түүний нэгэн бага аймаг хэмээгдэх болжээ.
XVIII зууны эхэн хагаст баядын аав ноён гэж цэцэн цэлмэг хүн Зүүнгарын улсын төрийн зүтгэлтэн нарт үнэлэгдэж, Чимэг харваач гэж баатар дайчин эр байжээ.
1753 онд Даваачийн хэрцгий явдалд дургүйцсэн дөрвөдийн бага ноён Цэрэн, Цэрэн уваши, Цэрэн мөнх нар өөрсдийн харьяат иргэдээ авч Эрчис хавь нутгаас хөдлөн, Алтайг Үенч, Бодончийн хавцлаар давж, халхын нутагт орж иржээ.
Зүүнгараас ирсэн тэдгээр дөрвөд, баядуудыг 1754 онд Сайн заяатын хоёр чуулганд хуваахад, баядууд зүүнгарын чуулганд багтжээ. Тэр уагт Зүүнгарын чуулганд багтсан баядуудыг арван нэгэн хошуу болгон зохион байгуулж, зам хуваан нэр өгчээ.
1. Дундад хошууны анхны ноёноор Манж нар Цэрэнмөнхийг тавиад засаг төрийн бэйлийн хэргэм шагнасан байна. Хожим нь эрх(вангийн) засгийн хошуу гэх болсон.
2. Дундад зүүн хошууны ноёноор Сэвдэнг тавьж төрийн бэйл өргөмжлөн, засаг болгожээ. Энэ нь хожим Дайчин вангийн хошуу гэгдэх болов.
3. Дундад өмнөд хошууны засгаар анх Ганг өргөмжилж, Улсад туслагч гүнгийн хэргэм олгосон нь хожмын Саруул гүний хошуу гэх болов.
4. Дундад хойд хошууны ноёноор эн тэргүүнд Батмөнхийг тохоож, засаг улсад туслагч гүн өргөмжилжээ. Хожим нь Түшээ гүний хошуу гэжээ.
5. Дундад дээд хошууны засгаар анх Машбатыг тавьж, улсад туслагч гүнгийн хэргэм олгосон байна. Хожим нь Жонон бэйлийн хошуу гэж нэрлэв.
6. Дундад доорд хошууны ноёноор анх Дашдондогийг өргөмжилж, засаг тэргүүн зэрэг тайжийн хэргэм шагнажээ. Хожим нь Эрдэнэ гүний хошуу гэх болов.
7. Дундад өмнөд зүүн хошууны анхны ноёноор Мөнхтөмөрийг өргөж, засаг хошууны бэйсийн хэргэм олгов. Хожим нь Эетэй гүний хошуу гэсэн.
8. Дундад өмнөд баруун хошууны ноёноор анх Банжуурыг тавьж, засаг хошууны бэйсийн хэргэм шагнажээ. Хожим нь Үйзэн (Пандиа) бэйлийн хошуу гэх болсон аж.
9. Дундад хойд зүүн хошууны ноёноор анх Гүншарыг тавиад засаг тэргүүн зэрэг тайж болгов. Энэ хошууг хожим нь Мэргэн гүний хошуу гэжээ. Эдгээр 9 хошуу бүгд нэжгээд сумтай байжээ.
10. Дундад хойд баруун хошууны ноёноор анх Барыг өргөмжилж, засаг тэргүүн зэрэг тайжийн хэргэм шагнажээ. Энэ хошуу нь анх 56 өрхтэй байгуулагдсан бөгөөд сум хуваагаагүй ажээ. Хожим нь Хурц (Даяа) гүний хошуу гэх болжээ.
11. Дундад баруун хошууны анхны ноёноор Гэндэнг өргөж, хошуун засаг бэйсийн хэргэм олгожээ. Хоёр сумтай, эл хошууг хожим нь Ерөөлт (Баатар) бэйлийн хошуу гэх болсон. Баядын 11 хошуу багтсан Сайн Заяатын зүүнгарын чуулганы даргаар Төгс хүлэг Далай хан Цэрэнг, дэд чуулганы даргаар дундад зүүн хошууны ноён Сэвдэнг тавьж захируулсан ажээ.