Брендан Рожэрсоор удирдуулсан Улаанууд чухал тоглолтоос ээлжит хожлоо авч, лигийн тэргүүлэгч хэвээрээ үлдэж чадлаа. Тэдний хувьд хэрвээ цаашид лигийн аваргын төлөө өрсөлдөөнд үлдэхийг хүсвэл хожигдох эрхгүй тоглолтууд хүлээж байна. Гэхдээ Улаануудын хувьд энэхүү тоглолтуудаас зорьсон 3 оноогоо халаасласаар байна.
Өнгөрөгч ням гарагт Лондон хотын ВэстХэм Юнайтэд багийн Аптон Парк цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт Ливэрпүүлийн хувьд амар тоглолт байсангүй. Улаанууд боломжоо 100% ашиглаж чадсаны хүчинд хүнд тоглолтоос 3 оноо авч чадлаа.
Энэхүү тоглолтын баатар яах аргагүй багийн ахлагч Стивэн Жэррард байсан. Өөрт ноогдсон 2 торгуулийн цохилтыг өндөр дарамт, хариуцлага дор алдалгүй хийсэн нь улаануудыг ялалтанд хөтлөсөн билээ. Түүнчлэн уг 2 гоолыг оруулснаар түүний хувьд багийнхаа төлөө 173 дахь гоолоо оруулж, Ливэрпүүлийн домогт тоглогч “Хаан” Далглишийн амжилтыг эвдэж, түүний дээр бичигдэхээр болж байна. Тоглолтын дараах ярилцлагадаа Жэррард энэ удаагийн хожил Ливэрпүүлийн юу хүсч байгаагийн тод баталгаа болж чадсан гэдгийг хэлсэн байна.
Өнгөрсөн 2-р сард Арсэналтай хийсэн тоглолтонд 5-1 харьцаатай хожил байгуулснаас хойш 9 дараалсан хожлыг байгуулаад байгаа Улаануудын ахлагч хэлэхдээ: “Бид одоо өөрсдийн хийж чадах бүхнээ гаргах цаг. Бид талбайг эзэмшиж, өөрсдийн бүхий л чадах зүйлсээ талбайд гаргахын төлөө зүтгэсэн. Энэ л бидний хийхээр зорьсон зүйл шүү дээ” гэжээ.
Харин тоглолтын эхний хагас өндөрлөх үед болсон ВэстХэмийн маргаантай гоолын талаар: “Эхний гоолын дараа бид санаачлагыг гартаа авсан байсан. Цаашид энэхүү давуу талаа ашиглан тоглохоор байлаа. Тийм болохоор гоолыг хүлээн зөвшөөрөөгүй ээ. Тухайн үед тэр гоол бидний хувьд том ухралт болсон. Бид тоглолтонд давамгайллаа хадгалахыг хүсч байсан. Харин 2 дугаар хагаст багийн сэтгэлзүй ялалт авахын төлөө улайрч байсан”
“Эхний үеийн завсарлагаанаар дасгалжуулагч болон тоглогчид “Бид болсон бүх зүйлийг өөрчилж чадахгүй. Энэ бүхэн болчихсон” гэж хэлцгээж байсан”
“Энэ бүхэн бидний эсрэг байлаа. Гэхдээ бид өөрсдийгөө өмгөөлнө гээд яах билээ. Ингээд өөрсдийгөө эргүүлэн тоглолтонд оруулж, байгаагаасаа дахин 10 хувь илүү хүч чармайлт нэмж тоглосон. Бидний хийсэн зүйл гэвэл энэ”
Харин хэцүү өрсөлдөгч болж чадсан Вэст Хэм Юнайтэдын тоглолтыг талаар:
“Вест Хэмийн залуус өнөөдөр гайхалтай тоглож байсан. Тэдний эгнээнд форм сайтай байгаа Энди Кэррол, түүнийг бөмбөгөөр хангаж байсан Ярвис, мөн Даунинг гээд сайн тоглогчид байсан. Маш хүнд 90 минут байлаа. Гэхдээ бид талбайд зөв шийдвэр гаргаж, багийн сэтгэлзүй, нэгдмэл байдал гайхалтай байж чадсан” гэжээ.
Бэртлээс эргэн ирж, тоглолтын үр дүнг өөрчлөн багаа үр дүнтэй тоглолтоор сэргээж чадсан Лукас Лэйвагийн хувьд:
“Лукас багтаа гайхалтай тусалж чадсан. Хэдийгээр бэртлээс эргэн ирж, талбайд гарсан ч тэр үнэхээр тоглолтондоо чадварлаг ууссан” хэмээлээ.
Ливэрпүүлийн дараагийн учраанууд мөн л амар хоолнууд биш. Лигийн тэргүүлэгчдийн өрсөлдөөнд хүчтэй яваа Манчестир Сити болон Челси багууд хүлээж байна.
Харин Жэррардын хувьд эдгээр үлдсэн тоглолтуудад хожил байгуулна гэдэтгээ итгэлтэй байна.
“Бид ирэх тоглолтуудаас дахин 3 оноонуудаа авах болно. Гэхдээ хамгийн хүнд тоглолтууд биднийг хүлээж байна.” гэж хэлсэн байна. Мөн түүний ярилцлагад дурдагдсан нэгэн чухал хэсэг нь “Тайван байдлаа хадгал!” гэсэн санаа байлаа.
эх сурвалж: ливерпүүлфс.мн Г.Оюунгэрэл