УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн засгийн эрх барьж буй намын дотоод зөрчил хурцдаж, гишүүд амбийцаа дарж чадахгүйд хүрчээ. АН 2012 оны намар “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулахдаа фракцууддаа албан тушаалын бялууг тэнцвэртэй түгээсэн. Энэ бол таалагдахгүй л бол дуулиан шуугиан дэгдээж, асуудлыг өөрийн талд шийдүүлэхээр улайрдаг улстөрчдөө “чөдөрлөх” арга гэдэг нь эхнээсээ тодорхой байсан. Нөгөө талаар засгийн эрх барих хугацаанд АН руу чиглэсэн муу, сайн бүхнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт “нааж”, бусад нь улс төрд өрнөж байгаа үйл явцыг хөндлөнгөөс ажиглах үүрэг хүлээсэн гэдэг юм. Ингэж 2016 оны УИХ-ын сонгуультай золгож, Парламентыг “цэнхэртүүлэх”-ээр тохирсон АН-ын мөрөөдөл харин хоёр жил ч насалсангүй. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, гүйцэтгэх засаглалаас гарч байгаа шийдвэрийг шүүмжилсэн халуун гал ямар ч Ерөнхий сайдыг тойрдоггүй. Энэ зовлонг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг мөн л үүрч, танхимын сайд нараа цээжээрээ хамгаалсаар байгаа.
Өдгөө түүний танхимын сайд нарын толгой томорч, зарим нь өрөөнийхөө үүдэнд УИХ-ын гишүүдийг битгий хэл нэг танхимд тохой нийлүүлээд сууж байдаг сайд нараа оочирлуулах санаатай болсон нь хэлж, ярихаа цагдуулах дургүй АН-ын гишүүдийн уцаарыг барах болжээ. Албан тушаал, эрх мэдлийн хийрхэлд автсан ийм үйл явц тус намын ирэх он жилүүдэд засгийн эрх барих мөрөөдлийг үгүйсгэж мэдэхээр байгаа тул АН-ынхан энэ засгаас хурдхан шиг салахын түүс болж байгаа аж. Гэвч тэд зөрчлөө тэр бүр ил гаргахгүй байгаа. Эрх баригчдын зөрчил, тэмцэл санаачилсан хууль, хэрэгжүүлэх гэсэн арга хэмжээг харилцан боомилох далд хэлбэрээр явагдах болжээ. Өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч “Дан дээлтэй” хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахгүй байх тухай уг хуулийн төсөл өнгөрсөн хоёрдугаар сараас Төрийн ордныг амьсгаадуулж, сайд нарын хөлсийг чийхруулж эхэлсэн.
Ерөнхийлөгч ба Засгийн газар хоорондын үл ойлголцол, үл итгэлцлийн шинж тэмдэг энэ төслөөр илэрсэн гэж хэлж ч болно. АН доторх зөрчил бугшсаар гадагшилж, саяхнаас фракцууд нь Засгийн газрын үйл ажиллагааг нуулгүй шүүмжилдэг боллоо. УИХ-ын нэгдсэн чуулган эхлэхийн өмнө Засгийн газар тийш анхны чулууг хотын удирдлагууд “нүүлгэв”. Тэд УИХ-ын гишүүдэд ил захидал илгээхдээ “Нийслэл 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгажилтыг 20 байршилд эхл үүлж, 50 гаруй км авто замын өргөтгөл хийх ёстой. Мөн 20 гаруй цэцэрлэг, бага сургууль шинээр барьж, иргэдийн орон сууцны хангамжийг цогцоор шийдвэрлэх гэтэл Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн сайд “Өрийн хэмжээ хэтэрсэн” гэх үндэслэлээр төслийн санхүүжилтийг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байна.
Мөн тусгай замын автобус буюу BRT-гийн 265 сая долларын зээлийн төсөл, 2020 онд ашиглалтад орох “Улаанбаатар метро” төслийн хөрөнгө оруулалт хүлээгдэж байна” гэж гомдоллов. Тэдний араас Зам, тээврийн сайд А.Гансүх “Засгийн газар 2013 онд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замд “Чингис” бондоос 400 сая ам.доллар зарцуулахаар шийдсэн ч 200 сая ам.долларын санхүүжилтийг Эдийн засгийн хөгжлийн сайд санхүүжүүлэхгүй гэсэн. Хөгжлийн банк мөнгөгүй болсон юм байх аа” гэж мэдэгдлээ. АН-ынхан “Олон улсын эдийн засгийн зах зээлд тоогдсон төсөлд хяналт, тооцоо, судалгаатай зарцуулна” гэж авсан бондын мөнгө ганцхан жилийн дотор үрэгдсэнд сэтгэл нь өвдөж байгаагаа дуулгаж эхлэв.
Харин УИХ-ын дарга 2013 оны намрын чуулганы хаалтын өмнө “Давхар дээлийн тухай хуулиа одоо нэгмөсөн шийдчихвэл яасан юм бэ” хэмээн гишүүдээ уриалаад сууж байсан. Энэ бол З.Энхболдын хувьд уг хуулийн төслийг дэмжиж байгаа мэт харагдуулсан ч цаанаа Н.Алтанхуягийн Засгийн газраас салахад татгалзах юм үгүй гэдгээ эвтэйхэн илэрхийлж байгаа хэрэг байв. Хаврын чуулган эхлэх үеэр “Давхар дээл” тайлах хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн бол “Шударга ёс” эвслийн бүлэг ч “балиашиглаж” буй нь тодорхой болов.
Ачааны хүндийг үүрч, муу сайнаараа хамгийн их дуудуулж яваа Н.Алтанхуягт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нараас ирж байгаа цохилт таалагдахгүй байгаа тул өгөх хариугаа бэлджээ. Түүний гартаа барьсан хөзрийн эхнийх нь Газрын тосны тухай хууль. Хуулийн төслийг Засгийн газар эргүүлэн татахаар болж байгаа сурагтай. Энэ мэдээтэй зэрэгцэн “Газрын тосны хуулийг гайтуулчих вий” гэсэн мэдээ хэвлэлээр түгсэн нь санаачлагчид нь төсөлдөө санаа зовсных биз ээ. Засгийн газар уг хуулийн төслийг нэг удаа татаж авч байв. Хоёр сарын өмнө өндөрлөсөн УИХ-ын намрын чуулганы төгсгөлд эцсийн хэлэлцүүлэг хийгдэж, юу юугүй батлагдахад бэлэн болсон хуулийн төслийг яагаад дахин татах болов. Хэрвээ Засгийн газар улс орны эдийн засгийг сэргээнэ, нефтийн гачигдлаас гарах арга замаа хурдан олно гэж тооцвол Газрын тосны тухай хуулийг УИХ-аар яаралтай батлуулахаа бодох ёстой.
Гэвч энэ хууль УИХ-ын 2014 оны хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтсангүй. Энэ хуульд Монголд занарын бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт үзүүлэх заалтууд бий. Энэ бизнесийг эхлүүлэх, гаднын хөрөнгө оруулагчдыг урьж ажиллуулах байр суурийг УИХ-ын дарга З.Энхболд дэмждэг. Тиймээс Н.Алтанхуяг УИХ-ын даргыг зүтгүүлж буй хуулиар нь барьцаалж, Засгийн газраа бөхөлж авахыг санаархаж байгаа бололтой. Эрх баригч намын томчуудын хуулийн төслөөр нэг нэгнээ барьцаалах, улмаар бизнесийн эрх ашиг болон бусад эрх мэдлийг нь хязгаарлах технологийг УИХ-ын гишүүд ч дор бүрдээ хэрэгжүүлж хэвшээд байна.
Жишээ нь, архи, тамхийг хязгаарлах тухай хуулийн төслийг бариад явж буй Л.Эрдэнэчимэг гишүүний ард АН-ын бизнесмэн улстөрчийн өрсөлдөгчийнхөө бизнесийг сааруулах арга нуугдаж байгааг УИХ-ын гишүүд үгүйсгэхгүй байгаа юм. Түүнчлэн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлсэн Хууль зүйн сайдын төлөвлөгөөг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийн санаачилсан жижиг хуулийн төсөл орвонгоор нь эргүүлэх шахсан. Яригдаж, хэлэлцэгдээгүй байхад гэнэт төрсөн энэ хуулиас болж УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба АТГ-ын эрх мэдэлд очиж, салбарын сайд, УЕП хоёр муудалцаад авсан жишээг дурдаж болно. Энэ мэтээр ашиг сонирхол, авцаа өгцөөгөө сануулах, бие биедээ нээнтэг тавих хэрэгсэл нь хууль болчихоод байгаа тухай эрхэм гишүүд олон зүйл ярьж байна. Тэр бүхнийг энд дурдахаа азнав. Юутай ч эрх баригч намынхны дотор томоохон зөрчил үүсчихээд байгаа нь үнэн бололтой.
Д.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: http://www.mongolnews.mn