Дэд сайд байна гэдэг тийм ч чухал биш, ер нь энэ албан тушаалыг “устгачихсан” ч яахав хэмээн аман дээрээ яривч ачир дээрээ горилогчид нэмэгдсээр байна. “Нүдээ олбол зайлшгүй чухал албан тушаал” гэсэн гоё тайлбар хэлж диплом, сертификат, CV халааслан Төрийн ордныг бүчигсдийн тоог сонсохоор ичмээр аж.
Ойрд үзэгдээгүй цүнх барьж зангиа намируулсан эрхмүүд өөрсдөө дэд сайд болохгүй ч “өөрийн хүн” гэгчээ томилуулах найраа хийчихээд гарч одох нь өнөөх шүүмжлээд байдаг “наадмын найраа”-наасаа төдийлөн ялгагдахгүй. “Хана хүртэл чихтэй” гэдэг ч хаалганы цаана ямархан яриа өрнөдгийг таашгүй. Гэвч олон жил улс төрийн гал тогоонд ажиллаж тэдний юу ярьсныг цээжээр мэдэх болсон эрхмүүдийн ярьж байгаагаар бол энэ удаагийн Засгийн газарт ажиллах дэд сайдууд тухайн салбартаа мэргэжлийн байх, тэр тусмаа мэргэжлийн бус сайдтай буюу хосолмол үүрэг функцтэй сайд нартаа нөмөр нөөлөг болох, ачааллыг хуваалцах талаасаа тун анхаарч байгаа гэнэ.
Гэхдээ л ийм найраа, албан тушаалын шунал тачаал удаан үргэлжлэх муухай юм. Тэгээд ч дараа нь төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо хүлээж байгаа гэхчлэн яам, агентлагуудын үйл ажиллагаа, даргаа хүлээсэн байдал иргэдийг чирэгдүүлсээр байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ирэх даваа гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудыг томилж мэдэхээр байгаа аж. Үүний өмнө нам тус бүрийн шийдвэр гаргах түвшнийхэн саналаа нэгтгэж бэлэн болгосон байх учиртай.
Одоогийн байдлаар АН-д тав, МАН-д долоо, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэлд гурав, ИЗНН-д нэг дэд сайдын суудал ногдоод байгаа аж. ИЗНН-ын кандидатыг эртнээс дэд сайдад очих нь гэсэн хүлээлттэй байсан тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүнЦ.Ганхуяг өмнө нь ч бас дэд сайдаар нь ажиллаж байсан Хөдөө аж, ахуйн яамандаа эргэн ирэх нь гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Харин МАХН-МҮАН-ын гурван дэд сайдаар өмнөх Засгийн газарт сайдаасаа ч илүү сайн ажилласан гэх үнэлгээ авсан дэд сайд асан Б.Тулгыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдаар дахин томилж магадгүй гэлцэж буй. Түүнчлэн тус нам хууль зүйн дэд сайдын суудлыг гэрээ дагасан тохироо гэгчээрээ авч чадвал Ц.Шаравдорж генсекийн албан тушаалаасаа илүү үнэлж мэдэх юм.
МАН-ын Удирдах зөвлөл дээр дэд сайдуудын асуудлыг хэдийнэ хэлэлцсэн гэж буй ч үлдсэн нэг жил зургаан сарын хугацаанд албан тушаал авах гэж биш ажил хийх гэсэндээ очиж буй гэх тайлбараа хамгаалж зорилгодоо хүрэхийн тулд “долоо хэмжиж нэг огтлох”-оор шийдсэн гэлцэж байна. Одоогоор дэд сайдуудын жагсаалтад “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн дэд захирал асан Г.Тэмүүлэн, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Б.Баатарзориг, НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаа нар дээр тохирсон гэцгээх болов. Харин хоёр эмэгтэй дэд сайд багтаахаар шийдсэн ч үүнд МАН-ын нарийн бичгийн даргаХ.Булгантуяа, мөн С.Батболдын Засгийн газарт БСШУ-ны дэд сайдаар ажиллаж байсан “Бишрэлт трэйд”-ийн захирал Б.Ундармаа,Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг нарын бизнес эрхлэгч бүсгүйчүүдээ сойжээ. Түүнчлэн НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмааг дэд сайд болох ёстой төдийгүй дээрх хатагтай нарын дэргэд төрийн албаны туршлагатай улстөрчийн рангтай хүчтэй өрсөлдөгч гэцгээж буй.
Харин АН-ынхны хувьд таван дэд сайддаа төдийлөн амбийцлахгүй байгаа гэнэ. Үүнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, мөн Цөмийн энергийн газрыг удирдсан Н.Тэгшбаяр, Хөдөлмөрийн дэд сайдаар тус яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшинг, Батлан хамгаалахын дэд сайдаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатар нарын нэрс дуулдсан ч түрүүчээсээ дэд сайд болох хүсэлгүй хэмээж эхэлсэн. Гэвч “дургүй ламд дарж байж сахил хүртээхгүй” нь тодорхой. Тэр тусмаа бизнесээс улс төрийн салбар руу хөл тавих зорилго тээсэн залууст сонирхол бий. АН-ын зүгээс “Дэд сайдыг томилохдоо МАН-ынхны нэгэн адил мэргэжил чадварт онцгой анхааръя. Дэд сайд бол улстөрч болгох дамжаа биш. Энэ томилгоонд яаж анхаарснаас олон нийт АН, түүний Засгийн газрыг үнэлнэ. Тиймээс мэргэжлийн байлгах нь чухал.Бид бизнесмэн залууст өргүй” гэсэн байр суурийг баримталж байгаа аж.
Жишээ нь Зам тээврийн дэд сайдад өчигдөр шөнө УБТЗ-ын ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүний нэгээр томилогдсон Д.Наранпүрэв төрийн албанаас татгалзсан хэдий ч АН-ын хүн, салбартаа туршлагатай, дээр нь тус яамны дэд сайд нь “УБТЗ” ХНН-ийн дарга байх ёстой гэх дүрмийг даган дахин Ерөнхий хороог хуралдуулахгүйн тулд гэсэн шалтгаанаар оччиход болохгүй юмгүй.
Гэтэл түүний оронд “Aspire Mining” компанийн хувьцаа эзэмшигч, УИХ-ын гишүүн асан Х.Бадамдамдингийн хүү Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал, АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүвшинг томилбол ашиг сонирхлын зөрчил саад болж АН ч, Засгийн газар ч “муухай” харагдана. Ямартай ч тэгтлээ улайрахгүй байгаа ч Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамдад “сөөлжүүлэх” журмаар АН-аас дэд сайд томилогдвол энэ суудал эзнээ олоход тийм ч хэцүү биш билээ. Хамгийн гол нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, ажлын дадлага туршлагыг нэгдүгээрт тавиасай гэж хүсэх хүн олон байна.
С.Мөнгөндөл