“М.Наранбаатар нийт ажиллагсадаа хэтэрхий муухай харагдуулж байна” гэсэн гарчигтай захидал “Ардчилал” сонинд болон зарим сайтуудад хэвлэгджээ. Хэвлэгдэх ч гэж дээ, захидал нэртэй гүтгэлгийн материалыг МҮОНТ-ийн нийт уран бүтээлчид гэсэн “зохиогч” –тойгоор нийтлүүлжээ.
Уг захидлыг уншиж үзсэний дараа , жинхэнэ ёсоор ил захидал бичье, тэгэхдээ түүний зохиогч шиг нэрээ нуулгүй гарын үсгээ зурцгаая гэж бодлоо.
Сонин сайтад нийтлүүлсэн уг захидлыг бичигч нь “Олгой хагаравч тогоон дотроо” хэмээх үг бий. Ажил мэргэжлийн тавилангаар нэг дор ажиллаж хамт олон болсон хүмүүст энэ үг илүү тусдаг. Тийм ч учраас МҮОНТ-ийн уран бүтээлчид сүүлийн 10-аад жил байгууллагынхаа болоод дарга нарынхаа хооронд үүсч байгаа элдэв хэл ам, маргаан муудалцаанд хүлээцтэй хандаж, хамгийн шударга шүүх болох цаг хугацааны дэнсэнд найдан суусан билээ гэж бичжээ. Үүнтэй бид санал нэгтэй байна. Сүүлийн арваад жил Ариунбат, Мөнхбаатар, Оюундарь, Даваабаяр, Энхтуяа гэсэн телевизийн 5 даргын нүүр үзлээ. Эдгээр дарга нарыг томилогдон ирэх болгонд тэднийг илгээж байгаа, тэдний ард нь байгаа нам эвслийн бүлэглэлийн тухай мэдээлэл дагаж, элдэв шуугиан гардаг боловч телевизийн уран бүтээлчид ёстой л “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг үгийг санаж , эгнээндээ авч хамтран ажиллахыг хичээж ирсэн билээ. Хичээсэн гэж хэлдэг нь ч учиртай юм. Уран бүтээлчид энд ажиллагч хамт олон бид бүгд өмнөх ажлаа хийж , бүтээл туурвилдаа шамдаж байх зуурт дээрх дарга нарын нэг, хоёроос бусад нь телевизийн ажил мэддэггүйн хар гай, эсвэл улс төрийн зорилгынхоо дагуу нөлөөлөл үзүүлэх гэж оролдсоны улмаас, тэр ч байтугай хувийн ашиг сонирхолдоо үндэсний телевизийн эфир, нэр нүүрийг ашиглах гэж оролдсоныхоо төлөө халагдаж одсон билээ. Харин алдаа гаргасныхаа төлөө өөрийнхөө хүсэлтээр огцорсон нэг ч дарга байдаггүй бөгөөд бүгд л “энхийн цагаан тагтаа” байснаа шагшиж , шүүх цагдаад гомдол мэдүүлдэг, шалгуулдаг, гэсэн хэдий ч тэдний талд нэг ч удаа шүүхийн шийдвэр гараагүй болохыг бид мэднэ.
Дэд захирлаар ажиллаж байсан Ё. Батбаярын хувьд 20-иод сая төгрөгийн хуучмн тоног төхөөрөмжийг MNB.MN сайтад шахах гэж оролдоод түүнийг нь зогсоосны төлөө ерөнхий захиралд “дайн зарласан” уг хэргийг хийхдээ сайтын нэгэн ажилтны гарын үсгийг хуурамчаар зурсан ч гэх шиг хөгийн л юм дуулдаж байна.
Энхтуяа захирлыг халсан тушаалд ч тодорхой үндэслэл бүхий заалт байгаа юм билээ. За энэ бүгд яахав, хэнийх нь зөв болохыг тогтоодог газар нь тогтооно биз. Улс төрийн томилгоотой захирлуудыг ажлаас халсан гэдэг нь жирийн уран бүтээлчид бидэнд ажлаа сэтгэл тайван хийх боломжийг олгож байна, нөгөө талаар, Үндэсний телевиз аливаа улс төрийн хүчний нөлөөллөөс хол байж, олон нийтийн гэдэг үндсэн нэр , үүрэгтээ ойртоход нэгн алхам болж байгаа бус уу?
Цаг хугацаа бүхнийг харуулна гэдэгтэй бид бас санал нэгтэй байна. Уран бүтээлчид та бид хэдүүлээ хэн нэгний харвах сумны үзүүр, хөлсний этгээд болоод яах юм бэ? Бас нэг зүйл зөвлөхөд уран бүтээлч та хувийн санал бодлооо бичиж байгаа бол түүнийгээ л хэл ! Харин нийт уран бүтээлчид гэсэн хаяг битгий зүү!
Захидлыг бичигч та болоод энэхүү хариу захидлыг илгээгч бидний хэн хэн нь нэгэн оны ажлаа дүгнэж, шинэ оноо угтаж байгаа Монголын ард түмэн, үзэгч сонсогчдод сайн сайхан нэвтрүүлэг хүргэхээр цагийн зүүтэй уралдан зүтгэж байгаа билээ. Сэтгэлгүй, мэргэжилгүй нэгэнд тогоо шанагаа даатгаад орхилгүй, өөрсдөө сэтгэл санаа амар, гал хөсөө тааруулан суувал бидний чанаж байгаа олгой хагарахгүй санагдана.