Хамтлаг дуучдын шинэ жилээр дуулх үнэ ханш нийтэд илэрхий болжээ. Энэ жилийн хувьд хамтлаг дуучдын ханшийн дээд үнийг Төрийн соёрхолт Д.Болд тогтоожээ.
Тэрбээр 5.5 сая төгрөгөөр дуулахаа мэдэгджээ. Түүний дараагаар поп хатагтай МУГЖ Б.Сарантуяа 2-3 дууг 4 сая төгрөгөөр дуулах гэнэ.Түүнчлэн Чингис хаан хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан 3.5-4 саяар дуулах аж. Харин МУГЖ Т.Ариунаа, С.Наран нар 2.5-3 сая төгрөгөөр дуулахаар болсон бол дуучин С.Сэрчмаа 2 сая төгрөгөөр хэдэн ч дуу дуулахад бэлэн хэмээсэн нь байгууллагуудад таатай санагдаж буй нь ойлгомжтой. Тэгвэл энэ жил дуучин BX-ийн дуулах ханш 500 мянган төгрөг байгаа юм.
Харин хамтлагуудын хувьд Хурд хамтлаг хамгийн өндөр ханшаар буюу 4 сая төгрөгөөс эхэлж дуулах бол Гурван охин, Киви хамтлагууд 2.5-3 сая төгрөгөөр дуулах юм байна. Рок попын залуу төлөөлөл болох Anemone хамтлагийнхан 1.2-1.5 саяар дуулах аж.
Харин нийтийн дуучдын хувьд 800 мянгаас 3 сая төгрөгөөр дуулахаар болжээ. Харин Ардын жүжигчин Д.Зангадын хувьд “Сүлд модны наадам” дуугаа 300 мянгаар дуулна гэсэн нь энэ жилийн хамгийн доод ханш юм байна.