Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнгөрсөн бямба гарагт Завхан аймгийн төв Улиастайд томилолтоор ажилласан бол өнөөдөр өглөө Өвөрхангай аймагт ажиллахаар мордлоо. Тэрбээр Завхан аймгийн төв Улиастайд ажиллах үеэрээ аймгийн Нэгдсэн эмнэлэг, нэгдүгээр 10 жилийн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Түүнчлэн цэргийн анги, хууль, хүчний байгууллагын ажилтан, албан хаагчид, худалдааны төвийн бизнес эрхлэгчидтай уулзаж Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэж баталсан болон хэлэлцэхээр төлөвлөж байгаа хууль тогтоомжуудын талаар мэдээлж, иргэд сонгогчдын санал бодлыг сонслоо.
Улсын Их Хурлын дарга Өвөрхангай аймагт ажиллах хугацаандаа Арвайхээр, Баянгол, Сант, Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл сумын иргэд сонгогчидтой уулзахаар төлөвлөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.