Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ чөлөө авч хүмүүнлэгийн ажилд анхаарлаа хандуулаад байсан жүжигчин Г.Ундармаа уран
бүтээлдээ эргэн оржээ. Бие даасан дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон түүний ээлжит шинэ кино удахгүй нээлтээ хийх гэж байна. “U film” продакшны шинэ бүтээл нь балетын урлагийг түлхүү сурталчилсан гэдгээрээ онцлогтой.
Балетын өмсгөлийн нэрээр нэрлэсэн “Тютю” хэмээх киноны гол дүр болох Алимаагийн дүрийг ОХУ-ын Театр, урлагийн академийн жүжигчний хоёрдугаар ангийн оюутан М.Цэрэндолгор бүтээжээ. Харин түүний дурлалт залуугийн дүрд залуу жүжигчин Л.Гантулга тоглосон байна. Үүнээс гадна гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Золбоот, Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар Г.Ундармаагийн шинэхэн бүтээлд хүч нэмжээ. Киноны хөгжмийг “Никитон”-ы Баачка бичиж, хувцас загварыг Ариунаа Сүри урласан байна. Г.Ундармаагийн найруулсан хоёр дахь бүтээл ирэх сарын 9-нд нээлтээ хийх тов гарчээ.
Б. Ами