Улсын чадаагүйг хувийнхан хийг, харин саад л бүү болоосой

550cea1a4f30e84foriginal

Гавьяат жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төсөл хэрэгжүүлж, улсын эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг олон түмний дэмжлэгээр орчин үеийн стандартын дагуу тохижуулж өгч байгаа бол “Х Түц” хамтлагийн жүжигчин, гавьяат И.Одончимэг ч гэсэн саяхнаас хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож, Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг барьж өгөөд буй.

Энэ мэтчилэн нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг жүжигчин бүсгүйчүүд өөрсдийн санаачилгаар, халуун сэтгэлт хүмүүсийн дэмээр бага ч болов шийдэж байгаа. Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрдөг улстөрчдөөс илүүтэй хүсэл мөрөөдөл, сэтгэл зүтгэл байхад юуг ч бүтээж болдгийн тод жишээ энэ.

Тэгвэл монголчуудын олонх нь М.Билэгт гэх эмэгтэйг танихгүй л болов уу. Тэрбээр 20 жил хөлсөө дуслуулан, хөдөлмөрлөж байж олсон хэдээ Монголд орчин үеийн жишигт нийцсэн хавдрын эмнэлэг барихад зарцуулаад байгаа аж. Түүн шиг зориг, зүрх гаргах хүн бидний дунд хэр олон бол. Хавдрын өвчлөлийг эрт оношлох, төгс эмчлэх зорилгоор 2011 оноос “Ачлал оточ” төсөл хэрэгжүүлэн, дэлхийд тэргүүлэгч технологитой Япон улсын эмнэлгийн менежментийг эх орондоо нэвтрүүлэхээр ажиллаж буй нь энэ.

Гэтэл ашиг хонжоо харсан хэсэг бүлэг нөхдөөс болоод эмнэлгийн барилгын ажил нь түр зогсчихоод байгаа юм байна. Хавдар хэмээх тахал дэлхий дахинд жил бүр 14.1 сая хүнийг өвчлүүлж, 8.2 саяыг нь бурхны оронд буцаадаг гэсэн статистик бий. Тэгвэл Монголд нас баралтын хоёр дахь шалтгаан нь энэ болж, жилд дунджаар 4500 орчим хүн уг тахлаар өвчилж, 3000 гаруй нь таалал төгсдөг аж. Өнгөрсөн онд л гэхэд 5255 хүн шинээр хавдартай хэмээн оношлогдож, 3660 өвчтөн нас барсан гэсэн харамсалтай мэдээ байна.

Тэгвэл 2007 онд 100 мянган хүн тутмын 136 нь хавдартай гэж оношлогддог байсан бол өдгөө нийт хүн амын 10 хувь нь ямар нэгэн хавдартай болсон нь цөөхөн монголчуудын хувьд эмгэнэл. Гэтэл улсдаа хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлдэг ганцхан эмнэлэг нь ачааллаа дийлэхээ байж, өвчтөнүүдэд хэвтэн эмчлүүлэх, эмчилгээ, оношилгоо хийлгэх нөхцөл хязгаарлагдах болсон.

Хавдар судлалын үндэсний төвд өдөрт 180-200 хүн үйлчлүүлдэг ч бүгдийг нь үзэж, эмчилж хүчрэхгүй байгаа. Иймээс 2011 онд Хавдрын эмнэлгийг өргөтгөхөөр болж, тендерт нь “Суурь” компани шалгарч байв. Эднийх 5000 ам метр талбай бүхий эмнэлгийн өргөтгөлийг гурван тэрбум төгрөгөөр барих ёстой байсан ч өнөө хэр ашиглалтад оруулсангүй, эмнэлгийн барилга нь сууриас хэтэрсэнгүй. Жил бүр 2000-3000 хүн хавдраар үхэж байхад бүхэл бүтэн улс ганц эмнэлэг өргөтгөж дийлэхгүй, дөрвөн жилийн нүүр үзэж байгаа нь гутамшиг гэлтэй.

Энэ хэвээрээ байвал хавдрын өвчлөл ирэх 10-20 жилд буурахгүй, улам нэмэгдэнэ гэж эмч нар ярьж байна. Манайх шиг хавдрын өвчлөл ихтэй, ядуу буурай оронд ХСҮТ шиг таван эмнэлэг байсан ч хүрэлцэхгүй аж. Энэ нь эмнэлэг ямар их хэрэгтэйг харуулж буй хэрэг. Нийгэмд хэрэгтэй, сайн үйл хийж буй нэгнээ дэмжихийн оронд амныхаа зоргоор мөнгө нэхэж, ажлыг нь цалгардуулахаас өөр юу ч хийдэггүй хүмүүс олноосоо цөөн байгаа нь яамай.

М.Билэгт яагаад эмнэлэг барих болсон, ажил нь юунаас болж гацаад буйг товчхон хүргэе. Тэрбээр нийслэлийн Засаг даргын 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны 293 тоот захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн XVIII хорооны нутаг Хавдар судлалын үндэсний төвийн баруун урд 19х39 харьцаатай 10.000 ам метр талбайтай, 120 ортой, 12 давхар хамгийн орчин үеийн эмчилгээ, оношилгооны төв барихаар 2011 оноос ажлаа эхлүүлжээ. Уг эмнэлгийн барилга угсралтыг Японы эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн удирдлага, зааврын дагуу өдгөө 80 орчим хувийг нь гүйцэтгээд байгаа аж.

Анх ТЭЗҮ-ийг нь боловсруулаад барилгын ажлаа эхлүүлсэн ч эмнэлгийн дотоод урсгал нь олон улсын жишигт нийцэхгүй, ийм эмнэлэгт Японы эмч, мэргэжилтнүүд ажиллахгүй гэсэн тул эмнэлгийн доторх зохион байгуулалтаа дөрвөн удаа өөрчилсөн байна. Шулуухан хэлэхэд, Монголд гадаадын жишигт нийцсэн эмнэлгийн барилгын зураг төсөл гаргаж чадаагүй аж. Тиймээс эмнэлгийнхээ ТЭЗҮ-ийг гадаадын мэргэжилтнүүдээр хийлгэсэн байна.

М.Билэгт Японы эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч ажилтнуудыг менежменттэй нь оруулж ирэхийн тулд өчнөөн хүнтэй уулзаж, санал хүсэлтээ тавьж, хөлөө хүрэх газраа хөөцөлджээ. Үүний эцэст дэлхийн 100 гаруй оронд төлөөллийн газартай Япон улсдаа №1 “Сожицу” групптэй холбогдож, учир байдлаа хэлснээр тэд тус улсад 20 гаруй эмнэлгийн менежментийг хариуцан ажилладаг “Капитал медика” компанийг санал болгож, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт олох боломж гаргаж өгсөн байна.

М.Билэгт “Хавдраар өвчлөгсдийн тоо хэдийнэ 300 гаруй мянга давсан нь цөөн хүн амтай манайх шиг хөгжиж буй улсад нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна. Хорт хавдраар өвчлөгсдийн 79.7 хувь нь хожуу үедээ буюу III, IV шатандаа оношлогдож, 67.5 хувь нь анх оношлогдсоноосоо хойш нэг жилийн дотор нас барж байгаа нь энэ төрлийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрт үед нь оношлох зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Зөвхөн элэгний хорт хавдраар л гэхэд дэлхийд тэргүүлж, нас баралтаар дэлхийн дунджаас зургаа дахин өндөр байгаа. Иймд Монголын ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулъя гэж шийдэн, дэлхийн орчин үеийн стандарт хангасан эмнэлгийн барилга барьж, тухайн улсынх нь эмнэлгийн оношилгоо, эмчилгээний менежментийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь энэ. 120 ортой, Японы эмч нарын хэлсэнчлэн орчин үеийн жишигт нийцсэн 12 давхар эмнэлгийн барилгаа барьчихлаа.

Оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдээ оруулж ирэн, суурилуулъя гэтэл одоо барьж буй эмнэлэгт техник, төхөөрөмжүүдийг нь бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжгүй болсон. Учир нь гадаадын жишигт нийцсэн эмнэлэгтэй болъё гэвэл дор хаяж 20 мянган ам метр талбайтай барилга байх ёстой юм билээ. Тиймээс дахиад 10 мянга гаруй ам метр талбай бүхий барилга нэмж барих шаардлага тулгарсан. Ингэж байж тэндхийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжтой болохыг тус улсын мэргэжилтнүүд зөвлөсөн юм.

Гэтэл одоо барьж буй эмнэлгийн яг хажууд “ИНЭЛ” ХХК-ийнхан орон сууц, үйлчилгээний зориулалттай газар эзэмшиж байсан нь аз таарсан хэрэг. Тус компанийнханд газар дээр нь эмнэлэг барих хүсэлтээ хэлэхэд найрсгаар хүлээн авч, “Энд орон сууц байснаас эмнэлэг барьсан нь дээр” гэж үзээд газрын гэрчилгээгээ надад шилжүүлсэн юм. Ингээд хавдрыг эрт оношлон, эмчлэх 18 давхар, 16000 ам метр талбай бүхий 180 ортой өргөтгөлөө 2014 оны зургадугаар сараас барьж эхлэх байсан ч гацчихлаа.

Сууриа л тавьсан. Учир нь манай эмнэлгийн эзэмшил газартай зэргэлдээ байрлалтай 10х16 метрийн хэмжээтэй, 160 ам метр газрын эзэмшигч С.Энхцэцэг гэх эмэгтэй нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын хэлтэст буруу ташаа мэдээлэл өгч, хүн ардын эрүүл мэндийн төлөө хийж буй бүтээн байгуулалтад санаатай саад учруулж, барилга угсралтын ажлыг зогсоолгох оролдлого удаа дараа хийснээр зорилгоо биелүүллээ.

Түүнээс гадна ойр хавийн орон сууцны оршин суугчдыг турхирсны улмаас оршин суугчид “Нар, салхи хаалаа” гэх нэрийдлээр шүүхэд зарга мэдүүлэх болсон. Бид энэ дагуу нийслэлийн Засаг даргад хүсэлт тавьж, асуудлыг маань шийдэж өгөхийг гуйсны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд 40 гаруй хоног манай эмнэлгийн барилгуудыг шалгасан. Ийн 2014 оны аравдугаар сарын 13-нд Э.Бат-Үүл дарга захирамж гаргаж, эмнэлэг барих гэж буйг дэмжин “Эл барилгыг эмнэлгийн зориулалтаар барьж болно. Байр хоорондын хэмжээ гээд бүх юм нь стандартын дагуу юм байна” гэсэн дүгнэлт гаргасан.

Гэхдээ 2014 оны дөрөвдүгээр сард гаргасан “Барилга барихдаа ойр хавийн оршин суугчдаасаа санал авна” гэсэн журмыг дагах ёстойг сануулсан юм. Ийм шийдвэр гарсны дараа “Нар хаалаа, танайхыг бариулахгүй” гэж заргалдаад байсан оршин суугчдын төлөөлөл гэгдэх 7-8 хүн заргаа өөрчилж, “Иргэдээс санал ав гэсэн биз дээ. Нэг ам метр талбай тутамд 1.5 сая төгрөг бидэнд өгчихвөл эмнэлгээ барьж болно” гээд ацаглаад байдаг. Тооцоод үзвэл тэдэнд найман тэрбум төгрөг өгөхөөр болчихоод байдаг. Гэтэл тийм их мөнгө бидэнд байхгүй.

Монголын ард түмэнд хэрэгтэй энэ ажил нь бусдын шуналаа гүйцэлдүүлэх талбар байж болохгүй. Үүнээс болж барилга угсралтын ажлыг зуны гурван сар хийлгээгүй. Эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр санаачилж, хавдрын оношилгоо, эмчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Японы эмнэлгийн менежментийг Монгол Улсдаа оруулж ирэхээр ажиллаж байгаа бидэнд төр захиргааны байгууллагын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болоод байна. Эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэхэд саад учруулж, элдэв худал мэдээлэл түгээн, хүмүүсийг шантаажилж, орлого олдог мэргэшсэн этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоохыг хүсэж байна” гэж ярилаа.

Саяхан Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, МХЕГ хамтран, “Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд” сэдэвт үндэсний зөвлөлгөөн зохион байгуулсан. Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Монгол Улсад элэг, бөөр, чөмөг болон үр шилжүүлэн суулгах, бусад томоохон эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, хагалгааны дараах эм, эмнэлгийн хэрэгслийг төр дангаараа хариуцах боломжгүй болоод байна. Иймд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэднээр төрийн үйлчилгээг гүйцэтгүүлэх шаардлагатай” гэж хэлсэн.

Төр мөнгөө гаргаж, төрөх болон хүүхдийн эмнэлэг барьж дийлэхгүйд хүрээд буйн тод жишээ нь Зам, тээврийн яамны хуучин барилгыг эмнэлэг болгох шийдвэр юм. Ийм байхад дахиад хавдрын эмнэлэг бариад өг гэвэл ам руугаа алгадуулах биз. Дээр дурдсан нийт 300 ортой, хавдрын орчин үеийн эмнэлгийг барьж ашиглалтад оруулахад 200 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоог М.Билэгт гаргажээ. Эхний барилгад л гэхэд зөвхөн эмнэлэгт шаардлагатай инженерийн шугам, цахилгаан эрчим хүчний холболтод дөрөв орчим сая ам.доллар зарцуулсан аж. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор хавдрыг эсийн түвшинд оношилдог болно.

Ингэвэл ирээдүйд монгол хүн хавдраар үхэхгүй. Учир нь бүгдийг эрт үед нь илрүүлэн, эмчилдэг болох өөдрөг ирээдүй харагдаж буй. Тус эмнэлгийн нийт ажилтнуудын 80 хувь нь монгол эмч нар байх юм билээ. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Монголчууд хавдраа эмчлүүлэх гэж харь улсыг зорьж, өчнөөн мөнгөө үрэн таран хийж, нохой нүцгэн, гахай явган хоцорч, нийгэмд эмзэг өрх нэмэгдсээр л байна. Харин гадагшаа явах замынхаа зардлаар эх орондоо цаг алдалгүй эмчилгээ, үйлчилгээ авдаг болчихвол хэчнээн сайхан билээ.

Тэрбээр “Төслийнхөө 50 гаруй хувийг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Хэзээ нэгэн цагт энэ асуудал цэгцэрнэ гэдэгт итгэлтэй байна” гэж байсан. Ажиа гэгээн Монголд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барьж өгсөнд ард түмэн ихэд талархаж, олон ч хүн тусалсан. М.Билэгт ч төрөөс нэг ч төгрөг нэхээгүй. Барилгын ажилд нь саад учруулж, их хэмжээний мөнгө нэхэмжлээд буй иргэдийг л зогсоож өгөхийг хүссэн. Тэр бол гаднаас хөрөнгө босгохдоо уул уурхайн бизнест оруулж, баялгийг нь ухаж аваад зугтах гээгүй. Жинхэнэ баялгийг эх орондоо бүтээхээр зорьж буй жирийн нэгэн эмэгтэй.

Эдийн засаг хэцүүдсэн энэ цагт байдаг хөрөнгөө барчихаад, харамсах зүйлгүй гээд сууж байгаа түүн шиг хүн ховорхон л болов уу. Бид хийж бүтээе гэсэн нэгнээ дэмжих хэрэгтэй. Найман хүний эрх ашиг уу, нийт монголчуудын эрүүл мэнд чухал уу гэдгийг ялгаж, салгах л үлдлээ.

Эх сурвалж: deed.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …