Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, “Бөртэ чоно-2014” наадмын ажлын хэсгээс өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Монголын спортын салбарын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно 2014” наадам энэ сарын 25-нд буюу өнөөдөр болно.
Энэ удаагийн наадамд 18 тамирчин 2014 онд үзүүлсэн амжилтаараа нэр дэвшсэн юм. Ингээд өчигдөр оны шилдэг баг болон залуу тамирчидыг нэрлэсэн юм.
“Оны шилдэг залуу тамирчин” номинацид чөлөөт бөхийн А.Батцэцэг, Б.Дөлгөөн, шатрын Д.Мөнхзул, жүдогийн Ө.Дүүрэнбаяр, хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн баг зэрэг 5 тамирчин, баг өрсөлдсөн. Эдгээр нэр дэвшигчдийг МССХ, Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцээд жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Азийн наадмын мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаярт “Оны шилдэг залуу тамирчин” өргөмжлөлийг олгохоор болсон байна.
Мөн оны спорт тоглоомын шилдэг багийн төлөө 3 баг өрсөлдсөнөөс Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг 2014 оны шилдэг багаар тодорчоо. Тэд өнөөдөр “Бөртэ чоно-2014” наадмын ёслол дээр цомоо гардан авна.
А.Барс