Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтэн өнчин хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх заалт биелэлээ олж, аймгийн хэмжээнд 138 хүүхдэд жилд 120 мянган төгрөгний тусламж үзүүлэхээр болсон. Гэхдээ мөнгөө шууд бэлнээр олгохгүйгээр Төрийн банктай гэрээ байгуулж, хадгаламжийн дэвтэр нээн хамгийн өндөр хүүгээр буюу 15,6 хувийн хүүтэй нөхцлөөр хадгалуулан 18 нас хүрч, тухайн хүүхэд өөрөө төрөөс үзүүлсэн хадгаламжийн мөнгөө Хүүхэд гэр бүлийн хэлтсээс авахаар боллоо. Аймгийн хэмжээнд бүтэн өнчин 138 хүүхэд байдгаас Жаргалант суманд 64 хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн төлөөлөл болсон хүүхдүүдийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хүлээн авч уулзаж Хадгаламжийн дэвтрийг нь гардууллаа.
Засаг дарга Д.Цэвээнравдан хүүхдүүдэд хандаж:
“Мэдлэг гэдэг бол хүч чадал юм. Мэдлэг гэдэг бол сайн сайхан амьдрах баталгаа юм” тиймээс дүү нар минь сурлага хөдөлмөртөө л улам шамдаж, эх орондоо хэрэгтэй бие хүн болж төлөвшөөрэй гэж уриаллаа.
Мөн бүтэн өнчин хүүхдүүдийг асран хамгаалж байгаа аавынх нь оронд аав нь болсон, ээжийнх нь оронд ээж нь болсон ах, эгч нарт нь баярлаж байгаагаа илэрхийллээ.