Орон сууцны 8 %-ийн зээл хүссэн иргэд Ипотекийн Зээл олгох журмын 3.1.2-т заасан: “банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх” гэсний дагуу холбогдох газраас тодорхойлолт лавлагаа авч зээл хүссэн материалдаа хавсаргах ёстой болж байгаа юм. Үүнээс болж иргэд лавлагаа авах гэсэн иргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үүдэнд урт дараалал үүсгэжээ. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2 ажилтнаараа дээрх лавлагааг гаргуулж өгч байгаа ба эдгээр ажилтнууд нь иргэний лавлагааг гаргахдаа хэтэрхий удаж, хамгийн багадаа л 5-10 минут болж байгаад иргэд бухимдалтай байгаа юм байна. Ингэж нэг хүний лавлагааг удаан гаргаж байгаа, мөн 2-хон ажилтнаар иргэдэд лавлагаа гаргуулж өгч байгаа ШШГЕГ-ын үүдэнд урт оочер дараалал үүсэхэд хүргэжээ. Мөн тендерт орох гэж байгаа компаниуд эндээс лавлагаа авахын тулд удаан дугаарлаж зогсох хэрэг гарна.
Өдөржингөө дугаарлаж зогсоон иргэд яг лавлагаа авах цонхонд хүрэхийн даваан дээр ШШГЕГ-ын ажилтнууд ажлын цаг дууслаа гээд хаах гэсэнд иргэдийн бухимдал, хүсэлтийн дагуу дуртай дургүй 1-2 цаг сунгаж ажиллахаар болж байх жишээтэй.
Уг нь ШШГЕГ-ын удирдлагын зүгээс энэ асуудлыг анхааралд авч, дотоод зохион байгуулалт хийж, лавлагаа өгдөг хүн хүчээ нэмэгдүүлчихвэл болчихмоор санагдах юм. Харамсалтай нь ШШГЕГ-ын дарга удирдлагууд үүнийг мэдсэн ч мэлдээгүй юм шиг хандаж байгаа нь иргэдийн ингэж чирэгдүүлж “кайф” авдаг юм бол уу гэж бодоход хүргэж байна. Иргэн та хэрвээ энэ газраас орон сууцны 8 хувийн зээлийн лавлагаа авах гэж байгаа бол дор хаяж 5-6 цаг дугаарлан зогсоно гэж ажлаа зохицуулан очих хэрэгтэй болж байна даа.
Х.Лут