Монгол Улсын нийт хүн амын тоо 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2995949 болж, өмнөх оныхоос 65672 хүн буюу 2.2 хувиар өслөө.
Одоо 4051 хүүхэд шинээр мэндлэхэд Монгол Улсын хүн ам гурван саяд хүрэх тооцоолол гараад байна. Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа тухайн өдрийн 00 цагаас эхлэн 24 цаг хүртлэх хугацаанд төрсөн төрөлт бүрийн мэдээллийг үндэслэх юм. Ингэхдээ Монгол Улсын харъяалалтай иргэнээс мэндэлсэн хүүхэд бүрийг гурван сая дахь иргэн тодруулах бүртгэлд хамруулна. Монгол Улсын харъяалалтай иргэн нийслэл, дүүрэг, аймаг, сум цаашлаад хилийн чанадад ч төрсөн бай гурван сая дахь иргэнийг тодруулах бүртгэлд хамрагдах журамтай.
Журмын дагуу Монгол Улсын иргэн өөрийн үндсэн хаяг болоод төрх эмнэлгээс бусад газар төрсөн тохиолдолд тухайн өдөртөө багтан үндсэн харъяалалдаа хүүхэд төрсөн он сар өдөр цаг минутаа бүртгүүлэхээр заасан байна.
Хилийн чанадад төрсөн Монгол иргэдийн хувьд тухайн улсынхаа консулын газарт төрсөн эмнэлэгийнхээ төрөлтийн албан ёсны бүртгэлийг тухайн өдөрт нь тэмдэглүүлэх ёстойг мөн журманд тусгасан байна. Гурван сая дахь иргэнээр тодорсон хүүхдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний буюу 70 сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Харин гурван сая дахь иргэнтэй чацуутангуудыг гурван сая төгрөгөөр урамшуулахаар болсон. Монгол Улсын хэмжээнд дүүрэг аймаг бүрт гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн чацуутаныг тодруулан тухайн орон нутгийн зүгээс гурван сая дахь иргэний урамшуулалтай тэнцэхүйц хэмжээний буюу 70 хүртэл сая төгрөгийн урамшуулал олгохийг захирамжид тусгасан байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт 2014 онд 81715 хүүхэд мэндэлсэн нь төрөлтийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо. 1988 онд 75832 хүүхэд, 2013 онд 79780 хүүхэд төрсөн нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа.
Монгол Улсын төрсөн хүүхдийн тоо
Өнгөрсөн онд гадаадад 1124 монгол иргэн мэндэлж, манай улс нийтдээ 82839 шинэ иргэнээр бүл нэмлээ.
Манай улсын нийт хүн ам 4051-ээр нэмэгдэхэд 3 саяд хүрнэ. 3 сая дахь иргэн энэ оны 1 дүгээр сард төрөх төлөвтэй байна.
Монголын үрс маш олон болтугай.
Эх сурвалж : МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО