Өчигдөр Эрүүл мэнд спортын яам болон Үндэсний статистакийн газар хамтран гурван сая дахь иргэнээ хэрхэн тодруулах тухай Засгийн газрын 400-р тогтоолын хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн газар болоод Статистакийн газар, Аймаг дүүргийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ.
Хуралд Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдамба, Үндэсний статистакийн газрын дарга С.Мэндсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ оны нэгдүгээр сард тодрох тооцоолол гараад байгаа. 2015 оны нэгдүгээр сарын тавны өглөөний Үндсэний статистакийн газрын мэдээллээр Монгол Улсын хүн амын тоо 2 995 949 болсон байна. Одоо 4051 хүүхэд шинээр мэндлэхэд Монгол Улсын хүн ам гурван саяд хүрэх тооцоолол гараад байна. Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа тухайн өдрийн 00 цагаас эхлэн 24 цаг хүртлэх хугацаанд төрсөн төрөлт бүрийн мэдээллийг үндэслэх юм. Ингэхдээ Монгол Улсын харъяалалтай иргэнээс мэндэлсэн хүүхэд бүрийг гурван сая дахь иргэн тодруулах бүртгэлд хамруулна. Монгол Улсын харъяалалтай иргэн нийслэл, дүүрэг, аймаг, сум цаашлаад хилийн чанадад ч төрсөн бай гурван сая дахь иргэнийг тодруулах бүртгэлд хамрагдах журамтай.
Журмын дагуу Монгол Улсын иргэн өөрийн үндсэн хаяг болоод төрх эмнэлгээс бусад газар төрсөн тохиолдолд тухайн өдөртөө багтан үндсэн харъяалалдаа хүүхэд төрсөн он сар өдөр цаг минутаа бүртгүүлэхээр заасан байна.
Хилийн чанадад төрсөн Монгол иргэдийн хувьд тухайн улсынхаа консулын газарт төрсөн эмнэлэгийнхээ төрөлтийн албан ёсны бүртгэлийг тухайн өдөрт нь тэмдэглүүлэх ёстойг мөн журманд тусгасан байна. Гурван сая дахь иргэнээр тодорсон хүүхдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний буюу 70 сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Харин гурван сая дахь иргэнтэй чацуутангуудыг гурван сая төгрөгөөр урамшуулахаар болсон. Монгол Улсын хэмжээнд дүүрэг аймаг бүрт гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн чацуутаныг тодруулан тухайн орон нутгийн зүгээс гурван сая дахь иргэний урамшуулалтай тэнцэхүйц хэмжээний буюу 70 хүртэл сая төгрөгийн урамшуулал олгохийг захирамжид тусгасан байна.
Цахим хурлын үеэр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Монгол Улс гурван сая дахь иргэнээ тодруулах түүхэн хариуцлагатай энэ цаг мөчид голлох үүрэг хүлээж байгаа Эрүүл мэндийн байгууллагууд мэргэжилийн өндөр түвшинд ажиллаж, шинэ иргэн төрсөн мэдээллийг холбогдох байгууллагуудад хугацаа алдалгүй түргэн шуурхай өгч ажиллахыг үүрэг болголоо. ЭМСЯ-аас тодорхой ажлын хэсэг гаргаж заавар зөвлөгөөг тогтмол өгөхөөс гадна энэ долоо хоногт багтан ЭМСЯ-ны харъяа Эрүүл мэндийн үндэсний төвөөс бүх аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүдтэй холбогдон цахим хурал хийхээ мэдэгдлээ.