Франц улс 3 өдрийн гашуудал зарлалаа. Францын “Charlie Hebdo” сэтгүүлийн редакци руу халдаж 12 хүний аминд хүрч, олон арван хүнийг шархдуулсан алан хядагчдын нэгийг баривчилжээ.
Гэтэл тэр “Би тэдэнтэй ямар ч хамаагүй, террористуудын жагсаалтад орсноо интернэтээс мэдээд та нарт хандлаа” гэж мэдэгдлээ.
Цагдаа нар 7-ноос 8-нд шилжих шөнө Реймс, Шарлевилль-Мезьер хотод тусгай ажиллагаа явуулсан байна.
2 алан хядагчийг баривчилж, 1 нь амь үрэгдсэн гэх мэдээлэл зарим мэдээллийн байгууллага цацлаа.
Францад болсон алан хядлагын талаар Шведийн шог зураач Ларс Вилкс “Энэ эмгэнэлт явдлаас болж, нийгэмд айдас хүйдэс ноёрхож магадгүй” хэмээн мэдэгдлээ.
Тэр өөрөө мөн шашны сэдвээр олон шог зураг зурж, нийтэлсэн нь нийгэмд их дуулиан тарьсан. “Редакцид цуст хядлага үйлдсэнээр хаа сайгүй айдас хүйдэс ноёрхож, эрх чөлөөг боомилох үзэгдэл гарч магадгүй. Хүмүүс улам их айж байна. Ийм явдлын дараа тиймэрхүү шог зураг нийтэлж зүрхлэх хүн олох уу?” гэж “RT” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдэв.