Өнөөдөр Чингисийн талбайд “Хөдөлмөрчдийн орлогыг танаж биш нэмж, эрх баригчдын тансаглалыг зогсоож хямралаас гарахыг шаардсан” жагсаал боллоо. Энэхүү жагсаалд оролцогч Сонгинохайрхан дүүргийн 26-р цэцэрлэгийн манаач, 26-р цэцэрлэгийн үйлдвэрчний эвлэлийн бүлгийн зохион байгуулагч Гармаагийн Өлзийпүрэв:
-Би улсад 42 жил ажиллаж байна. Сард 400 мянган төгрөгний цалин авдаг. Тэрнээсээ өнөөх олон татвар нь хасагдаад 340 мянга хавьцаа л цалин авдаг. Энэ цалингаараа амьдралаа залгуулах гэж ядаж явахад төр засгийн өрийн дарамтыг ард иргэдэд үүрүүлж байгаад иргэн хүний хувьд эсэргүүцэж байна.
Хэдэн гишүүдийн “гүзээнд” орсон мөнгийг яагаад иргэд бид нар төлөх ёстой гэж. Анхнаасаа өөрсдөө төсвөө гаргаж баталчихаад одоо бас хасаж танана гээд байдаг. Авдаг хэдэн төгрөгний цалингаараа амьдралдаа зарцуулаад хүрэх нь битгий хэл юм болж байхад нэмэгдүүлэх биш хасна, танана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ёстой ард иргэдийнхээ амьдралаар “тоглож” байгаа хэрэг юм биш үү. Тэд нар өр тавиад ард иргэд нь төлж байдаг тийм “завхарсан” юм гэж юу байх вэ дээ. Яг үнэндээ бид “ажиллаад л байдаг, ядуураад л байна шүү дээ”. Улсад 42 жил цалинтай ажилласан хүн гэхэд өнөөдөр өөрийн гэсэн жижигхэн хөрөнгөтэй, амьдрал ахуй “под хийсэн” болчихсон байна биз. Гэтэл миний, бидний амьдрал тийм болоогүй байна. Яагаад вэ гэвэл цалин бага өртөг их байна. Бид уриа лоозонгоо бариад төрийн ордон, талбайг бүтэн гурав тойрч байхад тэр эрх баригчид юу бодож сууна.
Ч.Мандах