Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2015 оны анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтнуудын уулзалт хийх тухай” журмын төслийг хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтнуудын уулзалт хийх тухай” журмын төслийг боловсруулжээ. Тус журам нь нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагын удирдах болон гүйцэтгэтгэх албан тушаалтнууд аливаа асуудлаар иргэнтэй уулзахдаа уулзалт зохион байгуулах шилэн хаалгатай, дүрс болон дуу бичлэг, компьютер техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай өрөөнд уулзаж байхаар зохицуулж байгаа юм. Мөн тухайн уулзалтыг бусдад харуулах байдлаар дэлгэц байршуулсан байх шаардлагатай. Энэ нь тухайн албан тушаалтан хүнд суртал гаргаж авилгад өртөхгүй, хэн нэгний нөлөөнд автахгүй байх зэрэг асуудлыг хянаж, зохицуулах боломжтой гэж үзэж байна.
Одоогоор хэрэгжиж буй журмын дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнууд нийслэлийн Засаг даргаас баталсан Иргэд хүлээн авах хуваарийн дагуу иргэдтэй уулзах хуваарьт уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Харин шинээр боловсруулсан журамд дээрх уулзалтыг тусгай өрөөнд зохион байгуулах, уулзах хүсэлт гаргасан албан тушаалтан уулзах сэдвийн талаар тухайн уулзалтыг зохион байгуулах мэргэжилтэнд урьдчилан мэдэгдсэн байхаар зохицуулж байна. Хуваарьт уулзалт болон бусад уулзалтын үед шууд шийдвэрлэх боломжгүй асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж иргэнд албан бичгээр хариу хүргүүлнэ. Уулзалтын дүн мэдээ, шийдвэрлэсэн асуудлын талаарх мэдээллийг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэст нэтгэн улирал бүр Нийслэлийн удирдлагад танилцуулж байхаар заажээ.
Өнөөдрийн байдлаар эхний ээлжинд нийслэлийн ЗДТГ-ын 1 давхарт уулзалтын тусгай өрөөг бэлтгэсэн байна. Харин нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд ордон, бусад байруудын давхар бүрт уулзалтын тусгай өрөөг гаргахаар судалж байгаа гэдгийг нийслэлийн ЗДТГ-ын Ё.Гэрэлчулуун хэллээ.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Хэн нэгэнд биш өөрсдөдөө зориулж ил тод байдлыг эрхэмлэж ажиллах хэрэгтэй. Тиймээс холбогдох хууль тогтоомжуудыг үндсэлэн энэ уулзалтын журмыг яаралтай хэрэгжүүлж, хэвшүүлэх шаардлагатай. Энэ бол нутгийн захиргааны байгууллагат гарч буй нэг дэвшил гэж үзэж байна. Харин тухайн албан тушаалтан уулзалтын тусгай өрөөнөөс өөр өрөөнд иргэнтэй уулзсан тохиолдолд энэ тухайгаа бичгээр заавал тайлбарлана. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл шууд АТГ-т шалгуулахаар хандана” гэдгээ мэдэгдсэн юм.
Иргэний зүгээс авлига нэхсэн гэх нотлогдоогүй, аман гомдол ирсэн тохиолдол байдаг байна. Тиймээс энэхүү журам хэрэгжсэнээр асуудлыг бодитойгоор шийдвэрлэх боломжтой болно гэж үзэж байгаа юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд уг журмын төслийг дэмжиж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.