Хүүдээ гомдсон эхийн шүлэг

1390500_256429074510756_1773548801_nХүүдээ гомдоод уйлж суунаа, ээж нь

Орчлонд чамайг мэндлэхэд ээж нь их баярласан
Орь залуу насны минь хувь тавилан гэж тайвширсан
Алтан дэлхийн нар минь гэж өхөөрддөг байлаа, хүүгээ
Азтай ,одтой эр хүн болноо гэж итгэдэг байлаа, хүүдээ

Хүүгээ уйлахад хамгийн түрүүнд ээж нь босно
Хүсэл мөрөөдлөө мартан чиний л төлөө амьдарна
Үргэлж чамайг аз жаргалтай байлгах гэж
Үдшийн бүрий болтол ажилладаг байлаа ээж нь

Төө зайгүй бүүвэйлж өсгөсөн тэр хайрыг минь
Тэнэгхэн үр минь чи мартжээ, янз нь
Даанч яав даа үр минь
Дахиад би чамд олдоно гэж үү, сайн бодоорой

Таалан өсгөсөн биенээс чинь тамхи үнэртдэг болов
Танхил хөөрхөн нүд чинь танигдахгүй болтлоо өөрчлөгдөж
Өөдөөс минь уцаарлаж, хатуу үг хэлдэг болчихож
Өөрийг минь үл тоож, гэртээ заримдаа хонохоо болчихож

Үүр шөнийн харанхуйгаас хайрлаж өсгөсөн үр минь
Үргэлж гэгээ татуулж орж ирэхийг би хүлээдэг
Ээждээ хайртай шүү гэсэн үгийг чинь дандаа сонсож
Эрч хүчтэй, итгэл найдвартай амьдрах гэсийм ээж нь

Эр бие чинь өссөн ч үр минь чи наддаа нялхаараа
Этгээд хачин зан гаргалаа ч ээждээ чи энхрий хэвээрээ

Хэн нэгэнд дурлаж сэтгэлээ илчилж болох боловч
Хээрийн цэцэгс шиг үзэсгэлэнг бүү хараарай
Хүүхэд насны давлиун зангаар зодоон хийж болох боловч
Хүний хүүхдийн эмзэг газар цохиж үл болноо

Орчлонд чи ээждээ сайн хүү гэдгээ харуулахгүй юм бол
Орь дуу тавин өвдөж зовох болно, ээж нь
Унаж босох амьдралын олон давааг
Урам зориггүйгээр туулах болно, ээж нь

Амьд явах сэтгэлийн тэнхээ алга, ээжид нь
Аминаасаа илүү өсгөсөн хүү минь чи харин жаргаж яв
Янжуурын утаа үнэрлэн, янагын дуу аялах оройтохгүй ээ
Ямартаа ч чиний сонголт мэргэн байг  үр минь

Өөрөөсөө илүү чамайг хайрлан өсгөсөнөө хэлье
Өөр хэнд ч биш чамд л итгэдэг шүү ээж нь
Хувь тавилангийн минь алдуурсан сэтгэл болохоор
Хаан шиг амьдраг гэж зөнд нь орхихгүй, чамайг

Нэг л өдөр орчлонг таньж ухаан суугаарай, хүү минь
Нээх их удахгүйгээр ээжээсээ уучлал гуйгаарай
Янжуурын утаа, янагын дурлалыг хойш нь тавьж
Ямар ч үед ээждээ хайртай гэдгээ хэлээрэй

Хүүдээ гомдоод ээж нь уйлж суугаа хэдий ч
Хэзээ нэгэн цагт чамайг ухаарна гэж итгэлээ
Хүүтэй хүний хүсэл биелэдэг болохоор
Хорвоо дээр хоёулаа жаргаж амьдарнаа, заавал

Б.Билгүүнд зориулав.

С.Пүрэвсүрэн

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …