Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр /2015.01.11/ өндөрлөлөө.
Эрэгтэй шатарчдыг тэргүүлж, алтан медаль хүртсэн С.Алтангэрэл
Нийт 94 эрэгтэй шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр нийслэлийн оролцогч С.Алтангэрэл 7.5 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар байрт Орхон аймгийн оролцогч Ө.Цэрэндорж, гуравдугаар байрт Дорнод аймгийн оролцогч Д.Дүүрэнжаргал шалгарав. Шагналт дөрөвдүгээр байрт Говьсүмбэр аймгийн оролцогч Г.Харуулбаатар, тавдугаар байрт Сэлэнгэ аймгийн оролцогч С.Сундуй шалгарсан юм.
Эмэгтэй шатарчдын тэргүүлж, алтан медаль хүртсэн Т.Март
Тэмцээнд 33 эмэгтэй шатарчин оролцсон. Дархан-Уул аймгийн оролцогч Т.Март 7 хожлоор тэмцээнийг тэргүүлж, алтан медаль хүртсэн бол Сэлэнгэ аймгаас оролцож буй Б.Алтантуяа удаалж, Увс аймгийн оролцогч Ж.Алтанцэцэг гуравдугаар байрт шалгарлаа.
Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор С.Алтанхуяг, шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Д.Сайнзаяа нарыг тодруулсан юм. Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор улсын хэмжээнд зохион явуулсан Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 2300 шатар сонирхогч оролцлоо.