Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан 2015 оны нэгдүгээр сарын 10-ний өдөр болж, УЕПГ-ын 2014 оны төлөвлөгөөний биелэлт, 2015 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл, Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Сум дундын прокурорын газрын ажлыг шалгасан тухай дүн зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Улсын Ерөнхий Прокурорын газраас жил, улиралын төлөвлөгөөнд 138 ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс 121 ажил бүрэн биелэгдэж, төлөвлөгөөнд тусгасан 17 асуудлыг төлөвлөгөөний биелэлтээс хасч тооцсон байна. Тухайлбал: АНУ-ын Майми болон БНХАУ-д болох сургалт, БНТурк Улс, БНКиргиз Улсад хийх Улсын Ерөнхий Прокурорын айлчлал, БНКуба Улсын Ерөнхий Прокурорын Монгол улсад хийх айлчлал зэрэг асуудлууд сургалт явуулах газар болон холбогдох гадаад улсын хүсэлтээр хойшлогдсон байна. УЕПГ-аас хийх ажлын төлөвлөгөөний биелэлтийг тооцсон дүнг зөвлөлийн хурлаар хэлэлцээд 2014 онд Улсын Ерөнхий Прокурорын Газрын нэгдсэн удирдамжийн нь дагуу хийсэн шалгалт, судалгааны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг дахин нарийвчлан тооцох, төлөвлөгөөний биелэлтийг бодитоор гаргаж байх талаар Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат Улсын Ерөнхий Прокурорын Газрын газар, хэлтсийн дарга нарт үүрэг даалгавар өглөө.
Мөн Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторнгийн системийн программ хангамжийн шинэчлэл, хэрэгжилтйн талаар Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг УЕПГ-ын МДШТБ Албаны дарга Д.Булганцэцэгт үүрэг болголоо.
Зөвлөлийн хуралдаанаар УЕПГ-аас 2015 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлыг хэрэгжүүлэх салбар төлөвлөгөө гаргаж ажиллахаар шийдвэрлэлээ.
Прокурор ажилтнуудад зориулан 2015 онд явуулах сургалтыг сургалтын сэдэв, чиглэл, хамрагдах хүмүүс, хугацаа зэргийг нарийвчлан заасан “Сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөө”-ний дагуу явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Зөвлөлийн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Сум дундын прокурорын газрын ажлыг УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгасан дүнг хэлэлцээд үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан тус Сум дундын прокурорын газрын ахлах прокурор Ц.Идэрмөнх, хяналтын прокурор Т.Батжаргал нарт сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.