Хүн өөрт буй боломжийг ашиглаж чадвал ямарч амжилтанд хүрч болдог нийгмийн зохион байгуулалтанд бид амьдарч байна. Энэ нөхцөлийг үүсгэдэг томоохон чадваруудын нэг бол өөрийгөө илэрхийлэх буюу илтгэх чадвар билээ. Ойрын үед залуучуудын энэ чадварыг эзэмших эрмэлзлэл нэмэгдсээр байна. Тиймдээ ч энэхүү ярилцлагыг бэлтгэлээ. Зочиноор Хөгжлийн мэтгэлцээний холбооны гишүүн, “Ногоон зүрх” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Пүрэвсүрэнг урьж илтгэх урлаг, парламентын мэтгэлцээний талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүсэлтийг минь хүлээн авч ярилцлага өгөх болсонд баярлалаа.
Хэдий үеэс илтгэх урлаг, парламентын мэтгэлцээнээр хичээллэж эхэлсэн болон яагаад энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх болсон талаар ярилцлагаа эхлэе.
Юуны өмнө танд болон сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний илтгэх урлагтай холбогдсон цаг үе бол оюутан болсон тэр цагаас эхэлсэн юм. Хүн бүр өөрийн онцлогоо тодорхойлж химийн чиглэлээр явах уу? тооны ухаанаар явах уу? багш болох уу? нийгмийн ухаанаар явах уу? анагаахын мэргэжил сонгох уу? гэдгээ шийддэг. Би хэл яриагаа ашигладаг мэргэжил эзэмших нь миний хувьд давуу тал юм байна гэж ойлгосон. Тийм ч учраас их сургуульд орсон үеэсээ эхлэн хэл яриагаа хөгжүүлэх боломжийг эрэлхийлж илтгэх урлаг, мэтгэлцээний сургалтанд хамрагдсан. Энэ бол миний амьдралдаа хийж байсан хамгийн зөв сонголтуудын нэг байсан гэдэгт одоог хүртэл итгэлтэй байдаг. Энэ чиглэлээр 10-аад жил суралцаж, ажиллаж, ажиглаж, тэмцээнд оролцож, шүүгч хийж байхдаа нэг л зүйлийг сайн ойлгосон. Илтгэх урлаг, парламентын мэтгэлцээнээр хичээллэнэ гэдэг бол яаж зөв ярих вэ? гэдгийг заахаас гадна яаж зөв цагт нь дуугүй байж чадах вэ? гэдгийг бас сургадаг. Яаж илүү сайн ярьж чадах вэ? гэж зөвхөн хэлбэр дээр анхаарахаас илүүтэйгээр хэрхэн бусдад нөлөөлөх түвшинд илтгэж сурах вэ? гэдэг нөлөөллийн урлаг юм байна гэдгийг ойлгосон. Тийм ч учраас илтгэх урлаг миний амьдралд олон баяр жаргалтай мөчүүдийг үлдээсэн гэж боддог. Харин мэтгэлцээн өндөр түвшинд байр сууриа тодорхойлох чадварыг өгөхөөс илүүтэйгээр нийгэм дээр байгаа, өөрт тулгарсан болон гэр бүлд тохиолдсон ямар нэг асуудалд ядаж л хоёр талаас нь хандаж чаддаг болох чадварыг суулгадаг юм болов уу гэж ойлгосон. Тийм ч учраас парламентын мэтгэлцээнээр хичээллэхийг залуусдаа байнга уриалдаг.
Мэтгэлцээн, илтгэх урлаг гэдгийг ялгаагүй нэг зүйл, өөрийгөө өмгөөлөх хэрэгсэл, зарим тохиолдолд соёлтой хэрүүл гэх хандлага ч олон нийтийн дунд байдаг. Сэтгэл зүрхээ зориулж энэ салбарт оролцогч, хөгжүүлж буй хүний хувьд дээрх хоёр ойлголтын ялгаатай болон төсөөтэй тал, сул болон давуу талуудын талаар санаа бодлоо хуваалцана уу?
Илтгэгч хүмүүсийг нийгэм заримдаа ярихаас өөр юу ч хийж чаддаггүй гэж шүүмжилдэг. Энэ хүмүүсээс би нэг л зүйлийг тодруулмаар санагддаг. Өөр юу хийлгэмээр байгаа юм бэ гэж. Хөгжилд гарц байдаг гэдэг шиг орц ч мөн байдаг. Тэдгээр нь барилгачид, сэтгэгчид, шүүмжлэгчид, бодлого тодорхойлогчид гээд. Яг энэ орцонд илтгэгчид санаа өгөгчид, манлайлагчид, нөлөөлөгчид гэсэн байр суурьнаас хандах ёстой. Илтгэгчдийн байр суурь бол тэр. Тэрнээс биш ярьсанаа хэрэгжүүлнэ гээд байшингийн тухай ярьчихаад шавраа зуурна гэсэн үг ерөөсөө биш юм. Илтгэгчдээс нийгэм илүү сайн сэтгэлгээний эрх чөлөөг хүсээсэй гэж боддог. Жишээлбэл барилгын инженерүүд сайн байшин барихын тулд ийм байшин барья гээд нийтэд сурталчилаад явж чаддаг, нөлөөлдөг хүмүүс бол биш. Нийгэм дээр энэ үйлдэл зөв эсвэл буруу гэдгийг яриад явдаг хүмүүс тэр хүмүүс биш байдаг. Энэ нөлөөллийн үүргийг ихэнхдээ илтгэгчид гүйцэтгэдэг. Энэ нь хаана харагддаг вэ гэхээр нийгэм дээр гэхээс илүүтэй анги танхим, найз нөхдийн дунд харагддаг. Илтгэж ойлгуулж чадаж байгаа хүмүүс нь бусаддаа нөлөөлж, хүлээн зөвшөөрүүлж байдаг. Сөрөг тал гэвэл залуучууд буруу сурчих вий гэдгээс болгоомжилдог. Цаашлаад юу ч хамаагүй яриад байвал болох юм байна гээд ойлгочихвий гэдгээс эмээдэг. Давуу тал нь энэ бол маш гайхамшигтай сэтгэлгээний эрх чөлөө. Хоосон ярихгүйн тул, худлаа ярихгүйн тулд, ёс зүйгүй ярихгүйн тулд зарчмаа баримталдаг зөв илтгэгчид болох ёстой. Парламентын мэтгэлцээн, илтгэх урлаг хоёрын ялгаа гэвэл нэг нь бодлогын яриа нөгөө нь үнэт зүйл эрх чөлөөний яриа л даа. Парламентын мэтгэлцээн бол тодорхой асуудлыг тойрсон тэр чигээрээ бодлого буюу ямар хариу үйлдэл ирэх бол ямар няцаалт ирэх бол мөн түүнд нь тохирсон ямар хариу өгөх вэ? гэсэн дүрэмтэй, логиктой яриа юм. Тийм ч учраас шүүлтийн хуудсан дээр логиктой байна гэдэг бол том үнэлгээ болж орж ирдэг.
Та Монголын мэтгэлцээний хөгжилд томоохон хувь нэмрээ оруулж буй “Хөгжлийн мэтгэлцээн” хэмээх клубыг амжилттай удирдан ажилладаг. Энэ байгууллагынхаа талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
“Хөгжлийн мэтгэлцээн”-ийг байгуулах болсон шалтгаан нь мэтгэлцээнийг цааш нь тасралтгүй горимоор авч явъя гэсэн бодол санаан дээр суурилсан юм. Удирдах зөвлөл маань Монголд анх орчин цагийн мэтгэлцээн үүссэн үе болох 1998-аас 2003 оны хооронд “Соросийн сан”-ийн хөтөлбөрт хамрагдсан долоон хүний бүрэлдэхүүнтэй байсан. Эдгээр хүмүүсийг монголын мэтгэлцээний алтан үе гэж нэрлэж болно. Бид ихэнх тэмцээн дээр шүүх бүрэлдэхүүн дээр оролцож байгаа. Энэ шүүх бүрэлдэхүүн нь шүүлтийн арга зүй болохуйц шүүлтийн бүрэлдэхүүн. Жишээ нь зохион байгуулагдахаа болиод байсан үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг гурван жилийн өмнөөс дахин зохион байгуулж эхлээд тасралтгүй шүүж байна.
Мөн JPI байгууллагын тэмцээнүүд, Мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн институтийн мэтгэлцээнд шүүгчээр буюу аргазүйн зөвлөгөө өгч оролцож байна. Үүнээс харахад мэтгэлцээн гэдэг бол оюутны хүрээнд парламентын мэтгэлцээн гэж харахаасаа илүү мэргэжлийн байгууллагууд ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхийн тулд хэрэглэдэг хөтөлбөр болсон байна.
Дэлхийн мэтгэлцээний хөгжилтэй харьцуулахад манай улс аль түвшинд явж байна вэ? Цаашдын чиг хандлага ямар байна?
Дэлхийн түвшинд мэтгэлцэж үзээгүй болохоор сайн мэдэхгүй л юм. (инээв) Томоохон их дээд сургуулиудын дунд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болдог юм байна лээ. Гэхдээ Монгол залуучууд дэлхийн түвшинд гарахад ядаж л гадаад хэлний мэдлэг хэрэгтэй.
Америкын залуучууд яаж мэтгэлцдэгийг мэдэхгүй учраас монголынхоо залуучуудын хөгжлийн түвшинтэй харьцуулж мэдэхгүй байна. Гэхдээ би юуг харьцуулж чадах вэ гэхээр 16-н жилийн турш явсан мэтгэлцээний хөгжил өнөөдөр дээрдээд байна уу? дордоод байна уу? гэдэг асуудал юм. Хэзээд дараа үеээ шүүмжилдэг гэсэн томъёололоор шүүгчид мэтгэлцэгчдийг муу байна гэж шүүмжилдэг. Гэхдээ энэ шүүмжилж буй хүмүүс мэтгэлцэхдээ магадгүй муу, зарим нь сайн байсан байгаа. Ажиглаад байхад өнөөдөр харьцангуй сайн мэтгэлцэх боломж зөндөө байна. Бид нар уншсан номноосоо, сонссон түүхээсээ ярьдаг байсан бол өнөөдөр дэлхийн нэг өнцөг булан бүрийн үйл явдлыг нөгөө өнцөг буланд 10 секундын дараа ч жишээ болгож тайлбарлаж ярих боломжтой болсон. Мэдээллийн эрин зуун гэдгээрээ бол илүү өндөр мэдээллийн хүрээнд мэдлэгийг өгч болохоор болсон. Гэхдээ хэтэрхий их мэдээлэлд дулдуйдан мэтгэлцээний үндсэн чанар буюу агуулга логик алдагдчихвий гэдгээс болгоомжилдог. Тиймдээ ч шүүлт болгон дээр анхаарч байдаг.
Илтгэх урлаг гэхээр эрэгтэйчүүд илүү их төсөөлөгдөж нүдэнд буудаг. Харин та бол эмэгтэйчүүдээ төлөөлж амжилттай яваа илтгэгч манлайлагч. Ер нь илтгэх, мэтгэлцэхэд хүйсийн байдал нөлөөлдөг үү? Таны бодлоор эмэгтэйчүүд цөөн байдгийн шалтгаан юунд байна вэ?
Миний бодлоор мэтгэлцээн бол тэсвэр тэвчээрийн урлаг юм. Анх танхимд суугаад хичээл орж байхад 30 хүн байхад 15 нь эрэгтэй 15 нь эмэгтэй л байдаг байсан. Цаашлаад тэмцээнд ороод ялж, ялагдаад явахаар эмэгтэйчүүдийн тоо цөөрчихсөн байдаг. Гэхдээ би нэг л үг хэлэх дуртай “индэрийн ард хүйс биш үг үйлчилдэг” гэж. Эмэгтэйчүүдийн цөөхөн байгаагийн шалтгаан нь юманд их нухацтай ханддаг учраас хичээлдээ их анхаардаг юм болов уу. ( инээв )
Монголд үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах тэмцээн 2006 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн. Та энэхүү “АГГОН” тэмцээний 2010 оны ялагч, үндэсний шилдэг илтгэгч өргөмжлөлтөний хувьд илтгэх урлагийг өөрийнхөөрөө тодорхойлохгүй юу?
Нэг дуучин ингэж хэлж байсан юм. Микрофоноо бариад тайзан дээр гараад алга ташилтыг сонсохоор бид энэ хорвоогоос тасраад хэн намайг сонсож байгаа вэ? гэхээсээ илүү би илүү сайн дуулах ёстой гэсэн ухамсар үйлчлээд эхэлдэг гэж. Уран илтгэх гэдэг байлдан дагуулах, нөлөөлөх урлаг байдаг. Уран илтгэлийн ганцхан үгээр тодорхойлооч гэвэл би хүч л гэж хэлнэ.
Мэтгэлцээн бол бусдыг сонсож, өөрийнхөө үзэл баримтлалыг ойлгуулах, хамгаалах соёл юм. Тиймдээ ч сонирхон суралцах залуучууд тоо нэмэгдсээр байна. Тэдгээр залууст хандаж мэтгэлцэх чадварыг амжилттай эзэмшихэд тус болох ном зохиол санал болгоно уу?
Парламентын мэтгэлцээний дүрэм бол анх Соросийн сангийн хөтөлбөрөөр орж ирсэн тэр хэвээрээ хэлбэршин үйлчилж байгаа. Хамгийн үр дүнтэй ном бол тэр хөтөлбөрөөр орж ирсэн “парламентын мэтгэлцээн “ гэсэн орчуулгын ном юм. Харин сүүлийн үед шүүгч бүр өөр өөрсдийн арга барилаар шүүдэг, мэтгэлцэгч болгон өөр өөр арга барилаар мэтгэлцдэг гэсэн яриа гараад байна. Энэ нь тухайн номын дүрэм жигд тархаагүйтэй, хэрэв тархсан хэсэг нь төгсөж явчихаад дараа үедээ уламжилж үлдээгүйтэй холбоотой. Мөн ихэнх суралцагчид маань онолоор биш сонсголоор суралцаад байгаа нь энэ яриа гарахын үндэс болоод байна.
Бид харилцааг чухалчилж буй XXI-р зуунд амьдарч байна. Энэхүү салбарт өөрийн бодит хувь нэмрээ оруулж буй таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе.
– Юуны өмнө ирж ярилцсанд баярлалаа. Монголд илтгэх урлаг, мэтгэлцээнд сургадаг маш олон байгууллага байдаг. Би бүгдийг нь хүндэлдэг. Учир нь илтгэх урлагт суралцсан хүнийг номыг нь сурахгүй ч номхоныг нь сурна гэдэг шиг төлөвшилийн зөв салбарлуу хөтөлдөг. Нөгөөтэйгүүр манлайлж буй залуучуудын гол зэвсэг нь илтгэх урлаг байдаг. Бусад хүмүүс энэ эрдэмийг суралцахыг хүсэж байхад тэр хүн буруу манлайлагч, буруу үлгэрлэгч байхгүйн тулд зөв амьдрах гэж хичээдэг. Тийм учраас би илтгэх урлаг, мэтгэлцээний мөн чанарыг илүү олон хүн таньж мэдээсэй гэж хүсдэг. Мөн илтгэх урлагийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт нэмж оруулаасай гэж боддог. Парламентын мэтгэлцээн буюу байр сууриа хамгаалах, өөрийнхөө үзэл баримтлалд итгэн үнэмших энэ хөтөлбөрийн ганц нэгэн их дээд сургуулиуд сайн дураараа заадаг биш ер нь дээд боловсролд байх ёстой чадвар гэж хүлээн зөвшөөрөөсэй гэж боддог. Тиймээс би энэ баримтлалын төлөө холбогдох газарт нь чадахаараа дуу хоолойгоо хүргэх хүсэлтэй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд аль болох боломжоороо дуу хоолойгоо илэрхийлээрэй хэмээн уриалж байна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Ярилцсан “Open Mind” сургалтын төвийн хөгжлийн ажилтан Э.Сундуй
/ 2015 оны 1 сарын 09 нд/
Өөрийгөө илэрхийлэх, бусдад нөлөөлөх урлагийн практик сургалт