“Хангарьд” клубын бөх, улсын аварга Б.Номин-Эрдэнэ.
–Улсын аварга болсонд баяр хүргэе, өөрийгөө танилцуулна уу?
1991 онд Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн, 2008 онд 5 дугаар бүрэн дунд сургууль төгссөн, 2005 онд “Хангарьд” клубт тамирчин болсон, 2009 оноос үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байна. УАШТ-нд 5 дахь удаа оролцож түрүүлсэндээ баяртай байна. Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, “Mongolia Open” тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Товчхондоо ийм. Анхны дасгалжуулагч багш Ч.Раднаабазартаа, клубынхээ багш Т.Энхтуяад баярлалаа гэж хэлье. Цаашид улам хичээж ДАШТ-нд оролцохын төлөө явна гэдгээ илэрхийлье. Бага байхад минь бөхөөр хичээллэ гээд дугуйланд оруулж Ч.Раднаабазар багшийн шавь болгож байсан ээжийгээ баярлуулсандаа баяртай байна. Клубээсээ хошой улсын аварга болсон Э.Нарангэрэл эгчдээ, бас Т.Мөнхтуяа эгчдээ, медаль авсан бусад залуучууддаа баяр хүргэж байна.
-Өмнө нь ДАШТ-нд хэдэн удаа оролцсон бэ?
Нилээд хэдэн жилийн өмнө 2011, 2012 онуудад хоёр удаа ДАШТ-нд оролцсон, одоо бол гайгүй туршлагатай бөх болчихоод байна.
–Энэ УАШТ-нд хэдэн тойрог хэрхэн барилдав?
Гурван тойрог барилдсан, нэгдүгээр тойрогт Налайх дүүргийн Б.Отгонхишиг гэдэг бүсгүйг ялсан, хоёр дахь барилдаан их чухал барилдаан байсан, “Алдар” спорт хорооны бөх, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт П.Орхонтой барилдаж 5:2 онооны харьцаагаар хожсон. П.Орхонтой заавал таарна гэж мэдэж байсан учраас их бэлтгэсэн. Шувтаргын барилдаанд С.Уянга гэдэг Увсын бүсгүйтэй барилдсан, урьд нь огт дуулдаагүй өрсөлдөгч байсан. Би голдуу зүүн хөл авах, давхар хамах мэх хийдэг, тэр мэхээ л хийж оноо авч байлаа. Ер нь олон мэх хийж сурахын төлөө явж байгаа.
-Илүү их амжилт хүсэн ерөөе.
Эх сурвалж www.wrestling.mn