“Мөрөөдлийн театр”-аасаа хэсэг хугацааны чөлөө авч, алс холын Америкт сурахаар одсон жүжигчин О.Дөлгөөн харь оронд гэр бүлийнхэнтэйгээ цуг амьдарч буй. Хэдийгээр ээж болоод удаагүй байгаа ч гэсэн, уран бүтээлдээ эргэн орж цөөнгүй хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан авьяаслаг бүсгүйн хичээл сурлага ч өндөр байгаа сурагтай.
Хувиараа бизнес эрхэлдэг царайлаг залууг насныхаа ханиар сонгож, хөөрхөн хүү төрүүлж өгөөд байгаа түүнийг “Хятадын эрлийзтэй суулаа” гэж шүүмжлэх хүмүүс ч байдаг нь нууц биш. Энэ ч утгаараа, саяхан түүний нөхөр рүү элдэв муу үгээр дайрч давшилсан нэгэн мессежийг тэд олон нийтэд дэлгэсэн билээ.
Олны танил жүжигчин бүсгүйтэй суугаад хэвлэлийнхэний дуранд өртөж, сайн муу үгсээр чичлүүлж яваадаа огтхон ч эмзэглээгүй М.Очироо өөрийн цахим хуудсанд “Миний амьдралын аз жаргал, утга учир минь та хоёр билээ” хэмээн бичиж эхнэр, хүүгийнхээ өхөөрдөм зургуудыг оруулжээ. Эхнэрийнхээ ажлыг тун ч сайн ойлгож, чадлынхаа хэрээр дэмжиж явдаг гэх түүний хувьд, О.Дөлгөөний нүцгэлсэн “Сүүлчийн шөнө” киног үзээд тэгтлээ их санаа нь зовоогүй гэнэ лээ.