Та ээж болсон өдрөөсөө эхлээд л бүтэн нойртой хоноогүй гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Миний хүү одоо ой гарантай. Хөхнөөсөө гараагүй л явна даа. Эрдэмтэд хүүхдээ хоёр нас хүртэл нь хөхөөр хооллохыг дэмждэг. Тиймээс л энэ үе хүртэл нь гүрийгээд байгаа хэрэг. Гэхдээ хүүхдээ хөхүүлэхэд учир байна аа. Өөрт тохиолдсон, өөрийн биеэр мэдэрсэн зүйлсээ залуу ээж тантай хуваалцаж байна.
1. Ээж та шөнө дөлөөр сэрсэн хүү, охиноо хөхүүлэхийг урьтал болгодог зангаасаа салаарай. Үүний оронд сайхан бүүвэйн дуу аялж унтуулаарай. Хэрвээ тайвшрахгүй бол өлссөн байж болох талтай. Одоо цадсан гэж бодсон үедээ үргэлжлүүлэн бүүвэйл. Хэрхэвч /гувшуулах/ хөхүүлж унтаж сургаж болохгүй. Ийм занд сургах нь маш буруу. Таны хүү, охин нярайгаасаа ийм занд дасвал олон олон шөнө таныг сэрээж, нойрон дундаа ч хөхсөөр л байх болно. Энэ нь эх хүүхэд хоёрт аль алинд нь тавтай сайхан амрах боломж өгдөггүй.
2. Унтахынх нь өмнө шингэн зүйлс бага өгөөрэй. Бас заавал бие засаж сурга. Энэ нь орондоо нойтогнохоос сэргийлнэ. Нэгэнт ийм дадал зуршилд сургавал танд амар.
Нэмж хэлэхэд шөнө хөхөж унтдаг хүүхдийн шүд эрт цоордог нь үнэхээр үнэн юм байна билээ шүү, залуу ээжүүд минь. Мөн ходоод нь шөнөжин ажиллаж хонодог учраас өтгөний үнэр нь ч илт өвөрмөц болдгийг санаарай. Магадгүй ходоод гэдэсний өвчтэй болох вий дээ гэх эмзэглэл хааяахан төрдөг юм. Шөнөжин хөхдөг хүүгийн минь шүд нь хорхойтчихсон л гүйж яваа. Бас хөхөхгүй л бол унтаж чаддаггүй муу зантай даа. Ийм занд ээж нь л сургасан хэрэг. Хэрвээ та дээрх хоёр зуршлаас татгалзаж чадвал санаснаасаа ч олон хоног тайван сайхан амрах боломжтой.
Эх сурвалж: Mongoljingoo.mn