УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа
– Эдийн засаг хүнд байгааг дээр дооргүй хүлээн зөвшөөрчихсөн. Харин энэ хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг олон нийт бодитой бус гээд байгаа. Жишээлбэл цомхотголыг олон хүнийг ажлын байргүй болголоо гээд байна. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Ер нь эдийн засгийн нөхцөл боломждоо тулгуурлаад, энэ удаа Засгийн газар, УИХ болон шат шатны байгууллагууд хэмнэлтийн горимд шилжиж байна. Мөн хуулийн өөрчлөлтөөр ажил үүргийн хувиарлалтын давхардал гардаг. Тиймээс чиг үүрэг нь давхардаж байгаа байгууллагуудыг цомхотгох, цөөлөх гэх мэт ажлуудыг шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Ерөнхий сайд нэлээд анхаарч ажиллаж байна.
Төрийн алба цомхон, чадварлаг, чиг үүргийн давхардалгүй байх ёстой. Үүний дагуу тодорхой хэмжээнд зарим байгууллагуудыг нэгтгэж зохион байгуулсан. Харин заримынх нь үүргийг шилжүүлсэн. Үүний үр дүнд нэлээд хэмжээний орон тоо цомхотгогдож байгаа. Гэхдээ хэт хавтгайрсан цомхотгол явуулж, олон хүнийг ажлын байргүй, олон айлыг орлогогүй болгох зорилго тавиагүй. Аливаа өөрчлөлт, шинэчлэлт болгон тодорхой хэмжээний эсэргүүцэл, тэмцэл, буруу зөрүү ойлголттой тулгардаг.
-Төсвийн тодотголоор халамжийн мөнгөнүүдийг хасах, танах тухай яригдахад. Нийгэм даяараа эсэргүүцэж байсан. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Хүүхдийн мөнгөний тухайд хавтгайруулж олгохгүй байя. Оюутны тэтгэлэг гэж оюутан бүрт өгч байсан мөнгийг өөрийнх нь үүрэг хариуцлагатай уяж өгье, голч дүн, эрхэлсэн асуудалдаа хэр зэрэг хандаж байгаатай нь уялдуулж олгоё гэсэн зүйл байгаа. Харин эхийн одонгийн мөнгөний хувьд дөрвөн хүүхэд болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд олгож байгаа мөнгийг бага хүүхдийг нь 18 нас хүртэл олгоё гэж байгаа нь надад боломжийн санагдаж байгаа.
-Энэ асуудал дөнгөж намжаад байтал өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг нэмсэн нь бас л гомдол дагуулчихлаа.
-Өөрөө явагч тээврийн хэрэгслийн татварыг бас бага зэрэг нэмж байгаа. Энэ бол үндсэн хөрөнгө эзэмшигчид, түүнийхээ агуулга зорилгыг ойлгох зэрэг асуудал байна. Мөн олон сууц эзэмшдэг хүмүүс ч байна. Тэд үүнийгээ бүр түрээсийн бизнес болгочихсон байна шүү дээ. Үүнийг татваржуулж, хариуцлагажуулах зэрэг олон асуудал бий. Татвар гэдэг өөр өөрийн чиг зорилготой.
Мөн малын хөлийн татвар оногдуулъя гэж байгаа. Үүнийг орон нутгийн удирдлагад нь эрхийг нь өгөөд нэг өрхөд таван хүн байлаа гэхэд нэг хүнд нь 50 богоор тооцож, татвараас чөлөөлнө гэх мэт зохицуулалт хийж болно. Ингэхээр 250 мал татвараас чөлөөлөгдөнө. Ингэхээр малчин иргэн орон нутгийн удирдлага, төртэйгөө харилцах харилцааг сайжруулах, мөн төрдөө татвар төлж үүрэг хариуцлага үүрэх олон талын ач холбогдолтой ажил гэж ойлгож байна.
– Иргэдийн дийлэнх нь моторын хүчин чадал багатай жижиг тэрэг унадаг. Тэр ч бүү хэл приус машинаар амжиргаагаа залгуулдаг олон хүн бий. Тэд үүнийг ихэд эсэргүүцэж байгаа.
– Өмнө нь гэсэн машины хүчин чадал буюу цилиндрийн багтаамжтай нь уялдуулж, татвар оноож байсан. Энэ бол ганцхан приусын татварыг нэмсэн хэрэг биш шүү дээ. Анхнаасаа өндөр өртөгтэй, цилиндрийн багтаамж ихтэй машинуудынх бол их л байсан шүү дээ. Энэ удаа ч гэсэн бүгдийг нь ижил 3 дахин нэмсэн. Тухайлбал том жийп машин 100 мянгийг төлдөг байсан бол одоо 300 мянгийг өгнө гэсэн үг шүү дээ. Үүнийг гэхдээ Байнгын хороо болон чуулганаар хэлэлцээд, иргэд олон нийтийн саналыг ярилцана. Ер нь татварын асуудал хөндөгдөхөд татвар төлөгчидөд таалагдахгүй шүү дээ. Сингапурт л гэхэд машинд нь татварыг нь оногдуулдаггүй.
Жишээлбэл жолооны үнэмлэх аваад машин бариад явахад 20 мянган ам.доллар ч гэдэг юм уу их өндөр татвар авдаг. Тиймээс янз бүрийн эдийн засгийн аргаар түүнийг зохицуулдаг. Одоо үед автомашиныг ямар нэг аргаар зохицуулахгүй бол зарим нэг нь үүнийг зугаа цэнгэл болгож ашиглаад байна. Адаглаад жаахан хариуцлагажуулмаар байна. Агаарын бохирдлын татвар зэрэг олон зүйл үүнд орж байгаа шүү дээ.
– Энэ хэмнэлт гэдэг зүйлтэй холбоотойгоор иргэд ч гэлтгүй зарим гишүүд төрийн эрх мэдэлтнүүд хэрэглээгээ танаж, үлгэрлэх хэрэгтэй гээд байгаа шүү дээ.
– Хөдөө орон нутагт ажиллахад замын чанар зэрэгтэй холбоотойгоор хүч чадал сайтай том машины хэрэг гардаг байх
Үргэлжлүүлэн энд дарж уншина уу …