Дэлхий нийтээр санамсаргүй осол гэмтлээс өөрийгөө болон бусдыг сэрэмжлэх шаардлага тулгарсныг судалгаа харуулж байна. Тухайлбал, осол гэмтэл, хүчирхийллийн улмаас жилд дэлхий дээр 5 сая хүн амь насаа алдаж байгаа. 600 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа юм. Тэгвэл энэ хэвээр санамсар болгоомжгүй байдал үргэлжилсээр байвал 2020 он гэхэд ослоор нас барагсдын тоо жилд 8 саяд хүрнэ гэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Энэ бол зүгээр нэг тоо биш.
“Монголд 6 хүн тутмын 1 нь ослоор амиа алдаж байна”
Нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгд осол, гэмтэл, хүчирхийлэл зүй ёсоор орж байна. Тухайлбал, 1990 онд осол гэмтэл нь нас баралтын тэргүүлэх шалтгааны 5-р байранд, 2000 онд нас баралтын тэргүүлэх шалтгааны 3-р байранд орж байсан бол 2008 оноос нас баралтын тэргүүлэх 3 шалтгааны нэг болжээ.
Ялангуяа хүүхдийн амь нас хохирох явдал жил ирэх бүр нэмэгдэж байгаа юм. Хэрвээ эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ анхаарлаа хандуулж, сонор сэрэмжээ дээшлүүлбэл нэг жилд л гэхэд 2000 гаруй хүүхдийн амийг аврах боломжтой гэх тооцоог мэргэжлийн байгууллагаас хийсэн байна.
Осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд ямар ажил хийдэг вэ
Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хүрээнд манай улсын эрүүл мэнд, цагдаа, нийгмийн байгуулагууд хамтран жил бүр уриалга гарган ажилладаг. Энэ жил “Аюулгүй байдлыг хангая- Анхаарал болгоомжийг нэмэгдүүлье” уриан дор ажиллаж байгаа гэнэ. Осол гэмтлээс үүдсэн нас баралт гэх аймшигтай асуудлаас сэргийлэх хамгийн том гарц бол эцэг эх, иргэдийн өөрсдийн сонор сэрэмж, мэдлэг мэдээлэлтэй байх явдал гэж үзэн сургалт сурталчилгааны ажлыг голчлон хийж байгаа юм. Үүнд:
- Осол гэмтлээс сэргийлэх сурталчилгааны материалыг эцэг эхчүүдэд хүргэх
- Дүүргийн эмнэлэг, төвүүдийн эмч нарт осол гэмтлийн үед үзүүлэх тусламжийн талаар сургалт зохиох
- Хохирогчдод нийгэмшүүлэх, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлэх
- Иргэд, олон нийт, жолооч нарт мэдээлэл хүргэх
Дүүрэг, төвүүдэд байрлалтай сургууль, цэцэрлэгийн хар цэгийг тодорхойлж хальтиргаа гулгаа үүсгэж буй орчныг аюулгүй болгох ажлыг өрх хороо, СӨХ, оюутны холбоо, их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх зэрэг ажлыг энэ жил хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: http://www.eagle.mn/