О.Цэцэгмаа: Дэлхийд жишиг бичил уурхайг бий болгоход Монголоос эхлүүлэхэд болохгүй зүйл байхгүй

tsetsegmaaggg Монголын уул уурхайн нэгээхэн хэсэг болсон бичил уурхайчдын эрх ашгийн төлөө сүүлийн жилүүдэд хүчтэй дуугарч, дуу хоолой нь болж ирсэн О.Цэцэгмаа хатагтайтай уулзаж ярилцлаа. Тэрээр Бичил Уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Тус холбоо нь бичил уурхай эрхлэгч төрийн бус байгууллагуудын нэгдсэн төв холбоо ажээ.

Бичил Уурхайн нэгдсэн дээвэр холбоо хэзээ байгуулагдсан бэ, Энэ талаар яриагаа эхлэе?
-Монголын Бичил Уурхайн нэгдсэн дээвэр холбоо сая тавдугаар сарын 1, 2-нд Төрийн ордонд аймаг сум, тэр дундаа баг дээр хүртэл улсын хэмжээнд уул уурхай, ашигт малмалын үйл ажиллагаа явуулж буй иргэд, төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд, төрийн албаны холбогдох хүмүүс оролцож анхдугаар хурлаа хийж холбоогоо үүсгэн байгуулсан.  Ер нь 1990 оноос хойш үйлдвэр нь зогсож ажилгүй болсон иргэд, мал нь зуданд хорогдож малгүй болсон малчид амжиргаа хөөж амдрахын эрхээр хувиараа ашигт малтмал олборлох, амьдралаа залгуулж эхэлсэн.

Тэр үеэс хойш төрд дараа болохгүй 20 гаруй жилийн нүүр үзээд явж байна. Төр нэг хэсэг хайхардаггүй, бичил уурхайчидыг мэддэгүй үе байлаа. Тэр байтугай байгаль орчныг яаж сүйдэж, хараа хяналтаа алдаж байгааг мэддэгүй үе төрд байсан.  Саяхныг хүртэл нинжа гэж нэрлэгдэж байсан. Төр засгаас анхны удаа бичил уурхай эрхлэгчдийн амьдралыг өнгийж харсан нь 2008.  Анх удаа Засгийн газрын 73 дугаар тогтоол гарч хувиараа ашигт малтмал эрхлэгч иргэд зохион байгуулалтанд орох ёстой гэж түр журам гарч хэрэгжиж эхэлсэн юм. Түүнээс хойш 2012 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж, нэмэлт өөрчлөлт оруулаад бичил уурхайчин гэж хэнийг хэлэх бэ гэдгийг зааж өгсөн байдаг.

Үүнээс хойш бичил уурхайчид эвлэлдэн нэгдэж, аймаг, сум, баг, хорооддоо төрийн бус байгууллага байгуулж, зохион байгуулалтанд орж ирсэн юм. Гэтэл 2013 онд Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бичил уурхайчидын тухай нэг ч үг үсэг хуулинд байгаагүй. Үүнээс үүдээд орон нутагт байгаа ТББ-ууд тухайн орон нутгийнхаа удирдлагад хандаж, бидэнд ийм боломж байна, ийм зүйлээр хангаж өгөөч гэхээс өөрөөр дуу хоолойгоо хүргэж чаддаггүй байлаа. Нийт 22 төрийн бус байгууллага нэгдэж  хуралдаад, ажлын хэсэг байгуулан ажлаад нэгдсэн холбоогоо сая байгуулсан. Ер нь төрд дуу хоолойгоо хүргэх нэгдсэн нэг холбоо байгуулья гэж үзээд энэ холбоог байгуулсан.

-Холбоо байгуулагдсанаас хойш ямар ажил амжуулав. Төрийн зүгээс дэмжих хандлага хэр байна?

-Холбоо байгуулагдсанаасаа хойш Уул уурхай яам, БОНХЯ, Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам, ЭМЯ зэрэг яамдуудад хамтран ажиллах хүсэлтээ өгсөн. ЭМЯ, сайд Н.Удвалтай өнгөрсөн долоо хоногт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ бол манай бичил уурхайчидын хувьд хамгийн том хүндэтгэл байлаа. Биднийг хэзээд нүд үзүүрлэж, байгаль орчныг бохирдуулдаг болдоггүй хүмүүс гэж буруутгаж ирснээс биш төрийн зүгээс жаахан ч гэсэн тонгойгоод боломж олгож байгаагүй. Одоо энэ боломж олгож эхлэж байгаа анхны тохиолдол юм. Эрүүл мэндийн яамтай санамж бичиг зурлаа. Хүнээ эрүүл болгосон байхад бүх зүйл цаашаа явчих боломжтой.

Дэлхийд жишиг бичил уурхайг бий болгоход Монголоос эхлүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Энэ тал дээр нэлээд тавшингуй ажиллаж байна. Саяхан манайд дэлхийн 35 орны төлөөлөгчид ирсэн. Бичил уурхайн олон улсын Ази номхон далайн хурал боллоо. Хурал дээр бичил уурхайчидын асуудлыг хөндсөн. Тэндээс харахад манайд байдаг бичил уурхайчидад тулгарч буй асуудал бусад орнуудад ч байдаг л юм байна. Дэлхий дахинд ажилгүй иргэд нь байгалынхаа баялгыг хүртэж амьдардаг. Байгалийн баялгаа хүртэхэд нь Засгийн газар нь дэмждэг юм байна.

Манай холбооноос Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах төслийг бэлтгэх ажлын хэсэг гарсан ажиллаж байна. Бичил уурхайчидад Засгийн газар боломж олгох байх гэж найдаж байна. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч байж байгаа. Ажлын байр ихтэй салбарыг бодлогоор дэмжиж ажиллана гэж. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2015 он хүртэл бичил уурхайчдыг хөгжүүлэх дэд хөтөлбөр гэж байгаа. Тэгэхээр мөрийн хөтөлбөрт туссан учраас хэрэгжих боломж  байна. Засгийн газар манай холбоотой хамтран ажиллана гэж найдаж байна.

-Танай холбоонд багтдаг хичнээн бичил уурхайчин байдаг бэ?

-Бичил уурхайчидын дээвэр холбоо, орон нутаг дахь салбар ТББ-уудад хэн харьяалагддаг бэ гэхээр Монгол Улсын  хэмжээнд ажилгүй байгаа иргэн нас хүйс харгалцахгүй багтдаг. Хөгжлийн бэрхшээлтэй байна уу, шоронд ороод гараад ирсэн байна уу, хамаагүй бүгд харьяалагдах ёстой. Алийг нь ч харгалцахгүй ажлын байраар хангадаг салбар бол бичил уурхай эрхлэгчидийн салбар. tsetsegmaa

-Та ажилгүй иргэн бүр манай холбооны гишүүн гэлээ. Тэгэхээр иргэд танай холбоонд хандаад бичил уурхайчин болох, ажлын байраар хангагдах боломж байна гэсэн үг үү?

-Манай бичил уурхайчид Монгол Улсын бүх газар ажиллаж байгаа. Бүх аймагт байна, бүх суманд байна. Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотын төвөөс бусад газар бичил уурхайчид ажиллаж байна. Бичил уурхайчид өнөөдөр орон нутагтаа үйл ажиллагаа явуулаад, байгаль орчноо хамгаалж чадаж байгаа. Ийм системдээ орсон. Татвар даатгалдаа ороод нийгмийн хариуцлагаа хүлээгээд явж байна.

Гэтэл нэг хэсэг нь зохион байгуулалтанд орох боломжгүй, бас сонирхолгүй байгаагаас байгаль орчноо сүйтгэдэг, хаа дуртайгаа очиж ухаж түнхэж байгаа нь бусад зохион байгуулалтанд орсон бичил уурхайчидынхаа нэр хүндийг унагаж байна. Зохион байгуулалтанд орох сонирхолтой нэгдэх боломжтой хүмүүс нь сум сумандаа байгаа ТББ-даа хандаад зохион байгуулалтанд орох, элсэх боломж бол нээлттэй байгаа. Хууль журмын дагуу холбоонд элсээд явбал ажлын байраа албажуулах боломжтой юм. Гэтэл манайд олборлолтын газар гэж нэг сүрхий зүйл байна. Засгийн газрын мэдэлд байдаг газрууд бүгд эвдэгдчихсэн байдаг. Гэтэл Ашиглалтын, хайгуулалтын лицензтэй хувийн компаниуд харьцангуй хамгаалж чаддаг. Зөвхөн өөрсдөө олборлолтоо явуулаад, нөхөн сэргээлтээ хийгээд байдаг.

Харин бичил уурхайчидад 10 газрыг бичил уурхайчидад олгосон байгаа. Бичил уурхайн зохион байгуулалтанд ороод хууль эрх зүйн чадамжтай болсон иргэд нь орон нутагтайгаа гэрээ хийгээд Засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу зохион байгуулалтанд ороод явж байхад зохион байгуулалтанд орох дургүй хүмүүс маш их байгаа.

-Яагаад зохион байгуулалтанд орох дургүй байдаг бэ?

-Тэд бол зөвхөн авахыг л боддог. Татвар, даатгалд хамрагдахыг хүсдэггүй, бусдыгаа манлайлж эвлэлдэн нэгдэхийг хүсдэггүй, нэг хэсэг хүмүүс байдаг. Яагаад гэхээр зөвхөн ашиг хонжоо харсан, мөнгө хайгчид манай холбоонд орохыг хүсдэггүй. Үнэхээр тэр дотор бас будлиад явж байгаа, зохион байгуулалтанд орох эсэхээ сайн мэддэггүй ч юм уу хүмүүс байдаг. Зохион байгуулалтанд орохгүй байгаа хүмүүс бол нинжаа нар. Эдгээр хүмүүсийг зохион байгуулалтанд оруулья гэж байгаа юм. Зохион байгуулалтанд орохгүй бол хуулийн хариуцлага хүлээгээд явах хэрэгтэй. Бас нэг хууль журамтай, түүнийгээ дагаж мөрддөг байх ёстой.

-Зохион байгуулалтанд орсон, танай бичил уурхайчидад 10 газар үйл ажиллагаа явуулах, хөдөлмөр эрхлэх боломжтой байгаа гэсэн. Та энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ бол Засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу гурвалсан гэрээгээр орж байгаа. Ашиглалтын лицензтэй компани, орон нутгийн удирдлага, бичил уурхайчидын гурван талын гэрээгээр зохицуулдаг. Ашиглалтын лицензтэй компаниуд нэлээдгүй зохион байгуулалтанд ороод ТББ-уудтай хамтарч ажиллаж байгаа. Энэ нь юу бэ гэхээр лиценз эзэмшигч компани тухайн орон нутгаас баялгыг нь ашиглаж байгаа бол тэр орон нутгийн иргэдтэй баялгыг хуваалцах, нөгөө талаас ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангах боломжийг нээж өгч байгаа юм.

Тухайлбал Заамарын “Мон дулаан трейд” гээд компани байна. “Алтан дорнод” байж байна, гурвалсан гэрээгээр ажилладаг. Баянхонгорт “Спейшл майнз” гээд компани “Хаама дэвжих” ТББ-тай гэрээ байгуулаад хамтарч ажиллаж байна. Гэх мэтчилэн компаниудтай хуулийн дагуу гэрээ байгуулаад ажиллаж байгаа зүйл байна.

-Уул уурхайн олборлолтоос үүдэлтэй нөхөн сэргээх шаардлагатай газар хэр их байдаг бэ?

-Урт нэртэй хууль батлагдаад ,хуулинд орсон газрууд бүгдээрээ эвдэгдсэн. Энэ газруудыг төсвөөс маш их мөнгө гаргалгүйгээр зөвхөн бичил уурхайчидыг ажлын байраар хангахын тулд нөхөн сэргээлтийг хийлгэж болох зам байгаа юм. Үүнийг маш их мөнгө гаргаснаар  шийдчих асуудал биш.

Манай улсад 100 гаруй нөхөн сэргээлтийн компани байдаг. Гэтэл тэд дан ганц нөхөн сэргээлт хийдэггүй. Олборлолт явуулахын хажуугаар нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулдаг. Харин гар аргаар эвдэгдсэн газрыг эргүүлээд гараар ногооруулах ажил бол сайн нөхөн сэргээлт болж чаддаг. Тэгэхээр манай бичил уурхайчид байгалийнхаа баялгийг ч хүртэнэ, байгаль орчноо ч хамгаална. Нөхөн сэргээлтээ хийгээд ч явах боломж байгаа юм.

-Хувийн компаниуд иргэд, ТББ-ыг лицензтэй газар дээрээ олборлолт явуулах зөвшөөрөл өгөх үү. Хувийн компани нэгэнт лицензээ эзэмшиж байгаа учраас төр ч юм уу, хувийн хэвшлийнхэн дайраад орох боломжгүй баймаар юм?

-Зөвшөөрлийг өгсөн, хамтран гэрээ байгуулаад ажиллаж байгаа тохиолдол байна. Би түрүүн хэлсэн 10 газар дээр ийм маягаар бичил уурхайчид ажиллаж байна. Баянхонгорт “Спейшл майнз” гээд компани “Хаама дэвжих” ТББ-тай гэрээ байгуулаад ажиллаж байна. Олборлолт явуулаад гэрээ дууссаны дараа ТББ нь тухайн газар дээр нөхөн сэргээлтээ хийгээд нөгөө лиценз эзэмшигч компанид хүлээлгэж өгөх жишээтэй. Лиценз эзэмшигч компаниуд яагаад өөрийнхөө газар дээр бичил уурхайчидад үйл ажиллагаа явуулах эрх олгож байна бэ гэдэг нь анхаарал татах асуулт. Манай монгол эзэнтэй компаниуд энэ тал дээр нааштай хандаж, иргэдээ ажлын байраар хангах, газар дээрээ олборлолт явуулахад дуртай зөвшөөрөл олгодог. Гэтэл гадаад эзэнтэй компаниуд хэзээ ч бичил уурхайчидыг дэмжиж гурвалсан гэрээ хийж ажилладаггүй. Тэгэхээр энэ дээр бас нэг ялгаа байгаад байгаа биз. Бид хүсэлтээ гаргаад цөндөө гуйдаг, гэсэн ч гадны компаниуд зөвшөөрдөггүй. Бичил уурхайчидыг дэмждэггүй, ажлын байраар хангадаггүй компаниуд бол олон бий.

Бичил уурхайчидыг төрөөс анхаарах, хөдөлмөр эрхлэх асуудалд нь анхаарах цаг үнэхээр болсон. Монгол Улсыг айл гэрээр аваад үзэх юм бол хүүхдүүдээ өсгөх, тэднийг аятай тухтай амьдрахад нь аав ээжийн зүгээс анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. Төр өнөөдөр иргэдээ ажлын байраараа хангадаггүй, ажлын байраа иргэд өөрсдөө гаргаад бичил уурхайн үйл ажиллагаа явуулаад ирэхээр нь түүнийг нь дэмждэггүй, албажуулаад өгдөггүй ийм л байдалтай байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …