“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана

db1ebdfe8e5534916b9d15dbd47b9186Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын 2015 оны хөрөнгө оруулалтын төсвийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар нар танилцууллаа.
Монгол наадам цогцолбор ОНӨТҮГазар нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2014 онд 1584 м2 хоёр ширхэг агуулахын барилга, 432 м2 талбайтай конторын барилга, 10 га газарт аж ахуйн хашаа, 6000 м2 зам талбай, цахилгааны эх үүсвэр 160 кВт-ийн КТП, гүний худаг, 1 ш, зөөврийн долоон ширхэг нийтийн бие засах газар, морь барианы газрын үзэгчдийн суудал, сэтгүүлчдийн индэр зэргийг байршуулж, тохижуулжээ. Мөн аж ахуйн зориулалтаар бохирын автомашин, усны машин, өргөгч крантай автомашин, хогны машин, зам талбай цэвэрлэх бага оврын олон үйлдэлтэй трактор, таван ханатай гэр, асар майхан, 10-н ханатай сийлбэртэй монгол гэр худалдан авсан байна.  Ингэснээр Үндэсний их баяр наадам болон бусад уралдаан тэмцээн, олон нийтийн үйл ажиллагааг Хүй долоо худагт зохион байгуулах орчинг бүрдүүлжээ. Өнгөрсөн онд бүх нийтийг хамарсан олон үйл ажиллагаа явуулсан байна. Тухайлбал: Төр улсын зүтгэл Түмэн олны үйлс чуулган, Мэргэжлийн авто спорт сонирхогчдын холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, Уяачдын наадам, Адуучин тэмцээн, Шилмэл мал сүргийн үзэсгэлэн, Монголын үндэсний спортын V их наадам, Эрүүл иргэн Эко хөгжил төслийн зуны арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг Хүй долоо худагт зохион байгуулжээ. Хэдийгээр 2014 онд нийслэлийн төсөвт 39 сая төгрөг төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөтэй байсан ч 85 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна.
Харин 2015 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 12 төрлийн худалдан авалт хийх саналтай байгаагаа албаныхан танилцууллаа. Үүнд цахилгаан автобус 15 ширхэг, Морь барианы газарт зурхайн хашаа 100 м, мэдээллийн самбар, амрах цэг, 1,5 км автозам шинээр барих, Хүй долоо худгийн жуулчны баазын гадна тохижилтын ажил зэрэг ажилд 2,214,9 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас батлуулахаар оруулж ирсэн төсвийн саналд шүүмжлэлтэй хандсан юм. Тухайлбал, амрагчдад зориулсан душ, жуулчны баазын гадна тохижилт, амрах цэг зэрэг зарим үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран шийдэх боломжтой. Төр хувийн хэвшлийнхэний хийдэг зүйлийг булаан авч хэрэгжүүлж болохгүй гэдэг дээр санал нэгдэж байсан. Хүй долоо худагт дотоод, гадаадын иргэдэд зориулж, олныг хамарсан сонирхолтой олон үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой. Тэр боломжийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хангах ёстой. Харин хувийн хэвшлийнхэн хийдэг аялал жуулчлалын бааз байгуулж, жуулчдыг байршуулах гэр бэлтгэх шаардлагагүй. Иргэдэд үйлчлэх үйлчилгээг аж ахуйн нэгжүүддээ хариуцуулаад хамтран ажиллах нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлсэн.
Нийслэлийн Засаг дарга “Хувийн хэвшлийнхэн хийх боломжтой зах зээл рүү төр сөөм ч халдаж болохгүй. Одоогийн эдийн засгийн хямралын нэг шалтгаан нь энэ” гэдгийг анхааруулж аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжийг хангаж, түүнд нь шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналын дагуу тус газраас оруулсан төсвийн саналаас зарим бараа худалдаж авахыг хасч шинээр барих асфалтан  автозам, цахилгаан автобус зэргийн хөрөнгийг нийслэлийн төсвөөс шийдвэрлэхээр боллоо. Дашрамд дурдхад, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас нийслэлийн иргэд болон жуулчдад зориулж энэ оны урлаг, спортын томоохон үйл ажиллагааг зохион байгуулах хөтөлбөртөө “Учиртай гурван толгой” дуурийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хүй долоо худагт тоглохоор төлөвлөж байгаа гэлээ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …