Хятадын хууль хяналтын байгууллагынхан гахайн муудсан мах тээвэрлэн борлуулж байсан хэргээр 110 гаруй хүнийг баривчлан саатуулаад байна. Баривчилгааг хэд хэдэн мужид хийжээ. Цагдаа нар хоёр мянган тн гахайн муудсан мах, муудсан махнаас гаргаж авсан 48 тн тос хурааж авлаа хэмээн “Синхуа” агентлаг уламжлав. Эрх баригчид хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлж, муудсан, хортой махны худалдаа наймааг зогсоох кампанит ажлын хүрээнд дээрх ажиллагааг явуулжээ. Саатуулагдсан хүмүүсийн 75 нь өмнө нь хууль бус наймаа, луйврын хэргээр шийтгүүлж байсан хэмээн Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас мэдэгдлээ. Засаг захиргааны хэд хэдэн ажилтныг муудсан гахайн махны наймааг өөгшүүлсэн, нуун дарагдуулсан хэмээн эрүүгийн хэрэгт татаад байна.
Зохион байгуулалттай бүлэг, хүмүүс 2008 оноос хойш өвчнөөр үхсэн гахайг хөдөөний иргэд, фермерүүдээс маш бага үнээр худалдан авдаг байсныг тогтоогоод байна. Тэд энэ ажлаа хийхдээ орон нутгийн түшмэдийг хахуульдаж, муудсан, хортой махандаа хууль ёсны бичиг хийлгэж авдаг байжээ. Гахайн муудсан махыг өмнөд хэсгийн голдуу Хунань, Хэнань, Гаунши зэрэг мужид худалдан борлуулдаг байв. Хууль, хяналтын байгууллага сүүлийн жилүүдэд муудсан хоол хүнс худалдан борлуулдаг олон сүлжээг илрүүлсэн юм. Тэд бүр Макдональдс, KFC, Старбакс зэрэг олон улсын томоохон сүлжээ газруудад энэ махаа нийлүүлсэн тохиолдол гарч байжээ.
Хятадад хоол хүнсний аюулгүй байдал тулгамдсан асуудлын нэг болсон юм. Хэдэн жилийн өмнө сүү, шоколаднаас меламин хэмээх хортой бодис илэрч олон хүүхэд хордож байсан билээ. Шүүхээс энэ хэргийн буруутанд цаазаар авах ял оноож байв. Мөн цагаан будаанд химийн бодис хийж хиймлээр өсгөдөг зохион байгуулалттай бүлгийг илрүүлж байсан юм. Тэд олон мянган тн цагаан будаанд хортой бодис хийж савлаад гадаадад гаргадаг байсан нь тогтоогдож байжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин