Ардчилсан намын гишүүд дэмжигчдын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн ээлжит сонгуультай холбоотойгоор мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлийг бүрэн эхээр нь хүргэе
МЭДЭГДЭЛ
Ардчилсан намын гишүүд дэмжигчдын холбоо Монгол улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн ээлжит сонгуулийг эхнээс нь анхааралтай ажиглаж байгаагийн хувьд энэхүү сонгуультай холбогдох дараах мэдэгдлийг олон нийтэд илэрхийлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна.
Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасан байдаг.
Энэхүү сонгуульд Монгол Улсын сонгуулийн насны 1856190 сонгогч саналаа өгөхөөр өөр өөрсдийн сонголтоо хийх гэж байгаа хариуцлагатай энэ мөчид Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо 2008 оны 7 сарын 1-ны эмгэнэлт хар өдрийн түүхэн сургамжийг эргэн санаж, МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал болон МАН, МАХН-ын удирдлагуудад хандан Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах 2013 оны 6 сарын 26-ны өдрөөс хойш иргэдийг улс төрийн бохир үйлдэлд татан оролцуулах, улс төрийн үзэл бодлоор нь хагаралдуулан хуваах, хэт улс төржин турхирсан аливаа үйлдэл гаргахгүй байхыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Цаашид Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Монгол улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ хүрээнд эрх зүйн орчинг бүрдүүлж, Монгол Улсын улс төрийн сонгуулийн одоогийн системийг өөрчлөж, бүх шатны сонгуулийг нэг жилд нэг өдөр хийдэг болгох зорилт тавин ажиллана гэдэгт найдаж байна.
АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД ДЭМЖИГЧДИЙН ХОЛБОО
2013 оны 06-р сарын 19-ний өдөр
Улаанбааатар хот