Сүүлийн арван хэдэн жил Японоос Ёкозуна төрсөнгүй. Энэ улсын үндэсний гэгдэх сумог монгол аавын хөвгүүд эзлэх нь эзэлж, дээд цол хэргэмийг авах нь авч, гурван ёкозунагаас эхлээд Макүүчи буюу дээд зиндаанд арван монгол бөх, Жүрёод долоон бөх барилдаж байна. Сүүлийн үед хүч түрэн орж ирж байгаа бөхчүүдээс Тоттори аймгийн Жёохокү ахлах сургуулийн сумогийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгсөөд, шил шилээ даран мэргэжлийн сумогийн дэвжээнд орж, сумо сонирхогчдод Жёохокүгийн монгол хүчтэнүүд хэмээн танигдаж буй А.Баасандорж Такануива, Г.Ган-Эрдэнэ Тэрунофүжи, А.Ичинноров Ичиножёо нартай хөөрөлдсөн нөхөрсөг яриаг элдэв чимэг хачиргүйгээр хүргэе.
Арлын Япон улсын үндэсний бөх Сумог донсолгож байгаа ирээдэйн аваргууд болох Монгол бөхчүүдийн хүүхдээрээ гэмээр зан аашийг илэрхийлсэн хөгжилтэй ярилцлага болсон
Адьяагийн Баасандорж – Такануива
– 1990 оны 2 сарын 25-нд Улаанбаатарт төрсөн
– 13 наснаасаа чөлөөт бөх, жудогоор хичээллэсэн
– 16 настайдаа Тоттори аймгийн Жёохокү ахлах сургуульд орсон
– 16 наснаас дээш хүүдүүдийн сумогийн хөнгөн жингийн дэлхийн аварга
– Бүх японы ахлах сургуулын Сумогийн аваргын 2- р байрны шагналт
– 2008 онд Таканухана дэвжээнд орсон
– 2012 онд Жюүрёо 2014 оны 1 сард Макүүчи тойрогт чансаа ахисан
– Домогт Их аварга Таканухана дэвжээнээс төрсөн анхны Сэкитори
Гантулгын Ган-Эрдэнэ – Тэрунофүжи
– 1992 оны 3 сарын 29-нд Улаанбаатарт төрсөн
– 16 настайдаа монгол үндэсний бөхийн хүүхдүүдийн тэмцээнд түрүүлсэн
– 17 настайгаасаа жудогоор хичээллэж эхэлсэн
– 18 настайдаа Тоттори аймгийн Жёохокү ахлах сургуульд орсон
– 2011 онд Магакү дэвжээнд орсон
– 2013 онд Харүмафүжи аварга байдаг Исэгэхама дэвжээ лүү шилжсэн.
– 2013 онд Жюүрёод түрүүлсэн
– 2014 оны 3 сард Макүүчи тойрогт чансаа ахисан
Алтанхуягийн Ичинноров – Ичиножёо
– 1993 оны 4 сарын 7-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн
– 14 наснаасаа үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн
– Тоттори аймгийн Жёохокү ахлах сургуулын туслах дасгалжуулагчаар жил ажилласан
– 2013 оны бүх японы Жицүгёодан (Ажилтан, албан хаагч нийгэмлэгийн улсын аварга шалгаруулах) тэмцээнд түрүүлж Ёкозүна болсон
– 2014 оны 1 сард Минато дэвжээнд орсон
Мэргэжлийн сумод орохдоо Макүшита тойргийн 15-д чансаа бичигдэж гараагаа эхэлсэн анхны монгол бөх Макүшита, Жюүрёо тойрогт ердөө хоёрхон башёо барилдаж, дээд тойрог Макүүчид орсон сумогийн түүхэнд цоо шинэ амжилтуудыг гарган, асар богино хугацаанд Сэкивакэ цолтой болов. Мөн Жюүрёод түрүүлж байсан. Монгол бөхчүүдээс анх удаа нүүдэлчин Малчин айлын хүү Сумод орж цоо шинэ амжилтуудыг үзүүлж байна хэмээн япончуудыг шагшруулж байгаа.
– Есөн сарын башёод анх удаа макүүчи тойрогт барилдсан Ичиножёо нэг аварга, хоёр Оозэкийг өвдөг шороодуулж, 13 даваад ямар санагдаж байсан бэ?
Ичиножёо: Үнэндээ ийм олон давна гэж бодоогүй
-Давааны тоог хоёр оронд хүрнэ гэж тооцоолж байсан биш үү?
Ичиножёо: Арав давчих хүсэл байсан арван гурав гэж санаагүй
Такануива: За битгий худлаа хэл. Эхнээсээ л арваас дээш давна гэж бодож байсан биз дээ
Тэрунофүжи: Үнэнээ хэл л дээ битгий нэрэлх (Инээв)
– Мэргэжлийн сумод сүүлд хөл тавьсан дүүгийнхээ амжилтын талаар хоёр ах юу гэж бодож байна вэ?
Такануива: Гайхамшигтай бахдам сайхан…
Тэрунофүжи: Бидний чадаагүйг чадсанд баярламаар….
Такануива: Нэг мөр түрүүлчихсэн бол ч (Нүдээ ирмэв)
– Түрүүлчих санаа байсан юм биш үү?
Ичиножёо: Сүүлийн өдрүүдэд бага зэрэг бодогдсон
– Тодорхой хэлбэл хэзээнээс?
Ичиножёо: Ёкозүна Какүрюү ахыг давсанаас хойш
– Сумогийн шинэ од болоод бодитойгоор ямар нэгэн юм мэдрэгдэж байна уу? Өдөр дутмын амьдрал зэрэгт?
Ичиножёо: Одоогор мэдрэгдсэн зүйлгүй. Завгүй л болсон.
Такануива: Есөн сарын башёо дуусаад амралтаараа бид гурав нэг орой хоол идэхээр гараад, гэрлэн дохио хүлээгээд зогсч байтал замын нөгөө талаас хүмүүс Ичиножёо гэж даллаж дуудаад л дагаж гүйгээд, таарсан зөрсөн хүн бүр гар барьж хуйлраад л хамт байгаа бид хоёрыг тоох хүн бага байсан шүү. Алдартай хүн ч өөр байна лээ шүү. (Жуумалзав)
Тэрунофүжи: Өнөөдөр Бүх японы аварга шалгаруулах барилдаанд (Өнгөрсөн 10 сарын 6-нд болсон) Ичиножёо гэж уухайлж буй үзэгчийн тоо япон бөх Эндоог дэмжигчдээс илүү хол давсан санагдсан. Энэ бол Ичико олны анхааралыг татаж байгаагийн илрэл шүү дээ (Инээв)
Ичиножёо: Болио тэр ч юу юм бэ (Ичингүйр ч инээв)
– Ичиножёогийн инээж байгаа төрх өхөөрдмөөр юм байна шүү
Ичиножёо: Хүмүүс тэгээд л байдаг юм.
Тэрунофүжи: Хөөрхөн шүү (Нөгөө хоёр нулимсаа гартал инээв.)
– Хэдэн онд японд ирсэн билээ?
Такануива: Би 2006 оны 3-р сарын 26- нд ирсэн
Тэрунофүжи: Ичико бид хоёр хамт 2010 онд ирсэн.
– Ичиножёотой анх уулзахад ямар санагдаж байсан бэ?
Тэрунофүжи: Би жин хүндтэй, үеийнхэн дотроо биеэрхүү болохоор жудогийн бэлтгэл хийх хүн бараг байхгүй Ичико анх ирсэн өдөр багш бид хоёрыг барилдуулж, анх танилцаж байсан. Хөдөөний ичимхий зантай дээрээ том биенээсээ гармааргүй намуухан дуугаар амандаа бувтнаж ярьдаг. Юу хэлж байгаа нь эхэндээ ойлгогдохгүй. Арай тэнэг биш биз дээ гэж бодож байсан. Одоо ч ах дүү шиг дотноссон доо.
Ичиножёо: Тотторид сургуулийн дотуур байрны нэг өрөөнд бид хоёр цуг амьдардаг байлаа. Миний хувьд Тэрунофүжи нэлээн аархуу, жудогоор сайн барилддаг, намайг нухчидаг болохоор их цэрэвдэг байлаа (Тэрунофүжи руу харав)
Такануива: Монголд би ч бас адилхан жудогийн клубт байсан. Дээд ангид Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар байсан
– Такануива энэ хоёртой анх яаж танилцаж байв?
Такануива: Манай Жёохокү сургууль жил бүр таван сарын алтан долоо хоногийн амралтаараа манай дэвжээнд (Таканухана) бэлтгэл хийдэг уламжлалтай. Энэ хоёр ч бас ирсэн. Макүшитад барилддаг надаас илүү бие томтой болохоор гайхсан л даа. Бэлтгэл дээр Тэрунофүжи тамир тэнхээтэй, мундаг байсан. Ичико ч сул муу байсан. Ичико сонсож байна уу? Идэхээ боль. Ярианд оролц. (Инээв)
Тэрунофүжи: Тэр үед бид хоёрыг бацаанууд юу л шалив гэж басаагүйд чинь баярлалаа. (инээв) Тэр бэлтгэлийн үед Ичико гэмтээд нэг хэсэг бэлтгэл хийгээгүй зөвхөн хүчний дасгал хийж байсан. Нилээн дараа барилдсан чинь төрөл арилжсан юм шиг хүчтэй барилдаанч, барахын аргагүй амьтан болчихсон.
Ичиножёо: Гурван сар орчим бэлтгэл хийгээгүй. Тэр жилийн ахлах сургуулын бүх японы аварга шалгаруулах тэмцээний багт ч ороогүй. ХаринТэрүнофүжи маш сайн барилдсан.
Такануива: Өрсөлдөгч нөхдүүд Тэрунофүжигийн бие, нэр хоёроос сүрдээд бэртэхгүй, салахын түүс болоод олигтой барилдаагүй ч байж болох юм. (Инээв)
– Ичиножёо хэдэн настайдаа Улаанбаатарт ирсэн бэ? Сонин сайхан санагдаж байсан уу?
Ичиножёо: Шөнийн гэрэл гэгээ өдөр шиг их гоё санагдсан. Арван гурван настайдаа орж ирсэн. Хөдөө бол хүн, малаас өөр юмгүй шахам шүү дээ
Тэрунофүжи: Чиний хотод ирээд хамгийн их гайхсан нь Тэрунофүжи миний бяр тэнхээ байсан биз дээ? (Инээв)
Такануива: Улаанбаатарын шөнийг гайхаж байсан нөхөр хөдөөнөөс шууд японд ирвэл ч ухаан алдаж унах байж дээ. Бид хоёр хотынх шүү
– Сумогийн бэлтгэл барилдаанд хурдан дассан уу?
Такануива: Осакагийн Кансай онгоцны буудлаас шууд миний орох ёстой сургууль хамтарсан бэлтгэл хийж байсан. Хоодокү ахлах сургуульд хүргэгдэж очоод өглөө босоод бэлтгэл хийсэн миний орох Тоттори Жёохокү, Хоодокүгийн ахлах сургууль аль аль нь сумогоор бүх япон дотроо тэргүүлдэг шүү дээ. Эхэндээ дунд сургуулийн дүү нартаа ялагдаж байлаа. Бэлтгэл хүнд шүү. За даа би ч юу зорьж яваад, ямар гээч газар орчих нь энэ вэ? Үхжээ… Бурхан минь гэж бодсон. (Залбирав)
Тэрунофүжи: Бид хоёр ч ялгаагүй гурван сарын 26-нд Токиогийн Нарита онгоцны буудал буугаад 27-нд Тотторид очоод 28-наас бэлтгэл эхэлсэн. Биеэр жижиг япончуудыг юу л шалив гэж Ичикотой ярьж байсан юм. Барилдаад үзсэн чинь бардаггүй шүү. Эхэндээ ч ёстой нөгөө арчуулна гэдэг нь болсон доо (Толгой сэгсрэв)
– Ичиножёо ирсэн даруйдаа эмэгтэй сумочдод ялагдсан сураг байсан
Ичиножёо: Үнэн. Унаж байсан.(Ичингүйрэв)
Тэрунофүжи: Би арай ч охидуудад ялагдаагүй шүү.
– Тоттори аймгийн Жёохокү ахлах сургуулын Ишиура багш бэлтгэл дээр их хатуу гэж сонссон
Такануива: Аймшигтай хатуу. Бэлтгэлийг халтуурдвал нүцгэн бие дээр хулсан бороохойн аянга бууна даа. Нэг удаа Кюүшюү мужийн Мэдээллийн их сургуулын оюутнуудтай хамтарсан бэлтгэл хийдэг юм байна. Бид нар оюутнуудтай ана мана үзэлцэв. Буцаж ирээд багш өнөөдөр та нар муу барилдаж бэлтгэлийг оромдлоо гээд шууд бэлтгэл хийлгэсэн. Олон километр явсан замын ядаргаа гараагүй байхад шүү дээ. Үе үе өдөрт хоёр удаа бэлтгэл хийлгэнэ. Нэг цаг 30 минутын дотор гар дээрээ 1000 суниана. Эхэндээ маш хэцүү л дээ. Долоо хоног тасралтгүй хийхэд сүүлдээ нэг суниалтаар 700 суниадаг болдог юм билээ. Хүн хатуу бэрх, сайн сайхан аль алинд нь амархан сүлэгдэж дасдагыг мэдэрсэн. Амьдрал баялаг шүү дээ. Кодомицүки ( Зодог тайлсан Оозэки) сурч байх үед багш зүйрлэхийн аргагүй хатуу байсан. Одоо бол зөөлөн болсон гэж сонссон
Тэрунофүжи: Бидэнд хорь суниана гэдэг хүнд байсан. Тиймээ Ичико ? Одоо чи чадах уу?
Ичиножёо: Харин тийм. Гуч бол ч чадна шүү.
Тэрунофүжи: Аймаар гэхээсээ илүү загнадаг. Үг нь маш хорон хүндээр тусдаг. Монгол руугаа буц. Чам шиг юм хэрэггүй гэж загнуулаад шар малтана. Шарлахаад уйлж байлаа.
Ичиножёо: Ирсэн эхний жил намайг бас буц гэж загнадаг байсан.
– Гомдохгүй юу?
Ичиножёо: Гомдоно (Үнэн сэтгэлээсээ хэлж буй бололтой)
Тэрунофүжи: Ичико өхөөрдмөөр шүү. Асуултад удаан хариулдаг хүн багшдаа хөөгдөөд гомдсон уу гэж асууж дуусаагүй шахам байхад гомдсон гээд ямар хурдан ганц үгээр хариулчихваа (Инээв)
Ичиножёо: Хоёрдугаар ангид орсоноос хойш буц гэж хөөхөө больсон.
Тэрунофүжи: Багш биднийг сайн бөх болгохын тулд хэлдэг байсан юм. Сайн барилдаад ирэхээр юу ч хэлэхгүй.
Такануива: Ишиура багш хэнд хэзээ юу хэлэх үү, энэ хүүхэд яавал сайн бөх болох уу гэдгийг маш сайн мэддэг сурган хүмүүжүүлэгч. Тийм ч болохоор мэргэжлийн болон сонирхогчдын сумогийн дэвжээнд олон хүчтэнийг төрүүлсэн биз. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг зүйр үг байдаг биз дээ?
– Бэлтгэлээс гадна буруу зөрүү зүйл хийж шийтгүүлж байв уу?
Тэрунофүжи: Монгол дөрвөн сурагч дотуур байрны утсаар сард нэг удаа монгол руу залгах эрхтэй. Сайндаа арван минут орчим ярина. Гэр орноо санаад үе үе зөвшөөрөлгүй ярьчихна. Сарын төлбөр нь зуун мянган иэн даваад явчихсан. Бид дөрвөөс өөр гадаад руу ярих хүнгүй дороо л баригдсан. Бөөн айдас. Өөрсдөө төлбөрөө хий гэж багшид тархиа эргэтэл загнуулсан. Манай сургуулын монгол дасгалжуулагч Гантөгс багш юу ч гэсэн би төлчихье. Дараа нь та нараас мөнгөө авна шүү гэсэн. Бид нар ч бага багаар төлж дуусгасан даа.
– Та нарт мөнгө байсан юм уу?
Тэрунофүжи: Монголоос бүгд л тодорхой хэмжээний хармааны мөнгөтэй ирсэн л дээ
Такануива: Байр, хоол бүгд сургуулиас гардаг болохооор мөнгөний хэрэг гардаггүй. Та хэд дураараа утас хэрэглэдэг задарсан нөхөд байж дээ.
– Хоол ундандаа амархан дассан уу?
Такануива: Сургуулын чанко (Сумочдын халуун тогооны хоолыг Чанко гэнэ) тасархай амттай. Ишиура багш өөрөө амталдаг. Би эхэндээ ганцхан чанко иддэг. Дандаа нэмдэг байлаа.
– Загас идэх үү?
Ичиножёо: Мэргэжлийн сумод ороод Сүшид улам дуртай болсон.
Такануива: Сүши надад эхлээд амтгүй санагдсан.
– Дургүй хоол бий юу?
Тэрунофүжи: Карри шавар шиг лаглайсан үнэр өнгө нь нэг л биш (Ярвайв)
Ичиножёо: Би ч адил карри одоо ч идэж чадахгүй. Барахгүй юм билээ (Толгой сэгсрэв)
Такануива: Та хоёр классик карри идэж үзээгүй. Энд тэндэхийн хямдаас өөрийг мэддэггүй болохоор аргагүй шүү дээ. Карри гоё шүү дээ. (Инээв)
– Хоол гэснээс Ичиножёо жин хаяж байгаа гэлүү?
Ичиножёо: Тийм
Такануива: Чи жин хасна гэж байхгүй.Агаар ахиухан сорсон ч таргална. Бүтэхгүй.
Ичиножёо: Чи арай дэндүүлж байна. Арай ч дээ.
Такануива: Манай дэвжээнд хоол шальтай иддэгүй мөртлөө унтаад босоход жин нэмэгдээд байдаг залуу бөх бий гайхмаараа гэж. ( Дуулав)
Тэрунофүжи: Би ч ялгаагүй унтаад байвал жин нэмэгддэг. Хөлсөө асгартал саунд суугаад гарахад зуун грамм жин өсчихдөг:
– Ичинужёо одоо жин хэд вэ?
Ичиножёо: За байз хэд билээ дээ?
Тэрунофүжи: Чи хэлмээргүй байгаа юм уу?
Ичиножёо: Ойрд жингээ үзээгүй болохоор мэдэхгүй байна
Тэрунофүжи: Сайхан заллаа даа. (Инээв)
– 199 кг гээд тогтоочих уу?
Ичиножёо: Ойролцоогоор 200 кг байхаа.
Тэрунофүжи: 199 кг 200 кг ялгаагүй биз дээ (Бүгд инээв)
Ичиножёо: Яг 200.
– Японд ирэхдээ хэдэн кг байсан бэ?
Ичиножёо: 132 кг
Такануива: 75 кг. Хоёр дахин жин нэмээд одоо 150 кг.
Тэрунофүжи: Ичико ч бас хоёр дахин жин нэмэгдэх л юм байна даа.(Инээв)
Ичиножёо: Би арай ч хоёр дахин нэмэхгүй.
Тэрунофүжи: Гурван зуу өлхөн биш үү. Сумод байгаагүй жин шүү хө.(Инээв)
Ичиножёо: Тэр ч үгүй шүү. Арай хэтрүүлж байна.
– Хүнд хөнгөний сэдвээ орхиё. Ирээдүйн гэргийгээ хэрхэн төсөөлж байна?
Ичиножёо: Даруу дөлгөөн, зөөлөн, сайхан сэтгэлтэй, хөөрхөн
Тэрунофүжи: Миний хувьд үерхдэг найз охин минь.
Такануива: Айл гэрийг аваад явах ухаантай, төлөв. Жишээлбэл Фүкүда Кёоко гэдэг японы жүжигчин шиг намба төрхтэй.
– Удахгүй эхлэх башёод Ичиножёо Сэкивакэ цолоо баталж барилдана биз дээ?
Ичиножёо: Тачиайд зайлахгүй урагшаа давшиж, барьцандаа хүрч тавин хувийн амжилттай барилдахыг зорино.
Такануива: Зайлахгүй шууд давшиж барилдах юм бол би чамайг зайлчих юм байна. Чи ч урагшаа чигээрээ дайрч барилдана гэж хэлэнгээ есөн сарын барилдаанд зайлж харагдсан шиг санагдаж байна. Би андуурч байна уу? Би ерөөсөө зайлдаггүй. Цаашид ч зайлж бултахгүй.
Тэрунофүжи: Би ер зайлдаггүй. Ганцхан удаа л зайлсан барилдаан бий.
Такануива: Есөн сарын башёод Оозэки Котошёогикүгаас зайлсанаа ярьж байна уу?
Такануива: Урагшаа сөрж, шулуун мөргөнө гэж молиг үмхүүлэх вий дээ та нар.
Тэрунофүжи: Мөргөхдөө зайлахаар Оякатад бангадуулдаг. Ирэх сард байгаа нөөцөө сайн ашиглаж барилдана.
Такануива: Би башёогийн эхний хагаст бие жигдэрч өгдөггүй. Дандаа сүүлийн хагаст сайн байдаг зуршилтай. 11 сард эхнээсээ л нисгэж өгөөд арав давна.
– Та нарт баярлалаа. Амжилт хүсье.
www.bukh.mn сайтын сумо бөх хариуцсан сурвалжлагч: В.Даваа
Токиогоос