Төрөхийн өмнө тодорхой бэлтгэлтэй байх нь амар тайван, санаа зовох юмгүй төрөхөд чухал нөлөөтэй. Жирэмсний 38 дахь долоо хоногоос хойш хэзээ ч төрөх магадлалтай учраас 38 долоо хоногтойдоо бэлтгэлээ бүрэн хангасан байвал жирэмсэн эхийн сэтгэлзүйн хувьд сайн нөлөөтэй.
Ямар бэлтгэл хийх хэрэгтэй вэ?
1- Жирэмслэлт ба төрөлтийн талаар тодорхой мэдээлэлтэй болох,
2- Өөрийн биеийг төрөлтөд бэлтгэх (төрөх явцад дүлэх, амьсгалах дасгалууд),
3- Төрөх эмнэлэг ба эх барих эмчээ сонгох,
4- Эмнэлэгт хэвтэхэд юу бэлтгэх ёстой вэ? зэргийн бэлтгэлүүд зайлшгүй шаардлагатай болно.
1- Жирэмслэлт ба төрөлтийн талаар мэдээлэлтэй байх
Эмэгтэй хүн жирэмсэн болсон цагаасаа эхлээд хэрхэн жирэмсэлдэг, жирэмслэлтийн явцад хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг, үүнээс үүдэх зовиурууд, анагаах аргууд, жирэмсэн үеийн хооллолт, ургийн бойжилт, урагт нөлөөлөх дадл зуршлууд, эмчийн хяналтанд байхын ач холбогдол, төрөлт, төрөлтийн дараах асаргаа, нярай хүүхдийн асаргаа, хооллолт, гэр бүл төлөвлөлт зэргийн сэдвээр мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах эсвэл энэ талаарх ном сэтгүүлээс судалж мэдэх ёстой. Ингэснээр жирэмслэлт, төрөлт ба хүүхдийн асаргаанаас айх эмээх зүйлгүй болно. Мэдлэгтэй, өөртөө итгэлтэй, тайван эмэгтэйн жирэмслэлт болон төрөлт нь бусадтай харьцуулахад хамаагүй амархан байх болно.
2- Төрөлтөд бэлтгэх дасгалууд
Эмчийнхээ зөвлөгөөгөөр жирэмсний 4 сараас эхлээд төрөх хүртлээ жирэмсний үед хийх бие суллах ба амьсгалын дасгалуудыг тогтмол хийж байх нь төрөх үед, төрсний дараа ч жирэмсэн ихэд маш их тустай. Дасгал хийснээр хүний биеийн булчингууд уян хатан болдог учраас жирэмсний үед хатуурах, хэт шахалтаас үүсэх зовиурууд багасч, төрөх явцад савны агшилтыг түргэсгэхэд тустай байдаг. Савны агшилтад тохируулан амьсгалаа авч, гаргах, биеэ суллах нь төрөлтийг удирдаж буй эмнэлгийн багтай сайн хосолж, өвдөлтийг илүү бага мэдрэх болно. Мөн түүнчлэн эхэст очих цусны хэмжээг нэмэгдүүлснээр эх өөрөө ч өдөр тутамд хямрах, стресстэх нь бага байдаг байна.
2.а- Амьсгалын дасгалууд
Амьсгалын дасгалыг жирэмсний 4 дэх сараас эхлэн төрөх хүртлээ өдөр бүр 15-20 минутаар 1 удаа хийж байхад хангалттай. Дасгалыг хийхдээ: Тухтай газар завилан сууна. Сууж байхдаа ахар сүүлээ гэмтээхгүй, өгзөг, нурууны өвчнөөс сэргийлэхийн тулд дороо дэр ивж болно. Амьсгалын дасгалыг хэрхэн хийхийг мэргэжлийн хүнээс сурч авах нь зүйтэй. Амьсгалын дасгал дараах хэлбэрээр хийнэ. Хамраараа амьсгаа авч, амаараа амьсгаагаа гаргана. Амьсгаа гаргахдаа уруулаа бага зэрэг жимиийгээд үлээж гаргана. Үлээж байгаа чимээг та өөрөө сонсох ёстой.Амьсгал авч, гаргах явцад удаан гэгч нь 4 хүртэл тоолно. (эсвэл нөхөр тань хажууд чинь 4 хүртэл тоолоод өгч болно). Дасгалыг хийх тусам амьсгалын багтаамж ихсэх тул тоолох тоогоо нэмж болно. (тав, зургаа, долоо…).
Амьсгаа авахдаа эхлэд гэдсээ, дараа нь уушгаа дүүргэнэ. Гэдсээрээ амьсгалахдаа гэдэсний ханыг чангалж байгааг мэдэр. Ингэж гэдсээр амьсгалах нь жирэмсний үеийн өтгөн хатах зовиураас урьдчилан сэргийлнэ. Амьсгалаа гаргахдаа биеийнхээ гэдэснээс өвдөг хүртэлх хэсгийг шээж байгаа юм шиг суллаж өг.Амьсгал авах дасгалыг хийх үед аль болох гадны дуу чимээнээс хол газар нүдээ аниад хийж буй дасгалдаа анхаарлаа сайн төвлөрүүлэх ёстой.
2.б Биеэ суллах дасгал
Гимнастикийн дасгал, амьсгалын дасгалын дундуур, дасгалыг дуусгахдаа заавал бие суллах дасгалыг хийж байх хэрэгтэй. Суллах дасгал нь ядарсан булчингуудыг амрааж, цусны эргэлтийг сайжруулж, буцаад хэвэндээ ороход тустай. Бие суллах дасгал нь:
Амьсгалын дасгал болон гимнастикийн дасгал хийж дууссаны дараа тухтай газар дээш харан хэвтэнэ.
Хөлийнхөө шагайнаас, толгойгоо хүртэлх бүх үе мөч, булчингаа суллана. Энэ үед нөхөр тань хажуунаас чинь сулла, чангал хэмээн зааварчилж болно. (Жишээ нь, дэс дараатайгаар эхлээд хөлийн хуруунуудаа, хөлийнхөө шагай хэсгийг, өвдгийг, хөлийнхөө булчинг, өгзөгөө, нуруугаа, мөрөө, гарын бугуйгаа, хуруунуудаа, хүзүүгээ, амаа, хацраа, чихээ, хөмсгөө, зовхио, духаа, толгойгоо сулла) Цэг бүрийн суларч байгааг мэдэр. Сулрах мэдрэмж нь унтаж байгаа юм шиг л санагдах болно.
Энэ дасгалыг ч мөн чимээгүй, тайван орчинд, юу ч бодолгүй, анхаарлаа төвлөрүүлэн хийх ёстой.
Дараа нь гүнзгий амьсгаа авч нүдээ нээнэ. Энэ үед та өөрийгөө амарч, тайвширсан болохыг мэдэрнэ.
Амьсгалын болон бие суллах дасгалыг өөрийн өдөр тутамд хэвшмэл болтол нь дахин давтан хийх хэрэгтэй.
3- Төрөх эмнэлэг, эх барих эмчээ сонгох
Жирэмсний 38 долоо хоногоос хойш эх хэзээ ч төрөхөд бэлэн байдаг учраас та 38 дахь долоо хоног гэхэд төрөх эмнэлэг, төрүүлэх эмчээ сонгосон байвал сайн. Эмнэлгээ сонгохдоо анхаарах зүйлс нь:
– Цэвэрхэн, саруул орчинтой,
– Ажиллагсад нь эелдэг, чанартай, мэргэжлийн хүмүүсээс бүрдэх
– Очиход амархан, аль болох гэртэйгээ ойрхон байршилтай
– Нярай хүүхдийн асаргаа сайтай (эмнэлгээс гарах мөч хүртэл эх, хүүхдийг сайтар халамжлах боломжтой)
– Эрүүл мэндийн даатгал үйлчилдэг, таны төсөв мөнгөнд тохиромжтой байх.
– Жирийн төрөлтөд улсын эмнэлэг хангалттай ч, хэрвээ жирэмсэн эмэгтэйн хувьд эрсдэлтэй нөхцөл байдлууд үүссэн бол бүх талаараа нөхцөл боломж нь сайн хувийн эмнэлгийг ч сонгож болно. (эх, хүүхдийн эрчимт эмчилгээний тасагтай, мэс заслын өрөөтэй гэх мэтийн боломжоор бүрэн хангагдсан)
– Эх барих эмчээ өмнөөс сонгосон бол тухайн эмчтэйгээ сайтар ярилцан тохиролцож, шөнө дунд төрөх магадлалыг харгалзан гэрийн болон гэр бүлийн аль нэг гишүүний утас, хаягийг нь лавлаж асуух нь зүйтэй. Эдгээр мэдээллийг өөрийн гэр бүлийнхэнд өгч, яаралтай төрөх үед тэд ч сандрахгүй, яахаа мэдэж байх нь зүйтэй.