Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багийн малчин А.Батбаатарын хонинд өвчний сэжиг илэрч, өвчний шинж тэмдэг бүхий хониноос авсан дээжинд УМЭАЦТЛ-т 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн шинжилгээгээр “хонины цэцэг” оношлогдсон байна. 2015 оны 1 дүгээр 15-ны мэдээллээр 9 хонинд өвчний шинж тэмдэг илэрч уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу зориудаар устгасан байна.
Цэцгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.
Хонь, ямааны цэцэг өвчин нь өндөр халуурал, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. Өвчтэй мал, амьтныг гардан эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. Цэцгээр хонь, ямаа нас, хүйс харгалзахгүй өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэтмгий. Нас гүйцсэн малын өвчлөл, үхэл, хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг ажээ.
Эх сурвалж: www.dorgio.mn