Нийслэл Улаанбаатар хотод улиасны цагаан хөвөн энд тэндгүй хийсч байна. Жил бүрийн энэ цаг үед улиаснаас цагаан хөвөн ялгардаг нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар БОНХЯ-ны ойн мэргэжилтэн Ч.Мөнгөншагайгаас тодрууллаа.
-Нийслэлийн гудамж талбайд ургасан улиасны хввөн унаж эхэлсэн. Ер нь бүх улиаснаас ийм хөвөн ялгардаг юм уу?
-Хавар намар эр улиас нь эм модондоо тоос хүртээж энэ нь биологийнхоо явцаар нахиа хөөн задарч, үрээ салхиар тарааж эхэлснээс ийнхүү цагаан хөвөн шиг зүйл ялгарч байгаа юм. Энэ нь ойролцоогоор нэг сарын хугацаанд үргэлжилдэг. Тодруулбал, зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 20 хүртлэх хугацаанд улиас мод үрээ салхиар тараадаг гэсэн үг. Энэ бол тухайн ургамлын биолгийн үзэгдэл зогсоох арга байхгүй харин нахиа хөөж задрахаас өмнө арчилгаа таналт хийх л хэрэгтэй.
-Нийслэл хотын yогоон байгууламжийн 70 хувийг улиас мод эзэлдэг. Модноос ялгарч буй энэ үр нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх уү?
-Нийслэл хот хүн амын төвлөрөл их байгаатай холбоотой харшлын өвчлөл ч элбэг байдаг. Энэ нь мэдээж, олон шалтгаантай. Тоос шороо шарилж лууль гэх мэт. Нэг шалтгаан нь улиас модны үрээс болж байна гэдгийг Үдэсний харшил судлалын мэргэжилтнүүд судалсан байдаг. Тиймээс хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй зүйл гэж хэлэх үндэслэлгүй болчихоод байгаа юм.
-Гудамжаар явж байхад нүд, ам руу хийсч орохоос эхлээд хүндрэл бишгүй л гарч байна. Цаашлаад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа энэ зүйлд мэргэжлийн байгууллагууд хэрхэн анхаарч байгаа бол?
-Яг энэ асуудалтай холбогдуулан БОНХ-ын Сайдын А-121 тоот албан даалгавар 2013 оны дөрөвүгээр сарын 17-нд гарч бүх аймаг нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчны газруудад явуулсан байгаа. Хот суурин газруудын ногоон байгууламжид байгаа улиас модонд арчилгаа, таналт хийх энэ ажилд хамрагдах ажилчдад сургалт явуулж байх талаар албан даалгавар
хүргүүлсэн байгаа. Энэхүү ажлын хэрэгжилтийн тайлан ирэх сараас гарна.
-Тэгэхээр энэ жилийн хувьд хот суурингийн ногоон байгууламж хариуцсан газрууд сайдын даалгаврыг дутуу биелүүлснээс энэ асуудал цэгцрээгүй байна гэж ойлгож болох уу?
-Энэ жилийн хувьд сайдын албан даалгавар жаахан оройтож гарсан л даа. Эхний тайралт, арчилгаанаас хойш гарсан учраас аж ахуйн нэгжүүдийг албан даалгавар биелүүлсэнгүй гэх нь өрөөсгөл ойлголт болох байх. Гэхдээ хот тохижилтын газар маань бусад асуудлыг хүлээлгүй авах арга хэмжээгээ аваад л явж байх учиртай. Сайдын албан даалгавартай холбоотой ажлын гүйцэтгэлийг одоо нэгтгэж байна.
-Манай улсад хэдэн төрлийн улиас нутагшиж байна вэ. Зөвхөн эр улиас тариалсан тохиолдолд ургах хугацааны хувьд удаашралтай байдаг талаар зарим мэргэжилтнүүд ярьдаг?
-Манай улсад одоогийн байдлаар 6-7 төрлийн улиасыг нутагшуулаад байгаа. Мод болгон өөр өөрийн арга аргачлалаар өсөж үрждэг. Тухайлбал, чацарганы 8-9 эм суулгацын дунд нэг эр суулгац тарьдаг салхины чиглэлийн дагуу хурдан, тархацтай ургах нөхцөл бүрддэг. Тиймээс хот суурин газрын ногоон байгууламжид тарьж байгаа моддыг зөв сонгож тарих нь чухал юм. Улиас нь өөрөө хурдан ургадаг ямар ч хөрсөнд дасан зохицож ургах чадвартай мод юм. Тухайн модныхоо агро технолгийг сайн баримталж тарих хэрэгтэй. Ер нь бол хот суурин газарт ургаж байгаа модонд бол байнгын арчилгаа тайралтыг тогтмол хийж байх шаардлагатай болдог.
-Иргэд улиасны хөвөнгөөс харшил авахгүйн тулд яавал зохилтой вэ?
Тухайн дүүргээс жил болгон төсөв гарган ногоон байгууламжид ургаж байгаа моддод арчилгаа хэлбэржүүлэлт хийж байгаа. Харин иргэдийн эзэмшлийн хашаанд байгаа модонд иргэд маань өөрсдөө ном сонин ашиглах болон өөрийн дүүргийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэнээс зөвлөгөө авч арчилгаа хийхэд болно. Тэгэхгүйгээр бүх зүйлийг л хот тохижилтынхон мэдэж байгаа гээд орхиж болохгүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.