Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хөдөлмөр зуучлалын нэгдсэн www.myjob.mn сайтыг одоогоос жилийн өмнө ажиллуулж эхэлсэн. Уг сайтаар дамжуулж ажил хайж буй оюутан залуус болон ажил олгогчид өөрсдийн хэрэгцээт мэдээллийг олж авах сайхан боломжийг бүрдүүлж өгсөн юм.
Энэхүү WWW.MYJOB.MN сайтын 1 жилийн ой, оюутан, залуучуудын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан цагийн болон түр ажлын байранд зуучлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, чадварлаг ажиллах хүч нийлүүлэх зорилгоор Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж “PART-TIME” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж байна.
“PART-TIME” хөдөлмөрийн яармагт ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцон нээлттэй байгаа ажлын байруудаа танилцуулж ажил хайгчдаас шууд сонгон шалгаруулалт хийхээс гадна цагийн болон түр ажлын байруудад дан ганц оюутан, залуучууд гэлтгүй ажил хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, чөлөөт цагаараа нэмэлт орлого олохыг хүссэн иргэдийг хамруулахаараа онцлог юм.
Ажил олгогч байгууллагууд “PART-TIME” хөдөлмөрийн яармагт оролцсоноор шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хөдөлмөрийн яармагийн явцад леддэлгэцээр компанийнхаа сурталчилгааг гаргах, хэвлэл мэдээллийн байгууллагад үнэ төлбөргүй нээлттэй ажлын байраа сурталчлах бол ажил хайгчид сонирхсон ажлын байрандаа шууд зуучлагдах, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуйн нэгжээ сонгох зэрэг боломжуудыг олгож байна.
“PART-TIME” хөдөлмөрийн яармагт Вэст Вистэрн Премир Туушин зочид буудал, Тэсо корпораци, Номин холдинг, Скай медиа, Хоме плаза, Нанс кашмер, Сод Монгол групп, Глобал бридж зэрэг үндэсний томоохон ажил олгогч байгууллагууд оролцох юм.
Хөдөлмөрийн яармаг 2015.01.21-ний Лхагва гарагт МЗХ-ны “Залуус танхимд” зохион байгуулагдана.