Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хөдөлмөр зуучлалын ухаалаг систем www.myjob.mn сайтыг одоогоос жилийн өмнө ажиллуулж эхэлсэн билээ. Тус сайтын нэг жилийн ой, оюутан, залуучуудын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан цагийн болон түр ажлын байранд зуучлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, чадварлаг ажиллах хүч нийлүүлэх зорилгоор Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж “PART-TIME” хөдөлмөрийн яармагийг амжилттай зохион байгууллаа.
Уг хөдөлмөрийн яармагт Вэст Вистэрн Премир Туушин зочид буудал, Тэсо корпораци, Номин холдинг, Скай медиа, Хоме плаза, Нанс кашмер, Сод Монгол групп, Глобал бридж зэрэг үндэсний томоохон ажил олгогч 16 байгууллага оролцсон юм. Энэ оны хамгийн анхны “Part Time” хөдөлмөрийн яармагт нийт 1000 гаруй оюутан, залуус хүрэлцэн ирж 589 ажил хайгч бүртгүүлснээс байнгын ажилд 153, цагийн ажилд 288 ажил хайгчийг шууд зуучиллаа. Ажил олгогчдын зүгээс жолооч, зөөгч, хамгаалагч, сурталчилгааны ажилтан, тогооч гэх мэт ажлын байрыг санал болгож байсан бол оюутан залуусын хувьд ажил хичээлийн хажуугаар хийж болох бүхий л ажлын байранд бүртгүүлж байв. Ийнхүү “PART-TIME” хөдөлмөрийн яармагт ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцон нээлттэй байгаа ажлын байруудаа танилцуулж, ажил хайгчдаас шууд сонгон шалгаруулалт хийхээс гадна цагийн болон түр ажлын байруудад дан ганц оюутан, залуучууд гэлтгүй ажил хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, чөлөөт цагаараа нэмэлт орлого олохыг хүссэн иргэдийг хамруулж чадсанаараа онцлог болов.