Нийслэлийн ИТХ-ын даргын урилгаар 2013 оны 7 дугаар сард БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах үеэрээ “Өнөр бүл” төвөөр зочилж, Манай Улсад эмчлэх боломжгүй 2 хүүхдэд хагалгаа хийж өгөхөөр болжээ. Тус төвийн Т.Улаанаа, З.Мөнхзул нар хагалгаа хийлгэхээр БНСУ-ыг зорьсон бөгөөд Т.Улаанааг хагалгааны дараа суумгай болох эрсдэл өндөртэй гэсэн учир өөрийн хүсэлтээр хагалгаанд орохоос татгалзсан байна. Харин З.Мөнхзулд Кёнхи Их Сургуулийн Кёнхи эмнэлэгт Ким Канг Ил эмчээр ахлуулсан мэс заслын баг зүүн хөлийн дунд чөмөг, шилбэний ясыг тэгшлэх, баруун хөлийнх нь хавдрыг авч, яс нөхөх хагалгааг хоёр удаа амжилттай хийсэн аж.
Улаанбаатар, Сөүл хотын ИТХ-ын найрамдалт харилцааны үр дүнд Монгол охинд амжилттай хагалгаа хийжээ
Сөүл хотын ИТХ-ын төлөөлөгч Ян Жун Юүк хоёр удаагийн хагалгаанд өөрийн биеэр очсон бөгөөд цаашид Улаанбаатар хотын ИТХ-тай хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга илгээсэн бичигтээ“ Ян Жун Юүк төлөөлөгч болон Кангдонг Кёнхи Их Сургуулийн эмнэлэг, Сөүл хотын иргэдийн халуун дулаан сэтгэлд тань чин сэтгэлээсээ талархаж байна. Цаашид хоёр орны найрамдалт харилцааны төлөө хичээж ажиллах болно” хэмээн дурджээ гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.