Хүний амьдрал сайхан сэтгэл, хайр, итгэл найдвар дээр тогтож байдаг ажгуу.
Монголчууд бид өвдөж шаналсан нэгэндээ халуун сэтгэл, тусламжийн гараа сунгаж амьдрал бэлэглэсээр ирсэн сайхан сэтгэлт ард түмэн билээ.
Аав ээжийн алаг үр болж ертөнцөд мэндлээд аймшигт өвчинтэй бяцхан зориг зүрхээрээ тэмцэж буй нэгэн “Гэрэлт зүрх”-эд туслах аянд Өглөө.мн сайтын хамт олон нэгдэж байна.
Төрөлхийн цээж нь цөмөрхий, нурууны хүнд гэмтэлтэй ч амьдралын эрч хүч, итгэл үнэмшилээ алдалгүй хүнд өвчинтэй тэмцэж буй бяцхан О.Ундралд охины эмчилгээнд хандив цуглуулах “Гэрэлт зүрх” аяны давалгаанд нэгдэж охинд амьдрал, гэр бүлд нь аз жаргал бэлэглэхийг нийг уншигчдаасаа нийтлэлийн эхэнд уриалж байна.
Өдгөөгөөс 8 жилийн өмнө өөрийн төрсөн дүүгийн өнчин 2 хүүхдийг өргөн авч, амьдрал бэлэглэхээр өнөө хүртэл зүтгэж яваа Монголын мянга мянган ээжүүдийн төлөөлөл болсон нэгэн ээжийн талаар эхлээд дурдья. М.Алдармаа гэгч энэ эмэгтэй 8, 10, 12 настай алт шиг гурван сайхан охинтой “баян” эмэгтэй.
/Гэрэлт зүрх аяныг санаачилагч, зохиолч Шүүдэрцэцэг, Оллоо тв сэтгүүлч, охины ээж М.Алдармаа нар/
“Алт мөнгөөр соливч өгдөггүй, арслан барс дайрсан ч айдаггүй” хэмээх энэхүү оньсогоны хариулт болсон тэр хорвоод үртэй учраас “баян” хүн.
Өдгөөгөөс 8 жилийн өмнө төрсөн дүүгийнх нь гэргий хүндрэлтэй төрөлтийн улмаас хорвоог орхиход нь ой есөн сартай болон дөнгөж төрсөн 2 охиныг нь өргөж авч, ээжийнх нь оронд ээж болж өсгөж хүмүүжүүлэх хариуцлага хүлээжээ.
“Ээжийнхээ алтан амиар хорвоод ирсэн жаахан охин төрөлхийн нурууны хүнд гэмтэлтэй, цээж нь цөмөрхий амьсгалж ч чадахгүй хүүхэд байсан ч төрсөн үр шигээ энхрийлэн өсгөх шийд гаргасан байна. Охинд Ундрал нэр өгч, инкубатороос гарангуут эмчлүүлж эхэллээ. Цээжний цөмөрхий нь зүрх, уушгийг нь дарж, амьсгалахад хэрэгтэй агаарын 50 хувийг л уушиг нь сорно. Намар болж сэрүү унангуут Ундрал ханиад хүрч, хатгаа болон даамжирна. Үеийнхнээсээ оройтож хөлд оров. Эх нялхасын төв, “Ёнсай” эмнэлгүүдээр жил тойрон эмчлүүлсээр хавартай золгодог бяцхан охины өвчний түүх хэдэн боть болж байтал 5 насандаа үс нь унаж эхэлсэн тул “Гурван гал”-д цээжний цөмөрхийг нь татаж гарган, төмөр суулгах хагалгаанд оруулжээ. 6 сая төгрөгийн өртөгтэй хагалгаа амжилттай болж 8 нас хүртлээ тэр төмөртэйгээ явах ёстой байлаа. Гэтэл 2 жилийн дараа төмөр нь цээжнийх нь нөгөө талаар сүлбээд гараад ирсэн тул 2013 онд Эх нялхсын төвд төмрөө авахуулжээ. Охины ээж хагалгаа амжилттай болоход баярлахдаа улсын эмнэлгийн хүнд нөхцлийг хараад зүгээр сууж чадсангүй цэвэр усны 2 аппарат авч бэлэглэжээ.
Яваандаа нурууны муруйлт өсөлтөнд нь нөлөөлж эхэлсэн тул Бээжингийн цэргийн эмнэлэгт очиж нуруунд нь чиг барих өмсгөл хийлгэсэн ч үр дүнгээ өгсөнгүй. 2014 оны хавар Алдармаа охиноо аваад Сөүлийн Кандун Хигийн Анагаахын их сургуулийн эмнэлэгт \Kyung hee university international medical service) нуруунд нь төмөр суулгаж чиг барих хагалгаанд оруулав. Хагалгааны үнэ 65 сая төгрөг болсноос гадна охиныг өсөх тусам нурууны төмрийг нь сунгах 10 цуврал хагалгаа хүлээж байгааг эмч нар дуулгасан гэнэ. Охиноо эрүүл саруул болгохын төлөө Алдармаа шантарсангүй. Өнгөрсөн 8-р сард төмрийг нь сунгах хагалгаанд 23 сая төгрөгөөр оруулжээ.” /зохиолч, сэтгүүлч Шүүдэрцэцэгийн нийтлэлээс авав/
О.Ундрал охин өдгөө нийслэлийн 33-р сургуулийн 3-ын Ж ангид сурдаг. Үеийнхээ охид шиг эрвээхэй хөөж гүйж харайж чадахгүй, үзгээ унагасан ч тонгойгоод авч чадахгүй ч, бяцхан цээжиндээ байнга цээживч зүүж, тэргэнцрээр хичээлдээ явж, жилд 2 удаа хүнд хагалгаанд ордог ч түүний цовоо цолгин зан нь гандан бууршгүй. Ирээдүйд алдартай дизайнер болоод ээжийнхээ ачийг хариулах хүсэл тээсэн бяцхан охин өвчнийг ялан дийлж, хүнд хагалгаанаас хэзээ ч айж шантарч байгаагүйг ээж нь ярьсан юм.
Өөрөөсөө унагаагүй ч өр зүрхнийхээ хайрыг зориулж, ганцаараа 3 охиноо өсгөж яваадаа түүртэлгүй 8 жилийн турш Монголд 20-иод сая, Бээжин, Сөүлд 90 гаруй сая төгрөгөөр Ундрал охиноо эмчлүүлж, дахиад үлдсэн 9 хагалгааны 200 сая төгрөгийг олно, цуглуулна гэж яваа ээжийн алт шиг зүрх сэтгэл, агуу эхийн сэтгэлийг үнэхээр биширмээр.
О.Ундрал охин одоо жил бүр 2 удаа, нийт 8-9 удаагийн төмрөө сунгуулах цуврал хагалгаанд орно. Ийм жаахан биенээс гарамгүй их тэсвэр тэвчээр шаардсан эмчилгээг давж гарах сэтгэлийн хаттай бяцхан охин, эмчилгээний зардлыг нь олохын тулд өдөр шөнөгүй зүтгэж байгаа сайхан сэтгэлт ээж, үргэлж асарч тойлдог 2 сайхан эгч нь, сэтгэлийн мухарт ач охиноо эдгэрээд босож гүйж тоглохыг нь харахыг хүсдэг настай эмээд амьдрал, аз жаргал бэлэглэх “Гэрэлт зүрх” аяныг зохиолч, сэтгүүлч Шүүдэрцэцэг эхлүүлжээ. Тэрбээр “Төрүүлсэн үрээ өвлийн хүйтэнд оршуулгын газар аваачаад хаячихдаг, хүйтэн орцонд орхичихдог хүйтэн сэтгэлтэй эхчүүд зөндөө байхад өргөж авсан өвчтэй охиныхоо төлөө амиа тавьж яваа хүний зүрх сэтгэл яасан их гэрэл гэгээ цацруулна вэ? Би өөрөө ч гурван охины ээж. Яг над шиг гурван охинтой, энэ ээжид туслахгүй байж тэсэхгүй нь. Энэ аяндаа МОНГОЛЫН АГУУ СОЁЛ, УЛАМЖЛАЛЫН МАНААЧ ЗОХИОЛЧ ЯРУУ НАЙРАГЧДАА НЭГДЭХИЙГ ХАМГИЙН ТҮРҮҮНД УРИАЛЖ БАЙНА. ” гэсэн байна.
Охины нэг удаагийн хагалгааны төлбөр дунджаар 23-25 сая төгрөг, нийтдээ 200 гаруй сая төгрөг болох юм. “Гэрэлт зүрх” аяны зорилго нь сайхан сэтгэлт Монголчуудаа нэгдэн бяцхан охин, гэр бүлд нь сэтгэлийн дэм, хагалгааны зардлыг хагасыг нь ч болов олоход туслахыг уриалж буй юм.
Аян хүрээнд 3-р сарын 14-нд “Гэрэлт зүрх” хандивын тоглолт, өдөрлөг хийх юм. 3-р сарын сүүлчээр Сөүлийн Кандун Хигийн Анагаахын их сургуулийн эмнэлэгт \Kyung hee university international medical service)-д хийлгэх нурууны чиг төмөр сунгах хагалгааны 23 сая төгрөгийг цуглуулж өгөх нь хандивын тоглолтыг зохион байгуулж буйгийн зорилго юм.
Өдгөө аянд маш олон хүн нэгдэж байгаа бөгөөд Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Төгсжаргал, МУСТА, дуучин Д.Отгонжаргал, СГЗ Х.Оюунчимэг, яруу найрагч Нэргүй, сонсголын бэрхшээлтэй дугуйчин залуу Ч.Мөнгөндалай зэрэг маш олон хүн нэгдэж, охинд дуу хуур, шүлэг яруу найраг, сэтгэлийн арвин баялаг өглөгөөрөө тусалсаар байна.
/Ч.Мөнгөндалайгийн бяцхан охинд өгсөн сэтгэлийн хандив/
Охинд сэтгэлийн дэм, халуун дулаан үгсээ хайрлах хэн бүхнийг “Гэрэлт зүрх” фэйсбүүк хуудаст /www.facebook.com/pages/Гэрэлт-Зүрх/835645876474105/ нэгдэж, охинд амьдрал хайрлах аяныг хамтдаа түүчээлүүлэхийг уриалж байна.
Хандивын данс:”Голомт” 2015 101282 хүлээн авагч О.Ундрал,
Хаан 5134022211 Хүлээн авагч М.Алдармаа,
“ХАС” 5001302368 хүлээн авагч О.Ундрал
Валютын данс: мессеж илгээх тусгай дугаар:151689.
Охины ээж, эмээтэй харилцах утас:98135589, 5001302368, 96030575
Г.Одонтуяа