Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ

zasagЗасгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 26-нд болж, 20 гаруй асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болно

“Монгол Улсын төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар  хэлэлцээд, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологид суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортын бараа бүтээгдэхүүний 81,9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна.  Экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа нь аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сулыг харуулж байгаа юм. Аж үйлдвэрийн талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, олон салбарт бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтгүй явж ирсэн нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Иймд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах Ажлын хэсэг байгуулан энэхүү баримт бичгийн төслийг боловсруулжээ. Аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүллээ.

1.  Аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай орчныг бүрдүүлэх

2.  Аж үйлдвэрийн бүсийн хөгжлийг тодорхойлон “Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулах

3. Үйлдвэрлэлүүдийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үйлдвэрлэлийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэх

4. Дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий боловсруулах үйлдвэрлэлийг  хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих

5.  Аж үйлдвэрийн салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих

6.  Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, бэлтгэх

7.  Худалдааны таатай орчныг бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх

Эдгээр зорилтуудыг 3 үе шаттайгаар тус бүр 5 жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ

Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаар дамжуулан үзүүлж буй үйлчилгээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлэн ажиллаж байгаа ч үйлчилгээг хэвийн явуулахад шаардлагатай зардлыг төсөвт тусгаагүй. Үйлчилгээний үнэ, тарифыг хэрхэн тогтоох зохицуулалт байхгүй байна. Иймээс холбогдох зардлыг тооцож, үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, төрийн үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд хүргэхэд гарч буй үнэт цаасны, цахим мэдээллийн сан ашигласны, интернэтийн түрээсийн, хэвлэгч машины хорны, эд ангийн элэгдлийн зардлуудыг улсын төсөвт тухай бүрт суулгаж, үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлага тулгарчээ.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, ТҮЦ машинаар хүргэж байгаа үйлчилгээний хөлсийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу тогтоож байхыг холбогдох байгууллагын удирдлагуудад даалгалаа. Мөн ТҮЦ машины ашиглалт, үйлчилгээг холбогдох хуулийн дагуу хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлж, ашиглалт, үйлчилгээтэй холбоотой гарах зардал болон орлогыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайдад, ТҮЦ машинаар зөвхөн хууль тогтоомжид заасан буюу нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо харилцаа, эрчим хүч болон бусад байгууллагын үйлчилгээг хүргэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдээллийн систем бий болгох,” “Иргэдийн өргөдөл, гомдлын мэдээллийн ухаалаг тайлангийн систем” төслүүдийг хэрэгжүүлж төрийн үйлчилгээг орон даяар жигд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор 2014 оны 5 дугаар сард нийт 108 ТҮЦ машин байршуулж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ТҮЦ машинаас 21 нэр төрлийн үйлчилгээ авч байгаа бөгөөд 485 мянган иргэн үйлчлүүлээд байна. Сүүлийн нэг жилийн тооцоогоор ТҮЦ машинаар үйлчлүүлсэн иргэд 4.8 тэрбум төгрөг, нэг иргэн 1 цаг 40 минут хэмнэжээ.

3.0 голч онооноос дээш үнэлгээтэй оюутнууд тэтгэлэг авна

 “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт орууллаа. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөжээ.

-Үндэсний тэтгэлэг:

1.   Баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй гэж

2.   Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй гэж

3.   Доктрын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж

-Урамшууллын тэтгэлэг:

1.   50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш

2.   75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, доктрантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.

“Сургалтын байгууллага суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж журамд өөрчлөлт орууллаа.

Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталлаа

Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

Төрийн сангийн үйл ажиллагааны журам нь төсвийн хэрэгжилтийг орон даяар нэгэн жигд хариуцлагатайгаар хэрэгжүүлэхэд гол түлхэц болохуйц эрх зүйн бичиг баримт бөгөөд журам шинэчлэгдэн батлагдсанаар хөтөлбөрт суурилсан төсвийн хэрэгжилтийг зохион байгуулж, төсвийн хяналт, хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулах цаашлаад төвлөрлийг сааруулах зохицуулалт бий болно гэж үзэж байна. Тодруулбал, төсвийн хэрэгжилтийг хөтөлбөрт суурилан зохион байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өртгийг чухалчилдаг бус үр өгөөж ба өртгийг хамтад нь авч үзэх боломж бүрдэх юм. Мөн журмаар төсвийн байгууллагын төлбөр тооцоог бодит цагийн горимоор гүйцэтгэх, хуулбарласан баримтаар төрийн санд гүйлгээ хийхгүй болж байна.

 Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг дэмжлээ

Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газрын өгөх саналын тухай хэлэлцээд, зарчмын хувьд дэмжлээ. Үйлдвэржилтэд шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээг тодорхойлж, мэргэжилтэй ажиллах хүчнийг дотоод, гадаадын их дээд сургууль, МСҮТ-үүдээр бэлтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах асуудлаар тусгайлсан заалт нэмж оруулах саналыг Засгийн газраас өгөхөөр шийдвэрлэлээ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсын Засгийн газар үйлдвэржилтийн чиглэлээр бодлого, үйл ажиллагаагаа нэн яаралтай эрчимжүүлж, энэ салбарт онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын бие даасан эдийн засгийн байдал, тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч хамтын ажиллагааг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон зарлигийн төслийг боловсруулахдаа үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид болон эрдэмтэн судлаачидтай уулзаж, санал солилцжээ.

ТОВЧ МЭДЭЭ:

– 2014 оны ургацаас дотоодын гурилын үйлдвэр болон Тариаланг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайд олгох мөнгөн урамшуулалтай холбогдуулан “Улаанбуудайн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа. Ингэснээр хүнсний улаанбуудайн нэг тонн тутмын урамшуулал 70 мянган төгрөг болж байна.

– Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёр дугаар илтгэлийг хэлэлцэн дэмжээд, илтгэлийг НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарт хүргүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа.

– Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт  2015-2016 оны улсын хэлэлцээр болон хамтран ажиллах санамж бичиг байгуулсан талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.  Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дүрмийг шинэчлэн баталсан байна.

– Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинарыг 2015 оны 2 дугаар сарын 2, 3-нд Төрийн ордонд зохион байгуулна. Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал, санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ болон Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт нэгдсэн ойлголт, чиглэл өгч, хамтран ажиллах гэрээ байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт болон Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

– АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулах хоёр дахь компакт гэрээний тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцууллаа. Тус корпорацийн дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч буюу Азийн орнуудыг хариуцсан захирал тэргүүтэй төлөөлөгчид гэрээ байгуулах асуудлаар манай улсад ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсэгтэй энэ оны 1 дүгээр сарын 27-нд уулзалт хийхээр товложээ.

– 2014 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга С.Эрдэнэд даалгав.

– 2014 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотод зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хоёрдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын дэд сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Г.Байгальмаад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …