Хуулийг гууль болгодог “Хурд” компанид өнөөдөр арга хэмжээ авах эрх мэдэлтнүүд энэ төрд лав алга. Учир нь өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллын урд талбайд “Хурд” компани хууль бусаар барилга барихаар барилгын ажлаа эхлүүлж оршин суугчид нэлээд маргаан үүсгээд байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл нэг хэсэгтээ л барилгын ажлаа зогсоогоод байсан тус компани өнгөрсөн баасан гарагаас эхэлж том оврын техник хэрэгсэлүүдээ оруулж тус байрны оршин суугчдын тав тухыг дахин алдагдуулж эхэлсэн байна.
Уг барилга барих гэж буй талбай нь “Суруга Монгол” компанийн нэр дээр 100 хувь одоо хүртэл байгаа гэдгийг албаныхан нотолсоор байгаа. Гэтэл юуны учир бусдын эзэмшил газар хүч түрэмгийлэн шуурхайлан орж барилгын ажлаа эхлүүлэх болов гэдгийг олон хүн сонирхож байна.
“Хурд”-ын барилга хууль бус гэдгийг дахин хэлье
Эл газрын асуудлаар Хот байгуулалт дэд бүтцийн хяналтын албаны дарга Н.Эрдэнэтуяатай дахин уулзаж барилга барих зөвшөөрөл өгсөн талаар асуухад “Хурд” компанийн зүгээс бидэнд одоог хүртэл ямар ч албан ёсны бичиг баримтаа авчирч үзүүлээгүй байна.
Барилгын ажил эхлэх ёс байхгүй дээ. Бид тус компанид удаа дараа бичиг баримтаа авчрахыг шаардаж байгаа боловч холбогдох албан тушаалтнууд нь ирэхгүй байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт манай архитектор хойноос нь хөөцөлдөж байгаад арай гэж нэг зурган схем олж ирсэн. Уг схемээр бол битүү чигжсэн өндөр барилгын зураг байна билээ. Ер нь арга заль ихтэй хүмүүс тус компанид байдаг бололтой. Гэхдээ тэд хуулийн өмнө толгой гудайлгах цаг ирэх байлгүй дээ.
Ямартай ч анхны батлагдсан зураг төслөөрөө бүх бичиг баримт хадгалагдсан байгаа гэдгийг оршин суугчдад баттай хэлж чадах байна. Гайхаад байна л даа “Хурд” компанийг юунд тэгтлээ их найдаж байгаа юм бол гэдэг л хачирхалтай байна” гэсэн юм.
Албаныхан өөрсдөө “Хурд” компанийн хууль бус үйлдлийг алсаас удирдаад байна гэж байсан. Ар тал ихтэй тус компанид хэд хэдэн нөлөө бүхий улстөрчид эл компанийг толгойлдогийг хүн бүхэн мэднэ. Товчхондоо оршин суугчид барилга барихыг огтоос эсэргүүцээгүй. Зөвхөн Монголд байхгүй гоёмсог хорооллыг мөнгөтэй хүний хэрэгсэл болгохгүйгээр анхны зураг төслийн дагуу батлагдсан хаусуудыг бариулахыг л хүсч байгаа юм. Түүнээс орон сууц бариулахгүй гэж хэл ам хийсэн зүйл огтхон ч байхгүй гэж байсан юм.