Хүүхдийн шүдийг арчлах зөвлөгөө

377dce_oral_hygiene_x678УГЖ УДААН ХӨХҮҮЛБЭЛ НҮҮРНИЙ ХЭЛБЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Угж хөхөхөд амны хөндийд гардаг өөрчлөлтүүд хуруугаа хөхдөг зуршилтай хүүхдэд гардагтай ерөнхийдөө адил байдаг. (заалхай зуулт г.м) Хугацааны хувьд удах тусмаа өөрчлөлт үүсэх магадлал их.

Хэрэглэж эхэлснээс хойш 18 сарын дотор өөрчлөлт үүсэх нь бага, харин 36 сарын дотор илэрхий өөрчлөлт ажиглагддаг. 18-36 сартайд хүүхэд өөрөө болихгүй бол зогсоох хэрэгтэй. Сүүлийн үед 2 нас хүртэл болно гэдэг боловч эртхэн болих тусмаа сайн.

   Заальхай зуулт

СҮҮН ШҮД УРГАЖ ЭХЭЛМЭГЦ АРИУН ЦЭВЭРТ НЬ АНХААР

Хамгийн энгийн арга бол хуруундаа марль ороож байгаад буцалсан бүлээн усанд дүрж шүдний өнгөрийг арилгаж өгөх ба хүүхдийнхээ шүдийг 6 нас хүртэл эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй. Мөн аав ээжийгээ даган дурайн угаах дадалд суралцуулах нь зүйтэй. Ингэхдээ хүүхдэд зориулсан оо, сойз хэрэглэнэ. Хоолны давтамж чухал болохоор ойр ойрхон чихэр идүүлэхгүй байх, идэхийг хүссэн үед нь сайн идүүлэх, дараа нь шүдийг сайн угааж өгөх боломжгүй бол ус уух эсвэл амыг нь зайлуулж хэвшүүлбэл их сайн. Шүд цоорч эхэлж байвал цоорол зогсоох түрхлэг түрхүүлээрэй бас араа шүд нь ургаж буйлнаас чөлөөлөгдвөл тэр дор нь цоорлоос хамгаалах түрхлэг түрхүүлэх хэрэгтэй. Ер нь шүдний эмчид үзүүлж тухайн хүүхдэд тохирсон эмчилгээ хийлгэж байнгын хяналтанд байлгахыг зөвлөж байна.
СҮҮН ШҮД УДААН ГАРАХ НЬ ЭМЗЭГЛЭХ АСУУДАЛ БИШ

Сүүн шүд нь эрүү хоншоорт тус бүрт 10 нийтдээ 20 шүд байдаг. Хүүхдийг 6-8 сартай байхад анхны сүүн шүд ургаж эхэлдэг ба 2 нас 6 сартайд бүх шүд нь ургаж дуусдаг. Эхний шүд удаан гарах нь эмзэглэх ноцтой зүйл биш. Мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхдэдээ хангалттай амин дэм, эрдэс бодис агуулсан хоол тэжээл өгч байхыг анхааруулья. Сүүн шүд 5-6 наснаас эхлэн 13 нас хүртэл нь солигдоно. 15 нас гэхэд байнгын шүдний эгнээ бүрэн хэлбэржинэ. Энд анхаарах чухал зүйл бол 5-6 насанд шүд уналгүй хамгийн түрүүнд гарч ирдэг байнгын 1-р их араа шүд юм. Бага насанд нь гарч ирдэг учраас эцэг эхчүүд сүүн шүдтэй андуурдаг.
ЗАЖИЛЖ ИДДЭГ ХООЛ ХҮНС АМНЫ ХӨНДИЙГ ЦЭВЭР БОЛГОДОГ

“Хүүхдийн шүдний бат бөх, эрүүл байдлыг хадгалж цооролтоос сэргийлэхийн тулд юуг голлон анхаарах вэ?” Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахих Хооллох зөв дэглэм баримтлах Байнгын шүдний эмчийн хяналтанд байх Урьдчилан сэргийлэх эм бэлдмэлийг эмчийн хяналтан доор хэрэглэх хэрэгтэй. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсний хэрэглээг зохицуулах, ба хянах нь маш чухал. Үүнд, Сахарозоос эхлэн бүх төрлийн сахар агуулсан хоол хүнсийг үндсэн хоолноос гадна хоол хоорондын амттандаа хэрэглэх нь шүд цоорох өвчнийг ихэсгэдэг тул хоол хоорондын амттанг хэрэглэх хэрэглээний давтамжийг бууруулах. Сахар агуулсан хоол хүнсний дотроос наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлэх тул хоол хоорондын амттаны төрлүүдээс аманд үлдэж, шүдэнд наалдахдаа хялбар амттанаас татгалзах. Зажилж идэх хоол хүнс нь шүлс ялгаруулж, шүдний гадаргууд өөрөө цэвэрших үйлчлэл үзүүлдэг тул хатуулаг хоолыг сайн зажилж идэх. Чихэрлэг хоол хүнсийг идэж уусны дараа амаа усаар зайлах буюу сахаргүй бохь зажлах. Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасах учир орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг амттай уух юмнаас аль болох татгалзах
УГЖНЫ БУРУУ ХЭРЭГЛЭЭНЭЭС БОЛЖ ЭРТ ҮЕИЙН ЦООРОЛ ҮҮСДЭГ

Угжны цоорол гэдэг нь /nursing bottle caries/ хүүхдийн буруу хөхөх дадал өөрөөр хэлбэл бор хоолонд орсон үед удаан хугацаагаар унтахдаа эхийнхээ хөхийг хөхөх, сүү болон чихэртэй шингэнээр угжсанаас үүсч байгаа шүд цоорох өвчний хүнд хэлбэр юм. Энэ үед тэр болгон цооролд өртдөггүй хоншоорын үүдэн шүдний уруул талын гадаргаас эхэлж шүдний бүх гадаргууг нилэнхүйд нь нэг зэрэг хүнд хэлбэрээр гэмтээдэг. Сүүлийн үед угжны цоорол гэж нэрлэхээ больж хүүхэд насны эрт үеийн цоорол буюу early childhood caries гэж нэрлэх болсон. Эмчийн хяналтад оруулан эмчлүүлэх шаардлагатай.
ХУМС ХЭМЛЭХ, ШҮД ХАВИРДАГААС БОЛЖ АМНЫ ХӨНДИЙ ӨВЧИЛНӨ

Хуруугаа хөхөх, уруулаа хазах, хумсаа хэмлэх, хэлээ гаргах, буруу залгих, шүдээ хавирах, амаар амьсгалах нь буруу зуршил юм. Эдгээр буруу зуршлаас болоод хүүхдийн амны хөндий хэл ярианд олон янзын өөрчлөлт үүсч болно. Тухайлбал, шүдний эгнээний өөрчлөлт үүсэх боломжтой. Үүнд шүд орсгой болох, эрүү шаамий болох, тагнай гүн болох мөн уруулын гадна талын арьс салст хуурайшиж гэмтэх гэх мэт.
ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ХЭРХЭН УГААХ ВЭ?

Асран хамгаалагч нь хүүхдийг шүдээ угаасаны дараа хянаж, дутуу угаасан үед гүйцээн угааж өгнө. Асран хамгаалагч нь хөвөн самбайгаар хуруугаа ороон буцалсан бүлээн усанд норгон үүдэн шүдийг цэвэрлэж өгнө. Хөвөн савх хэрэглэх арга ч бас байдаг. Үүний дараа аманд шүдний сойзыг бага багаар хэрэглэх байдлаар хүүхдийг дасгаж эхэлнэ. Асран хамгаалагч нь сууж, хүүхдийн толгойг өвөр дээрээ байрлуулан сойзоор шүдийг нь угааж өгнө (хэвтүүлэн угаах арга). Энэхүү хэвтүүлэн угаах байрлал нь шүдийг зөв угаах, шүдийг хянах боломжтойгоос гадна хүүхдийг шүдээ үзүүлэх байрлалд хэвшүүлэх, дасгахад сайнаар нөлөөлдөг. Хүүхэд өөрөө шүдээ угаах дадал хэвшилтэй болно.
ХҮҮХДЭД ЯМАР ОО, СОЙЗ ХЭРЭГЛҮҮЛЭХ ВЭ

Шүд арчлах хэрэглэгдэхүүнд шүдний сойз, шүдний оо, шүдний завсар цэвэрлэгч сойз, шүдний утас, чигчлүүр мод, ам зайлах, цэвэрлэх уусмал зэрэг орно.

Шүдний сойз: Шүдний сойзыг зөв сонгон авахын тулд сойзны толгой, үс, иш гэсэн үндсэн хэсгийг үндэслэн сонгоно. Сойзны толгой: Тухайн хүний дээд үүдэн 2 шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой. Том толгойтой сойз нь талбай ихтэй, аманд хөдлөх, угаах зай бага байдаг тул шүд бүрийг сайн угаах боломжгүй байдаг. Харин сойзны толгой жижиг байх тусам аманд чөлөөтэй хөдлөх, шүд бүрийг угаах боломжтой байдаг. Сойзны үс: Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь тохиромжтой байдаг. Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэх нь зүйтэй.

Шүдний оо: Шүдний оог дотор эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үрэвслийн эсрэг, үнэр дарагчтай, хүүхдийн оо гэж ангилна. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фтортой оог хэрэглэх нь үр дүнтэй.

Шүд хоорондын завсар цэвэрлэх утас: Шүд хоорондын завсар цэвэрлэх утсаар сойз хүрэхгүй түшилцэх гадаргууг цэвэрлэх зорилготой хэрэглэдэг юм. Түшилцэх гадаргуу нь сүүн ба байнгын шүдний алинд ч шүд цоорох өвчинд өртөмтгий байрлал болдог. Шүдний утас нь лавтай (wax), лавгүй гэж байна. Лавтайг нь хэрэглэх бүрт шүдний түшилцэх гадаргууд зай гарах тул лавгүйг нь голчлон хэрэглэдэг.

Шүдний чигчлүүр: Чигчлүүр нь хуванцар болон модоор хийгдсэн байх бөгөөд гурвалжин, хавтгай, бөөрөнхий хэлбэртэй байдаг. Чигчлүүр нь шүдний завсарын хоолны үлдэгдлийг цэвэрлэхээс гадна энэ хэсгийн өнгөрийг авахад хэрэглэгдэнэ. Чигчлүүрийг хэрэглэхдээ өөрийн шүдний завсарын хэмжээнд тохируулан хэлбэр, хэмжээг сонгох нь зүйтэй.
СҮҮН ШҮДИЙГ ЭРТ АВАХУУЛСНААС ШҮД ЭРҮҮНИЙ ГАЖИГ ҮҮСЧ БОЛНО

Шүд цоорох өвчин зэрэг шалтгаануудын улмаас шүд унах хугацаанаасаа эрт сүүн шүдээ алдах нь шүдний эгнээ зуултанд муу нөлөө үзүүлдэг. Үүний гол нөлөө нь зай багассанаас дараагийн шүдлэх байнгын шүдний байрлалын гажгийг үүсгэнэ. Ялангуяа 1-р их араа шүд шүдлэсний дараа сүүн араа шүдийг эрт алдах нь байнгын хажуугийн шүднүүдийн эгнээний гажгийг үүсгэх шалтгаан болдог. Иймээс эмчийн хяналтанд орж, сүүн шүдний өвчлөлийг эмчлүүлэн өөрийн жамаар унагах хэрэгтэй.

АНХНЫ ШҮД ЦООРЛЫН НЯНГ ХҮҮХЭД ЭЭЖЭЭСЭЭ ШҮЛСЭЭР ДАМЖУУЛАН АВДАГ

Гэр бүлийн гишүүдийн шүд эрүүл, тэр дундаа эхийн шүд эрүүл байх нь хамгийн чухал. Анхны цоорлын нянг хүүхэд голчлон шүлсээр дамжуулж эхээсээ авдаг. Хүүхдийн соскийг амандаа хийх, хоолыг амнаасаа дамжуулж өгөх нь хамгийн буруу зүйл. Үүнийг гэр бүлийн гишүүд бүгд мэддэг байх ёстой. Эх жирэмсэн үеэсээ л шүдний эмчийн хяналтанд орж амны хөндийгөө эрүүлжүүлэх хэрэгтэй.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …