Хэрвээ өдрийн ядаргааг өдөрт нь тайлж байхгүй бол хуримтлагдсаар байгаад архаг ядаргаанд хүргэдэг. Хүн зөвхөн хаврын цагт л ядаргаанд ордог юм биш. Жилийн дөрвөн улирлын турш л ядардаг. Харин хаврын цагт агаарын даралт, улирлын онцлогоос хамаарч хэт ядарсан хүмүүс энэ үед эмзэг болдог. Өдрийн цайнд орсны дараа нойр хүрч, бүх бие суларч, нозоорч, анхаарал төвлөрөхгүй, ажлын бүтээмж мууддаг шинж тэмдэг ихэнх хүмүүст илэрдэг. Энэ нь таны бие ядарсан байна, түр ч болтугай амрах хэрэгтэй гэсэн дохиог бие организм танд өгч байна гэсэн үг. Энэ үед жаахан амраад авахад бие сэргээд ирдэг. Харин нозоорлын байдалтайгаар ажилласаар ажлын цагаа дуус¬гаад гэртээ очиход бие сулбайж, зөөлөн буйдан, орон дээрээс өндийх ч тэнхэлгүй болчихсон байдаг.
Яг ийм байдлаар ажилласаар байвал танд ядаргаа хуримтлагдаад л байх болно. Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайлбарлаж байна. Ядарч сульдсан махбодь ямар ч дархлаагүй болж гадны бүхий л нөлөөнд автамтгай болдог. Иймээс эмч, мэргэжилтнүүд ядрахгүй байхыг, ядарсан бол түүнийгээ тэр дор нь тайлж байхыг анхааруулж байна. Гэхдээ ядаргааг дардаг, тайлдаг шилэгдсэн цор ганц аргыг аль ч оронд олоогүй байгаа юм. Юунаас болж ядрав гэдгээсээ хамаарч ядаргааг дийлэх олон чиглэлийн янз бүрийн арга байдаг.
Ядаргааг ерөнхийд нь бие махбодь, сэтгэл хөдлөлийн гэсэн хоёр шалтгаанаас үүдэлтэй гэж ангилдаг. Оюуны хөдөлмөр эрхэлдэг, өдрийн турш бичиг, цаастай ноцолдож, компьютерийн ард удаан суудаг хүмүүс стресст орохдоо амархан. Тэд хөдөлгөөн, агаарын дутагдалд ажилладаг нь ядрах үндэс нь болдог. Энэ нь даамжирсаар хүзүү мөр нь хөших, толгой өвдөж, нүд чилэх, гар, хөлийн шөрмөс татах гэх эмгэгүүдтэй болж, тэр нь даамжирсаар архаг ядаргаанд хүргэдэг.
Та олон цагаар ажилладаг уу, хийж буй ажлаасаа уйдаж байна уу, тогтмол цагт хооллохгүй байна уу, жижиг гэлтгүй зүйлд уурлаж бухимдаж байна уу, сэтгэл гутрах, түгших мэдрэмж төрж, ирээдүйнхээ төлөө санаа зовдог болсон уу, нойрон дундаа эсвэл өглөө эрт сэрж байна уу, хар дарсан зүүд зүүдлэх тань ихэссэн үү, биеийнхээ аль нэг хэсгээр таргалж байна уу. Эдгээр шинж тэмдгээс илэрвэл та ядаргаанд орж эхэлжээ.
Харин архаг ядаргаанд орсон хүний нойр нь хулжиж, яльгүй зүйлд амархан уурлаж, уцаарлаж, дуу чимээ бүхэн яршигтай санагдаж, халуун хүйтнийг хэт мэдрэх болж, заримдаа шөрмөс нь татаж, толгой эргэж, огиудас хүрч, хоолны шингэц муудаж, ирээдүйг бүрхэг баргараар төсөөлж, бэлгийн дур хүсэл буурч, гэнэт бие засмаар санагддаг.
Ядаргааны шинж тэмдгүүд их бага хэмжээгээр илэр¬вэл яаралтай арга хэмжээ авч ядаргаагаа тайлах хэрэгтэй.
Компьютерийн ард 15-20 суучихаад хэдхэн минут босч, цонхоор алсыг харах, шингэн зүйл ууж, дасгал хөдөлгөөн хийж суниах, эсвэл гадагшаа гарч салхилах зэргээр ажлын байран дээр байх¬даа ядрахаас сэргийлж болно. Хэрэв энэ мэт алхам тутамдаа ядаргаанаас салах, сэргийлэх арга хэрэглэхгүй бол нэг л өдөр архаг ядаргаанд орж мэднэ.
Ядаргаа тайлах дараахь хэдэн аргыг эмч нар зөвлөж байна.
Цөөхөн нэр төрлийн хоол идэхээс зайлсхийж, олон төрлийн янз бүрийн өнгө үзэмжтэй хоол хэрэглэж байх. Хангалттай унтаж амрах. Үргэлж гэгээн сайхан зүйл мөрөөдөж, инээмсэглэж, найзууд, хамт олонтойгоо хөгжилтэй байх. Өглөө босоод цонхоор ч болтугай мандаж буй нар руу харж, өөрийгөө нарны дуусашгүй эрчмээр цэнэглэгдлээ хэмээн төсөөлөх, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, зугаалж, голын эргээр алхах, эрүүл хоололтыг сонгож, долоо эсвэл арав хоногт нэг өдөр нь махан бүтээгдэхүүнээс татгал¬заж сурах, жимс жимсгэнэ, ногоо, дарх¬лааг тэтгэх хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эмчийн заавраар, до¬лоо хоногт нэг удаа нийтийн бү¬жигт явах. Эдгээр энгийн аргаар ядаргааг хялбархан тайлж болно.
Эмч нар ядаргааг тайлах, түүнээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол спортоор хичээллэх юм гэж зөвлөлөө. Өөрийн дуртай спортод до¬лоо хоногт ядаж хоёр удаа цаг гаргавал ядаргаанаас сэргийлнэ.
ДЭМБ-аас явуулсан судалгаанд ядаргаанд өртдөггүй, стресст ордоггүй хүмүүс бол тамирчид гэжээ. Тэд бэлтгэлийн явцад бүхий л бие, булчин шөрмөсөө ажиллуулж, дотоод сэтгэлдээ байгаа бухимдал, стресс зэргээ хөлсөөрөө гадагшлуулдаг аж. Иймээс тамирчид дунд амиа хорлох явдал барагтай бол гардаггүй гэнэ.
Гэр орон албан тасалгаандаа цэцэг тарих, зун хашаандаа ногоо тарьж, хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль ургуулж, арчилж, тордох нь ядаргаа тайлах, сатаарах сайхан боломж гэнэ. Хүн ямар нэгэн зүйлд сэтгэлээсээ татагдан, тэр зүйлийнхээ төлөө өөрийгөө зориулж, эцэст нь үр шимийг нь хүртэх нь хамгийн том аз жаргал, амжилт байдаг. Ийм болохоор цэцэг тарьж, ногоо ургуулах ядаргаанаас сэргийлэх ач холбогдолтой юм.
Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтахад хангалттай гэдэг. Зарим хүмүүс амарч байгаа нь энэ гээд үд хүртэл унтах нь бий. Олон хоног ингээд унтаад байвал амрах биш эсрэгээрээ ядаргаанд ордог байна. Японы судлаачид “Хүн их унтсанаараа биш, дуурь хэр их үзсэнээрээ ядаргаагаа тайлдаг” гэж үзжээ.
Ядаргаанаас гарах нэг арга зам бол урлаг. Уран зургийн үзэсгэлэн сонирхож, дуурь, бүжгэн жүжиг үзэх нь дээд зэргийн амралт болдог байна.
ЯДАРГАА ТАЙЛАХ УЛАМЖЛАЛТ АРГУУД
Монголчууд хэт хотжиж байгаа нь уламжлалт ахуй, заншлаа гээхэд хүрээд байгаа билээ.
Зоогийн газрууд хийцтэй, банштай, борцтой цайгаар үйлчилдэг боловч уламжлалт аргаар хийгээгүй болохоор ийм цайнуудын ид шидийг өнөөгийн хотын залуус бараг мэддэггүй.
Бидний өвөг дээдэс ядаргаанд орж сульдсан хүнийг хонины чанасан толгойн шөл, шийртэй цай, шар будаатай хийцтэй цай зэргээр тордож, тэнхээ оруулдаг байсан. Хонины толгой, шийрийг хуйлхалж, хярваслах үед ядаргаанд орсон хүнийг утаагаар нь утдаг.
Мөн таван цулын шөл, битүү шөлөөр ядаргаа тайлдаг. Шөл, цайг ядаргааг тайлахад ихээр хэрэглэдэг байсан. Цулхир, халгайн үр, хонины толгойн гавлын яс, тойг, дунд чөмөг, бажууны замбага, тасалсан гурил, шар тос, өрөм самарсан, хонины сүүл, өндөгтэй цай гээд олон төрлийн цайгаар ядаргааг тайлна. Эдгээр цайг одоо ч хөдөөгүүр хаврын цагт чанаж уудаг хэвээрээ.
Уламжлалт аргаар ядаргааг хоол ундаар ийн тайлахдаа хам¬гийн гол нь салхи авахуулахгүй, гам сайн барих хэрэгтэй байдаг. Уламж¬лалт анагаах ухаанд гам барина гэдэг нь тан уухаас илүү ач холбогдолтой гэдэг.
Харин орчин үед ядаргаа тайлах, эрч хүч оруулж, толгой сэргээх зорилгоор янз бүрийн арга хэ¬рэглэдэг. Тэдний заримаас сонирхуулъя.
-Унтахынхаа өмнө нэг халбага зөгийн бал идэх
-Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга буцалсан хүйтэн ус уу
-Оюуны хөдөлмөр эрхэлж, амар¬хан ядардаг хүмүүс фосфороор баялаг хүнсний бүтээг-дэхүүнүүд болох хушга, газрын самар, буйлсын самар, вандуй, цурхай загас идэх
-Бие хөшөөгөөд нозоороод байвал зөгийн балтай бүлээн сүү уу.
-Ядаргаатай тэмцэх нэг сайн арга бол усан эмчилгээ. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шүрших. Толгой, цээж, чихээ хүйтэн усаар шавших. Унтахын өмнө тайвшруулах увдистай ургамлын хандтай ваннд орох. Эсвэл хөлөө 42 хэмийн халуун усанд дүрэх. Усан бассейнд хичээллэх.
-Ядаргаа тайлах бас нэг арга бол хөлөө халуун бүлээн, давстай усанд дүрэх юм.
-Мөн ядаргаа тайлах иллэг хийлгэх хэрэгтэй.